Онцгой байдлын байгууллагаас зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор “Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн систем”-ийг нэвтрүүлж, ашиглаж эхэллээ.
Тус систем нь зайнаас тандан судлал болон газарзүйн мэдээллийн технологид суурилан Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын эрсдэлийг хянах, үнэлэх боломжийг бүрдүүлж буй юм. Ингэснээр зудын аюулыг урьдчилан илрүүлж, эрсдэлийг бууруулах, учирч болзошгүй хохирлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг цаг алдалгүй авах боломжтой болно.
Системийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн системүүдтэй уялдуулан хөгжүүлжээ. https://zud.nema.gov.mn/
Мөн бодит цагийн мэдээлэлд үндэслэн зудын аюул, тухайн бүс нутгийн өртөмтгий байдал, эмзэг байдал, даван туулах чадавхыг харгалзан аймаг, сумын түвшинд эрсдэлийг тооцоолдог онцлогтой.
Ингэснээр аль бүс нутаг, ямар бүлгийн малчид зудын эрсдэлд илүү өртөж болзошгүйг тодорхойлохын зэрэгцээ тухайн нутаг дэвсгэрийн эрсдэлийн нэгдсэн үнэлгээг гаргах боломж бүрдэж байна.
Түүнчлэн зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт хариу арга хэмжээ авах, тусламжийн нөөцийг оновчтой хуваарилах, шийдвэр гаргахад шаардлагатай бодит мэдээллээр төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийг хангах ач холбогдолтой юм.
$ ДОЛЛАР: 2,848.87
ЕВРО: 3,390.44
¥ ИЕН: 25.77