Намрын улирал дуусаж, өвөл ойртож буй энэ үед хүрэн баавгай ичээндээ орохоор бэлтгэж, идэш тэжээлээ эрчимтэй хайдаг. Гэвч энэ жил Монгол Улсад баавгай суурьшлын бүс, малчин айл, хот суурин газарт ойртох тохиолдол олноор бүртгэгдэж, хүн, мал руу халдаж, хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан.
Ичээндээ орохын өмнө тарга хүчээ нөөцлөх шаардлагатай байдаг баавгайнуудын хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед байгаль хамгаалал, хүний аюулгүй байдал, зэрлэг амьтдын амьдрах орчны асуудал чухлаар тавигдаж байна.
Баавгай хэзээ ичээндээ ордог вэ?
Хүрэн баавгай ихэвчлэн арав, арваннэгдүгээр сард ичээндээ орж, хавар буюу гурав, дөрөвдүгээр сарын орчим ичээнээс гардаг. Гэхдээ энэ хугацаа нь тухайн жилийн цаг агаар, цасан бүрхүүл, идэш тэжээлийн олдоц, баавгайн нас, хүйс, үржил төллөсөн эсэхээс шалтгаалан өөр өөр байдаг байна.
Ичээнд орохын өмнө баавгай өөхөн нөөцөө нэмэгдүүлэхийн тулд зуны сүүл, намрын улиралд идэвхтэй хооллодог. Жимс, самар, ургамлын үндэс, шавж, загас болон бусад амьтны гаралтай хоол тэжээлээр тарга хүчээ нөхдөг байна.
Ичээнд байхдаа биеийн бодисын солилцоо, зүрхний цохилт, биеийн температур нь буурдаг ч тарвага зэрэг зарим амьтны адил гүн нойронд автдаггүй. Мөн гаднын нөлөөгөөр сэрж, хөдөлгөөн хийх боломжтой.
Өмнөх жилүүдэд баавгай хэзээ ичээнд ордог байсан бэ?
Монголын хөхтөн амьтдын экологийн судлаач Б.Лхагвасүрэн, М.Мижиддорж нарын "The Status of Bears in Mongolia" судалгаанд:
Ихэвчлэн арав, арваннэгдүгээр сард ичээндээ ордог.
Гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд ичээнээсээ гардаг.
Ичээнд байх хугацаа ойролцоогоор 5–6 сар үргэлжилдэг.
Идэш тэжээл элбэг жилүүдэд арваннэгдүгээр сарын сүүл хүртэл ичээндээ орохгүй байх тохиолдол бий гэж тэмдэглэжээ.
Ичээнд орох хугацаанд юу нөлөөлдөг вэ?
Ecology and Evolution сэтгүүлд нийтлэгдсэн хүрэн баавгайн ичээний талаарх тойм судалгаанд дараах хүчин зүйлсийг онцолжээ. /2020/
Агаарын температур: Хүйтрэх нь ичээнд орох үйл явцыг түргэсгэж болно.
Цасан бүрхүүл: Анхны цас, цасны зузаан нэмэгдэх нь идэш тэжээл олох боломжийг хязгаарладаг.
Идэш тэжээлийн олдоц: Жимс, самар, ургамлын үндэс элбэг бол баавгай ичээндээ орох хугацаагаа хойшлуулж болно.
Нас, хүйс, үржлийн байдал: Хээлтэй эмэгчин, бамбарууштай эх баавгай болон эр баавгайн ичээнд орох хугацаа харилцан адилгүй.
Монгол Улсад 2026 онд хүрэн баавгай суурьшлын бүсэд ойртох, малд халдах тохиолдол эрс нэмэгдсэн нь анхаарал татсан асуудал болоод байна.
2026 оны аравдугаар сарын 13-ны байдлаарх урьдчилсан мэдээллээр наймдугаар сараас хойш суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн 997 тохиолдол бүртгэгджээ.
Үүний 80 гаруй хувь нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай байсан байна.
Аравдугаар сарын 23-ны мэдээллээр улсын хэмжээнд хүн, баавгайн зөрчлийг зохицуулах арга хэмжээний хүрээнд 48 хүрэн баавгайг устгажээ. Үүнээс 43-ыг нь албан ёсны зөвшөөрлөөр, тавыг нь зайлшгүй өөрийгөө болон бусдыг хамгаалах нөхцөлд устгасан гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн юм.
Мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчдын тайлбарлаж буйгаар баавгай суурьшлын бүсэд ойртоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болзошгүй байна.
Идэш тэжээлийн хомсдол, амьдрах орчны өөрчлөлт, хүний суурьшлын орчинд хоол хүнс олж сурч байгаа буюу малын сэг зэм, ил задгай хог хаягдал, хүнсний үлдэгдэл зэрэг нь баавгайг суурьшлын бүсэд дахин дахин ирэхэд хүргэдэг байна. Нэг удаа хүнээс хоол олж авсан амьтан тухайн газрыг дахин эрж хайх боломжтойг биологичид анхааруулж байна.
Нөгөөтээгүүр, Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, баавгайг хамгаалах хоёр зорилгыг зэрэг хангахын тулд амьтдын нүүдэл, идэш тэжээл, амьдрах орчныг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах шаардлагатай байгаа юм.
ЗӨВЛӨМЖ
Байгаль хамгаалагч, цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмжийг өгч байна.
Баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх.
Бамбарууштай баавгайд ойртохгүй байх. Эх баавгай бамбаруушаа хамгаалахдаа түрэмгий зан авир гаргаж болзошгүй.
Хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байх.
Малын сэг зэмийг суурьшлын бүсийн ойролцоо ил задгай байлгахгүй байх.
Хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх.
Баавгай үзэгдвэл ойртож шалгахгүй, аюулгүй зайд байж холбогдох байгууллагад мэдээлэх.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77