Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны Х хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сөүл хотноо болж, хоёр улсын стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдааныг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ким Жин А нар ахалж оролцов.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 2030 он гэхэд нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Монгол, Солонгосын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулахын ач холбогдлыг онцолж, төрийн айлчлалын үеэр тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгохоор санал нэгдлээ.
Мөн БНСУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн эмнэлгийн менежмент, үйл ажиллагааг жигдрүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр шатыг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд БНСУ-ын тал таваас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчлалын виз болон эрүүл мэндийн визийг цахимаар шуурхай олгох тогтолцоог эхлүүлж байгаагаа мэдээллээ.
Түүнчлэн хоёр улс ойрын хугацаанд Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээр байгуулах, 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлаар санал солилцов. Хуралдааны хүрээнд хоёр улсын эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагуудын зөвлөлдөх уулзалтууд мөн зохион байгуулагджээ.

$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77