2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

НОГООН ХУУДАС

Хүний хоолонд дассан баавгай суурьшлын бүсээс хоол хайх эрсдэл нэмэгддэг

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Монголд сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийслэлийн ногоон бүсэд ч баавгай үзэгдсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн. 

Орон нутагт илүү ноцтой тохиолдлууд гарчээ. Тухайлбал, Увс аймгийн Малчин суманд баавгай айлын хотонд орж, иргэд машиндаа нуугдсан үед машин руу дайрч эвдсэн тохиолдол 9 дүгээр сарын 27-нд бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газар болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баавгайн хөдөлгөөнийг мониторинг хийх, 24 цагаар дуудлага мэдээлэл хүлээн авах, шуурхай баг ажиллуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

Байгаль орчны салбарын мэдээллээр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх гол шалтгаануудын нэг нь байгалийн идэш тэжээлийн хомсдол гэж тайлбарлав. Самар, жимс, үр зэрэг хүнсний нөөц багасах, мөн самар жимс түүх хүний хөдөлгөөнөөс болж баавгай тайгын гүнээс шахагдах, суурьшлын бүс дэх хүнсний хаягдал, малын сэг зэмд татагдах зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа аж. 

Японд ч баавгай “хотын иргэн” болох дөхжээ

Баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь Монголын асуудал биш бололтой. Японд 2025 онд баавгайн 50,776 удаагийн үзэгдэл бүртгэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 2024 онд энэ тоо 20,513 байсан байна. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буй нэг шалтгаан нь баавгайн иддэг царсны ургац болон бусад байгалийн хүнсний нөөц муудсан явдал аж. 

2026 онд Японд байдал бүр ноцтой болж, дөрөвдүгээр сарын 1-нээс хойш дор хаяж таван хүн баавгайн дайралтаар амиа алдсан тухай мэдээлсэн. Өмнөх жилд нь 13 хүн баавгайн дайралтаар нас барсан нь дээд үзүүлэлт байжээ. Баавгай айлын гал тогоонд орж хөргөгч онгойлгож, хогийн савнаас хоол хайсан тохиолдол хүртэл гарсан байна. 

ОХУ-д баавгай хүний амь насанд хүрчээ

ОХУ-ын Сибирийн Красноярскийн хязгаарт нэг сарын дотор баавгайн дайралтаар долоон хүн амиа алдсан талаар 9 дүгээр сарын 25-нд Reuters мэдээлсэн байна. ОХУ-ын Байгалийн нөөцийн яамны мэдээллээр тус улсын хүрэн баавгайн тоо толгой 1990 оноос хойш ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, 2026 онд 308 мянгад хүрсэн байна. 

Хятадад баавгай машинаас хоол нэхэх болжээ

Хятадын Өвөр Монголын Их Хянганы нурууны ойд энэ есдүгээр сард зэрлэг хүрэн баавгай зам дагуу байнга үзэгдэж, зарим жуулчид машинаасаа бууж зураг авах, бүр хоол өгөх тохиолдол гарсан байна. Ойн хамгаалалтын байгууллагаас цонхоо хааж, машинаас буухгүй, баавгайг хооллохгүй байхыг анхааруулжээ. 

Баавгайд хүний өгч байгаа хоол “амархан хоол” болж ойлгогдвол дараагийн удаа хүн өөрөө хоолны эх үүсвэр болох эрсдэлтэй.

Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар хүний хоол, хог зэрэг хүнсний эх үүсвэрт дассан баавгай хүн болон суурьшлын бүсийг хоолтой холбон суралцаж (food conditioning), дахин дахин ойртох эрсдэлтэй. Иймээс зэрлэг баавгайг хооллохгүй байх нь хүн, амьтны аюулгүй байдлыг хамгаалах чухал арга хэмжээ хэмээн анхааруулсан байна. 

Өмнөд Солонгост 14 удаа зөгийн бал идсэн баавгайг барьжээ

Өмнөд Солонгосын Жирисан ууланд сэргээн нутагшуулсан Азийн хар баавгайнууд намрын идэш тэжээлээ хайж, зам болон аяллын маршрутын ойролцоо улам их үзэгдэх болжээ. 

Мөн хүний суурьшлын бүсэд удаа дараа орж, зөгийн аж ахуйн газруудаас 14 удаа зөгийн бал идсэн нэг баавгайг барьж, хамгаалалтын байгууламжид шилжүүлсэн байна. Байгаль хамгаалагчид тухайн баавгай хүний орчноос айх байгалийн зан төлөвөө алдсан гэж үзжээ.

Хүрэн баавгайг агнаж болох уу?

Монголд хүрэн баавгай агнах асуудал нэлээд хатуу зохицуулалттай, харин тоо толгойн талаарх хамгийн том асуудал нь улсын хэмжээнд шинэчилсэн тооллого дутмаг байгаа явдал юм. 

Хүрэн баавгай нь Монгол Улсын хуулиар “ховор амьтан” ангилалд багтдаг. Харин мазаалай бол “нэн ховор” ангилалд ордог. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлээр тухайн жилд агнах амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох зохицуулалттай. Харин тусгай зориулалтаар агнах амьтны тоо хэмжээг Засгийн газар тогтоодог. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар шууд агнаж, устгавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.  

1980-аад оноос хойш хүрэн баавгайн тооллого хийгдээгүй, тухайн үеийн судалгаагаар 500 гаруй бодгаль гэсэн тооцоо гарч байсныг дурджээ. Нэг талаас баавгай суурьшлын бүсэд олноор орж ирж байна. Нөгөө талаас Монголд яг хэдэн хүрэн баавгай байгаа талаар шинэчилсэн улсын хэмжээний тооллого сүүлийн 40 жилд хийгдээгүй. 

Баавгай хүн рүү ойртож байна уу, эсвэл хүн баавгайн амьдрах орон зай руу улам ойртсоор байна уу? Тоо нь тодорхойгүй амьтныг хамгаалах, шилжүүлэх, агнах шийдвэр гаргахын өмнө Монголын хүрэн баавгайн бодит тоо толгой, амьдрах орчин, идэш тэжээлийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дахин тогтоох шаардлагатай биш гэж үү?

Гадаад эх сурвалж: Japan times, Reuters, Paper, SBS, NPS


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Монголын ноолуур дэлхийн загварын салбарын тогтвортой хөгжлийн хэлэлцүүлгийн төвд байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) Дарга Б.Батцэцэг “Санхүүгийн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан “Fashion4Land” форумын өндөр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 08 сарын 25

Хэт халалтын улмаас 5700 гаруй хүн нас баржээ

Сүүлийн өдрүүдэд дэлхийн олон бүс нутагт хэт халалтын улмаас ноцтой нөхцөл байдал үүсэж, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.Испани, Франц: Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр эрчимживИспани, Францад 40°C-ээс... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 07 сарын 23

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө