2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

ОНЦЛОХ

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

— Ч.Баяржаргал   22 цагийн өмнө

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.

УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн бөгөөд мөн оны арваннэгдүгээр сарын 27-нд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм. Гэвч төслийг эцэслэн батлах хүртэлх хэлэлцүүлэг үргэлжилж, 2026 оны хаврын чуулганы хугацаанд баталж амжаагүй тул намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон.

Нэг жил гаруйн хугацаанд юу хүлээв?

Хуулийн төслийг олон салбарын мэргэжилтэн, эмч, судлаачдын судалгаа, шинжилгээ, олон улсын байгууллагын санал зөвлөмжид тулгуурлан боловсруулжээ. УИХ-ын 78 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн уг төсөл нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хэрэглээ, худалдаа, сурталчилгаанд хяналт тавих эрх зүйн орчныг сайжруулах зорилготой.

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажлын хэсгийг ахлан ажиллаж, төслийн хэлэлцүүлгийг урагшлуулахад оролцсон. Гэвч хаврын чуулганы төгсгөлд эцэслэн баталж амжаагүй бөгөөд намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон нь энэ юм.

Хуулийн төсөл өргөн мэдүүлэгдсэнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний импорт огцом нэмэгдэж, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дундах хэрэглээний асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Учир нь хүүхэд хэдий чинээ эрт насандаа тамхинд орно, төдий чинээ донтож, насан туршдаа хэрэглэх магадлал нэмэгддэг.

Хууль батлагдах үйл явц удааширсан шалтгааны ард улс төрийн маргаан, санал зөрөлдөөн, эсвэл бизнесийн ашиг сонирхолтой байгаа эсэхийг маргаашийн санал хураалт, хуулийн төслийн талаар гишүүд ямар байр суурь баримталж байгаа нь бодитоор харуулах юм.

Монгол улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн бүсд ордог. Бүсийн 38 орноос электрон тамхины зохицуулалтгүй 7 орны нэг нь манай улс.

Дэлхийн хэмжээнд тамхины хэрэглээ буурч байгаа бөгөөд 2000 онд тамхины хэрэглээ 33,1 хувь байсан бол 2030 он гэхэд хоёр дахин буурч 17.4 хувьд хүрч буурах тооцоололтой байна. Харин Монгол улсад тамхины хэрэглээ 2000 онд 32,9 хувьтай байсан бол 2030 он гэхэд 28.9 хувьтай буюу 30 жилийн турш бараг буурахгүй хандлага харагдаж байна.

Бүтээгдэхүүний нэр, хэлбэр, технологи өөрчлөгдсөнөөр хүний эрүүл мэндэд учруулах эрсдэлийг үл тоомсорлож болохгүй. Шинэ төрлийн бүх тамхин бүтээгдэхүүн олон тооны химийн хорт бодисуудыг агуулдаг тул хүний эрүүл мэндэд хортой талаар олон орны судалгаанууд байдаг. Иймд шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнд тавих хяналт хангалтгүй байх нь хүүхэд, өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлахад хүндрэл учруулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2023 оны Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар Монгол Улсын 13–17 насны сурагчдын 24.8 хувь нь судалгааны өмнөх 30 хоногт электрон тамхи хэрэглэсэн байна.

Мөн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын 2025 оны мэдээлэлд Улаанбаатар хотод судалгаанд оролцсон хүүхэд, залуусын бараг 60 хувь нь электрон тамхи хэрэглэж үзсэн, гуравны нэг орчим нь хэрэглэгч байсан тухай дурдсан байна.

Эдгээр тоо баримт нь хүүхэд, өсвөр үеийнхний электрон тамхины хэрэглээнд анхаарал хандуулах, худалдаа, сурталчилгаанд тавих хяналтыг сайжруулах шаардлагыг харуулж байна.

Тиймээс шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг зохицуулалтыг хуульчлах, хүүхэд, өсвөр үеийнхнийг никотины хамаарлаас хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийн төлөө хойшлуулшгүй чухал асуудал юм.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зохицуулалтыг 126 гишүүн дэмжих үү?

Хуулийн төслийн гол үндэслэл нь хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэнд, никотины хамаарлаас урьдчилан сэргийлэх бодлого, тамхин бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаанд тавих хяналт зэрэг нийгмийн эрүүл мэндийн олон асуудалтай шууд холбоотой.

Нийгэмд хамгийн их хүлээлттэй байгаа хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах “Тамхины тухай хууль”-ийг ард түмний эрх ашгийг хамгаалах гэж сонгогдсон УИХ-ын гишүүд дэмжих үү, эсвэл өөр байр суурь баримтлах уу? УИХ-ын гишүүдийн санал хураалтын дүн төдийгүй тэдний гаргасан үндэслэл, тайлбарыг сонгогч олон нийт анхааралтай ажиглаж байна.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

МИАТ компани БНСУ-ын City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэллээ

МИАТ ТӨХК  нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс БНСУ-ын татваргүй барааны дэлгүүр болох City Duty Free дэлгүүртэй хамтран ажиллаж эхэлжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 10

Ямааны годрон өвчнөөс сэргийлэх 1.5 сая тун вакциныг дотооддоо үйлдвэрлэнэ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.Уг санхүүжилтэд вакцины бэлтгэл ажил,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 07

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   6 цагийн өмнө

Хан-Уул дүүрэгт 29 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна

Хан-Уул дүүргийн харьяа 79 сургууль, 134 цэцэрлэгийн нийт 29,870 гаруй хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.Энэ хүрээнд дүүргийн 75 дугаар сургууль, 53 дугаар цэцэрлэгт зохион... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 14