2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ГЭГЭЭН АНИР

МУГЖ Н.Батцэцэг: Эхнэрээ нясалж ч болохгүй гэж хөвгүүддээ сургадаг

— Б.Батцэцэг   2019 оны 02 сарын 14

Эмэгтэй хүний намба ухаан, гоо сайхныг гагцхүү МУГЖ Н.Батцэцэгээс олж харна. Дэлгэцэнд мөнхөрсөн хорин насных нь гоо үзэсгэлэн одоо ч хэвээрээ тодхон... Ханийнхаа хийж өгдөг байсан гурилтай шөлийг мөн ч их санах юм гэсэн түүний үг ханьтай бүхэнд зориулсан мэт сонсогдлоо...

Та Батцэцэг гэдэг хувь хүнийг хэрхэн бий болгосон бэ? 

Цаг үе л хүнийг бүтээдэг. Бид эхээс төрөхдөө балчир нялх байдаг, бага насандаа гэнэн цайлган болдог дараа нь бид хашир догь болох жишээний. Энэ хэрээр амьдралыг туулах чадамжтай болдог. Цаг хугацаа л хүнийг боловсруулна.

20 насны Батцэцэг 40 50 60 настай Батцэцэгийн ертөнцийг үзэх үзлийн ялгаа юу вэ? 

Хүн хазгай гишгэхгүй амьдралыг туулна гэж хэзээ ч байдаггүй. Буруу зөрүү гишгэлээ гэхэд ноён нуруу мөн чанараа гээхгүй байх ёстой юм. Хүний мөсгүй юм хийхгүй байхыг л амьдралдаа хичээж ирсэн. Сайн хүн байх юм шүү бодох нэг өөр. Алхам тутамдаа, амьдралынхаа турш мөрдөж амьдарна гэдэг их ухаан, тэвчээр зангараг шаарддаг. Бодсон, төсөөлсөн шигээ амьдрахгүй ч нэлээн дөхүүлж явах гэж хичээж явна. Зөвхөн ухаан биш хайр хүний амьдралыг аз жаргалтай болгодог.
Таны амьдралд “хайр” хэр том орон зайг эзэлж ирсэн бэ?
Хамгийн том орон зайг эзэлсэн. Одоо ч хэвээрээ байна. Хүрээлэн байгаа орчин, нялх бүхнийг, аав ээжийгээ, хань ижил үр хүүхдээ хайрлана. Тэднээр хайрлуулна. Хайрлах сайхан сэтгэлтэй байвал хайрлах зүйл мундахгүй. Хайрлалаа хайрлалаа гээд хайраар илүүдсэн зүйл хаана байна? Залуу насны хайр хамгийн тод өнгөтэй, хурц амттай. Дурлалын шидэээр сэтгэл үерлэхэд дуулахгүй яаж явах юм бэ гэдэг шиг залуу насны хайр дурлалын шид увидаст автаж жигүүртэй мэт амьдардаг. Харин ээж, эмээ болоод ирэхийн цагт ямар их хайранд өлгийдүүлж хүн болсноо, хайранд туучиж хөрвөөж өссөнөө ухаардаг. Хайр хүний амьдралд хэзээ ч тасардаггүй. Харин нас ахих тусам зөөлөрдөг.

 Дэнлүү хоёр харцтай
 Дэндүү эрт тулгарч дээ хөөрхий 
Дээж найргаа гүйцээсэнсэн бол 
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай
Дэвүүр хоёр сормосонд чинь 
Дэндүү эрт сэвүүлж дээ хөөрхий 
Дэлгэр амьдралд ханасансан бол 
Дэнжийнногоо шиг гандсан ч яамай... 
                                                            Б.Явуухулангийн "Үзэсгэлэнтэй төрсөн чи минь" шүлгээс...

Тань шиг сайхан эмэгтэйд маш олон харцуул хайраа дэвссэн байх? “Сувраган цэнхэр уулс” кинонд гардаг Батцэцэг өнөөдрийн Батцэцэг хоёрын хооронд сайхны ямар ч зөрүү алга мэт харагдана? 


1976 онд Сувраган цэнхэр уулс кинонд тоглож байсан. 40 гаруй жилийн өмнөх цаг хугацаа, хүмүүсийн тухай яригдана. Цаг хугацаа одоогоос тэс өөр байсан. Кинон дээрээс хараад шууд сайхан бүсгүй байна, залгая, уулзая гэх араншин ч байсангүй, орчин нөхцөл ч өөр байлаа. Цэргүүдээс захиа ирнэ. Тэр захианд: Сайн уу Батцэцэг ээ? Манай анги дээр ирж кинонд тоглож байхад их сайхан дурсамжтай байж дээ, кино хэзээ гарах вэ? хичээл чинь ямар байна? гэж бичсэн байдаг. Зарим захианд: Анд аа, чи сайн уу? гэх нь ч байдаг байлаа. Харин орчин үед бүх зүйл, харилцаа хүртэл их энгийн хялбар болсон байна. Одоо зурагных нь доор эмож тавиад л ойлголцож болоод байх шиг байна. Гэтэл дээр үеийн захиан дээр хихи, кккк гэж бичилтэй нь биш. Захиа бичлээ ч сар гаруйн дараа эзэндээ очно. Захианд Би чамд хайртай гэж хэзээ ч ирдэггүй байлаа. Арай чөлөөт нийгмийн үед би кино үйлдвэрт ажиллаж эхэлсэн юм. Энэ үед намайг гэх хоёр, гурван эр хүн байдаг байсан гэхээс илүү ард түмэн намайг урлагийн дүрээр хайрладаг болж эхэлсэн. Энэ бол урлагийн буян. Урлаг хүнийг бусдаас онцгойлж гэгээлгээр мөнхөлдөг.

Техник технологи хөгжиж, хүмүүсийн харилцааны хандлага ч өөрчлөгдөж байна. Энэ бүх хөгжлийн шуурган дундаас юугаа авч үлдэж бас юуг гээх ёстой юм бол? 

Амархан сайн байн уу? Та сайхан хаваржиж байна уу? Мал тарган уу? гэх мэт мэндийн оронд “Hi” гэхэд л ойлголцож болоод байна. Сайн тал ч байна сөрөг нөлөө ч бий. Цаг хугацаа өөрөө их гялалзуур, хурдтай болсон. Их хөгжлийг дагаад байгалиас заяасан унаган төрх өөрчлөгддөг. Миний бодлоор хувь хүний мөн чанар нэлээн гээгдэж байна уу даа гэдэг зүйл анзаарагдаад байгаа. Би шүүмжлээд зогсоож чадахгүй. Энэ бол хөгжлийн зам. Гэхдээ болдогсон бол хүн чанараа л зулгааж үлдэцгээхсэн. Нийгмийн энэ өөрчлөлт дунд алдаж онож буй залуусаа би шүүмжилмээргүй байна. Би ч мөн цахим орчин, компьютер, гар утас хэрэглэж амьдралдаа ашиглах гэж суралцсаар явна. Би коммунизмын үеийн хүн гээд гэртээ таг суултай биш. Өөрөөр хэлбэл нийгэмдээ зохицох гэж хичээж байна. Ер нь хэн ч би муу хүн болно гээд болдоггүй. Мартсанаас орхигдуулснаас, зарим зүйлсээс хэт хойно тавьснаас асуудал үүсдэг. Тийм учраас санаж сэрж л явах хэрэгтэй дээ.

Таны цаг үеэ мэдэрч, амьдралдаа уран бүтээлдээ шингээж чадаж байгаа энэ зан чанар унаган хотын охиных уу? эсвэл Америкт өнгөрүүлсэн залуу насны амьдралын нөлөөлөл үү? Ер нь тэнд өнгөрүүлсэн амьдрал ямар үнэ цэнэтэй зүйлийг үлдээсэн бэ? 

Америкт амьдарсан хугацаандаа би зөвхөн хүүхдээ зөөгөөд хоол хийгээд суугаагүй. Би үргэлж шинэ зүйл сурахыг хичээдэг байлаа. Хоолоо ч хийнэ хэл ч сурна, компьтер ч оролдоно. Хүүхдүүдээсээ байнга суралцана. Хүүхдүүд маань ч надад сайн зааж өгсөн. Одоо бол би үеийнхэн дотроо орчин үеийн хэрэглээний догь мэдлэгтэйд орно.Тэрийгээ ч амьдралдаа чадлаараа ашигладаг. Чадахгүй зүйл гарахад бусдаас асууна. Орчин үеийн хэрэглээ, хэрэгцээ угаасаа шахаж байна. Хэрэгцээ шаардлага гарах болгонд хэнийг үргэлж шаналгах вэ дээ. Хүн ер нь өөртөө л итгэж,найдах хэрэгтэй. Би үүнийг жолоо сурахдаа маш их ойлгосон. Гарын алга хөлөрч, хөл чичирч байсан ч сугаа хавчаад шүдээ зуугаад замд гарсан. “Батцэцэг ээ чи чадна” гэж өөртөө хэлсэн. Чадсан. Зөнөчихгүй л бол би машин барьсаар байх болно. Энэ зөвхөн жолоо барих тухай биш, амьдралын зарчим ийм юм. Өөрийнхөө бие, сэтгэл, мэдлэг ухаан, чадварт суурилж хөгжүүлж хөдөлмөрлөж түүнийгээ маш сайн ашиглаж амьдрах ётсой юм билээ. Би нөхөртөө их олон зүйл дээр найддаг байсан байгаа юм. 
Нөхрөөсөө хойш би бодсон, гайхсан. Яагаад иймхэн зүйлийг хийж чадахгүй байсан юм бэ? Яагаад? 
Бурхан нөхрийг минь авснаар энэ бүхнийг ойлгох цаг хугацааг надад үлдээсэн. Зөндөө зүйлийг чи хийж сураагүй эрхэлсэн, одоо хийж сурах цаг нь болсон гэж хандсан. Ялангуяа эмэгтэй хүн хоёроос гурван хэлтэй бай, машин тэргээ барь, технологийн хэрэглээг гадарладаг бол, гоо сайхнаа торд, сайн эзэгтэй сайн ээж бай л гэж зөвлөмөөр байна даа.
Сайхан эмэгтэй хүнийг гадаад додоод гоо сайхнаар нь хэмждэг. Таны дотоод гоо сайхан юу вэ? 

Миний бодлоор бол энэрэнгүй, бусдад боломж нээдэг тусалж чадахгүй бол ядаж гай болохгүй байх. Мөн сайхан байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Сэтгэл санааны хувьд тайван амгалан, уужуу байх нь чухал. Муухай зүйлийг олон дахин битгий бод. Өөр бодож болох сайхан зүйлс эргэн тойронд чинь маш их бий. Аливааг энэрэх сэтгэл надад их байдаг.
Дэлхийн хэдэн тэрбум эмэгтэйчүүдээс Монгол эмэгтэй, ээж байна гэдэг юугаараа өөр вэ? 

Дэлхийн бүх эмэгтэйчүүд төстэй, адилхан гэж болно. Тэр дундаас хамгийн тэвчээртэй эмэгтэйчүүдийн нэг мөн үү гэвэл яг тийм. Говийн, орон нутагт мал маллаж байгаа эмэгтэйчүүд хормойгоо бүсэндээ хавчуулаад аргалаа ч түүнэ, хүүхдээ ч өсгөнө, худаг усаа татна. Мах цуснаасаа, удам угшлаасаа Монгол эмэгтэйчүүд тэвчээртэй хүмүүс. Амьдралын ачааг үүрэх асар их тэвчээртэй, хүнд хэцүүг туулах төрөлхийн чадамж маш өндөр. Их зүйлийг амжуулдаг хэрнээ нухлагддагүй, хэзээд цог жавхаатай, үзэсгэлэнтэй байж чаддаг сайхан чанартай. Нөхөр бүтэлгүй байлаа ч бүтэлтэй нөхөртэй мэт л амьдарч чаддаг.

Та хоёр хүүтэй. Эрэгтэй хүүхдийг хэрхэн эмэгтэй хүнийг хайрлах ухаанд сургадаг вэ? 

Хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлана гэж байдаггүй. Хүн ямагт хязгааргүй хайрыг хүсдэг. Бэрээ миний охин гэж л би өөртөө итгүүлдэг. Би нэг бэртэй. Бишрэл маань Уянга гэдэг эхнэртэй. Ивээл маань сингл. Хүүхдүүддээ эрэгтэй эмэгтэй хүний амьдралын зарчим, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг заагтай ойлгуулахыг хичээсэн. Эмэгтэй хүнийг хуруу хумсыг нь холтортол мөнгөний төлөө битгий зүтгүүлээрэй гэж захидаг. Удам угсааг чинь мах цуснаасаа таслан байж залгаж хүмүүжүүлж байгаагийнх нь хувьд хүндэлж хайрлаж, хүнд хүчрээс чадлаараа хол байлгаарай л гэдэг дээ. Эмэгтэй хүнийг нясалж ч болохгүй гэж хамгийн их захидаг. Эхнэрээ ингэж хайрлах нь эцэг эхийнхээ нэрийг өндөр өргөж байгаа нь тэр. Манай монгол эрчүүд эхнэрээ өмч гэж ойлгосноос асуудал үүсдэг. Хардалт бол муухай галзуу солиотой өвчин. Миний хань намайг нясалж, чимхэх нь битгий хэл муухай харахгүй хайрласан даа.
Та ханийн хайрыг юугаар хэмждэг вэ?

Ханийн хайр бол ерөөсөө халамж юм. 

Хүн бодохдоо алт мөнгө зүүлгэж, хаусанд амьдруулж, үнэтэй машин авч өгөх нь хайр мэт эндүүрдэг. Энэ бол хэрэглээ. Аяндаа нас ахихад аль нь хайр, юу нь хэрэглээ гэдгийг ойлгодог. Эдлэхийн хэрээр сэтгэл ханадаг бол хайранд ханадаггүй. 

Би лапшанд их дуртай. Манай нөхөр намайг ажлаас ирэх дөхөхөөр хоолныхоо гурилаа хийх үү? гээд л хэд хэд залгана. Би үүнийг нь маш их үгүйлж байна даа. Тэр л хайр, тэр бол халамж... /хоолой зангирав/

Зангуутай, сарнайтай хорвоо дээр 
Заяагаар учирсан амраг минь дээ 
Залуухан халуухан наснаасаа 
Зангаараа л яваа хань минь дээ 
Халгаатай, халгиатай өдрүүдийг 
Ханиндаа л давсан даа хоёулаа 
Хайрах жавар салхинаас 
Халхалж л явлаа даа нэгнийгээ       
Зангаараа амраг дуунаас... 
                        
Хайр халамжийг нь хүртдэг хэрнээ сэтгэл хангалуун биш зан зарим хүнээс гарах нь бий. Хайрлуулж, халамжлуулж байгаадаа сэтгэл дүүрэн байгаагаа хэрхэн хань ижилдээ мэдрүүлэх вэ? Ханийн хайрыг амтлан тэвэрч бас алдаж үзсэн хүний хувьд хосуудад маань үнэтэй зөвлөгөө өгөөч?

Хань гэдэг бол насан туршид байж л байдаг зүйл биш. Нэг л өдөр нэгнээ алддаг. Цуварч явдаг хорвоо шүү дээ. Буурайлж нэг маань үлдэнэ гэж дуулдаг. Тиймгүй одоо хоёулаа үхье гээд хөтлөлцөөд хэвтдэг жам гэж байдаггүй. Хэн хэндээ хамгийн сайхан нь , хамгийн сайн нь байхын төлөө үргэлж хичээх хэрэгтэй. Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй учраас алдаа оноог нь хамтад нь хайрлаарай. Нөхөр чинь эсвэл эхнэр чинь чамайг гомдоовол тэр нь амьдралын чинь өнгө, амт юм гээд уучлаарай. Арван төрлийн зантай хүний гурван зан нь муу эсвэл буруу байлаа гэхэд түүнтэй нь хайрлаарай. Алдааг нь бас хайрлах нь ханийн ухаан юм. Эмэгтэйчүүд үргэлж бусдаас өөр байх нь нөхөртөө үргэлж хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Эмэгтэй хүний бас нэг чухал чимэг нь өөртөө итгэх итгэл гэж би боддог? 

Би өөртөө дэндүү итгэлтэй нэгэн. Энэ зан маань надад алдаа оноо аль алиныг нь авчирсан. Гэхдээ би шийдвэрээ маш их бодож байж гаргадаг учраас алдаа нь цөөн. Өглөө би хоёроос гурван цаг эргэцүүлэн бодож хэрэгтэй санаагаа цаг алдалгүй тэмдэглэж авдаг. Энэ үед толгой гялалзтал ажилладаг юм. Үдээс урагших цагт бий бодож төлөвлөдөг бол өдрийн цагийг гүйцэтгэх ажилд зарцуулна. Харин оройн цагийг механик ажилд зориулдаг. Мөн энэ цагийг өөртөө бэлэглэдэг. Маш их бодож төвөвлөдөг болохоор хийх ажилдаа маш их итгэлтэй болж амжилттай хэрэгждэг гэж бодож байна. Бүтэлгүйтсэн тохиолдол нь мэдээж сургамж болоод ард үлдсэн. Би өөртөө итгэлтэй байхыг хамгийн зөв гэж боддог.

Гоо сайхандаа хэр их цагийг зарцуулдаг вэ? 

Их хугацааг зарцуулдаг болж байна. Залуудаа бол тийм байгаагүй. Угаас гоё нас. Харин идэх зүйлд их хугацааг зарцуулсан /инээв/ хүүхдүүд, нөхрөө жаргааж байгаа нь тэр байлаа. Өөрийгөө бас хайрланаа. Сайхан аялалаар өөрийгөө мялаах хэрэгтэй.




Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Орчин үеийн топ 10 номын сан

1. Нидерландын Воок Моuntain номын санНидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Дэлгэрэнгүй

— Т.Наранцэцэг   2021 оны 10 сарын 18

"National Life"-ийн захирал Г.Монголхүү: Бид 412 сая төгрөгөөр нэг хүний элэг солиулж, 10000 хүнд нөхөн төлбөр олгоод байна

Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2019 оны 12 сарын 03

Санал болгох

АНУ, Сингапур, Австрали зэрэг улс руу алсын зайн нислэг үйлдэх БОИНГ 787-9 агаарын хөлгийг хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   5 цагийн өмнө

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр