2026/10/16. Баасан гараг Дугаар: #3893

ЭМЧИЙН ӨРӨӨ

Хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт 44 хувь байна

— Ч.Баяржаргал   2026 оны 09 сарын 29

Жил бүрийн 9 дүгээр сарын 29-нд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэдэг. Энэ жил “Don’t Miss a Beat” буюу “Зүрхнийхээ цохилтыг бүү алдаарай” уриалгыг дэвшүүлж байгаа бөгөөд зүрх судасны өвчний анзаарагддаггүй шинж тэмдгийг таних, эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх, шаардлагатай үед цаг алдалгүй тусламж авахыг онцолж байгаа юм. 

Зүрх судасны өвчин дэлхийн нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээр 2022 онд зүрх судасны өвчний улмаас 19.8 сая хүн нас барсан нь дэлхийн нийт нас баралтын ойролцоогоор 32 хувь юм. Эдгээрийн 85 орчим хувийг зүрхний шигдээс болон харвалт эзэлж байна.

Харин Монголд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээллээр 2023 онд зүрх судасны өвчний тархалт 10,000 хүн амд 1,377 байсан бөгөөд нийт тохиолдлын 45 хувийг артерийн даралт ихсэх өвчин, 19.3 хувийг зүрхний ишеми өвчин эзэлжээ. Зүрх судасны өвчтэй хүмүүсийн талаас илүү хувийг 50–69 насныхан эзэлж байна. 

Монгол Улсад нас баралтын шалтгааны ойролцоогоор 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нийт хүн амын дунд артерийн даралт ихсэлтийн тархалт 44 хувь байна гэж Эрүүл мэндийн яам мэдээлсэн. 

Зүрх судасны өвчний дээрх эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Тамхидалт, хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт, илүүдэл жин, цусны даралт, цусан дахь сахар болон холестерины түвшин зэрэгт анхаарах нь зүрхний эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй юм. 

Монгол Улсад зүрх судасны өвчнийг эрт илрүүлэх, анхан шатны тусламжид хяналт, эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр МОНПЭН санаачилгыг хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээр уг санаачилгын хүрээнд зарим аймаг, дүүрэгт харвалт, зүрхний шигдээсийн шинэ тохиолдол болон нас баралт буурсан үр дүн гарсан байна. 

Өнөөдөр зүрхэндээ анхаарах өдөр. Цусны даралтаа хэмжих, эрсдэлт хүчин зүйлсээ мэдэх, тогтмол хөдөлгөөн хийх, зөв хооллох, тамхинаас татгалзахын зэрэгцээ цээжээр өвдөх, амьсгал давчдах, гэнэт сулрах зэрэг шинж тэмдгийг үл тоололгүй яаралтай тусламж авахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Цусны даралтаа зөв хэмжиж хэвшээрэй

  • Хэмжихээс өмнөх 30 минутад кофе, тамхи, дасгал хөдөлгөөнөөс зайлсхийж, давсгаа суллана.
  • 5 минут тайван суусны дараа, нуруугаа түшиж, хоёр хөлөө газарт бүтэн хүргэн, гараа зүрхний түвшинд байрлуулж хэмжинэ.
  • Манжетыг нүцгэн бугалганд, тохойн нугалаас дээгүүр зөв байрлуулна. Хэмжих үедээ ярихгүй, хөдөлгөөнгүй байна.
  • Нэг удаа хэмжихдээ 1 минутын зайтай 2 удаа хэмжиж, үр дүнгээ тэмдэглээрэй. 

Хэд байх нь хэвийн вэ?

Ерөнхийдөө 120/80 мм.муб-аас бага үзүүлэлтийг хэвийн түвшин гэж үздэг. 

ДЭМБ-ын ангиллаар 140/90 мм.муб ба түүнээс дээш үзүүлэлт хоёр өөр өдөр давтан илэрвэл даралт ихсэлт гэж оношлох үндэслэл болно. 

180/120 мм.муб-аас дээш гарвал 1 минутын дараа дахин хэмж. Хэрэв өндөр хэвээр бөгөөд цээжээр өвдөх, амьсгал давчдах, хараа өөрчлөгдөх, гар хөл сулрах, хэл яриа ээдрэх зэрэг шинж илэрвэл яаралтай тусламж аваарай.


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Тамхи татах нь уушгины хорт хавдрын хамгийн том эрсдэлт хүчин зүйл

Уушгины хорт хавдар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг бөгөөд эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм.Монгол Улсад жил бүр 400-500 орчим хүн уушгины хорт хавдраар шинээр оношлогдож, жилд 450 орчим хүн энэ өвчний... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 06 сарын 22

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж байна

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн байна. Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.Халдвар хэрхэн дамжих вэ?Бохир гар, өтгөн-амны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 05 сарын 20

Санал болгох

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" гэдэг газар энэ сарын 08-ны өдрийн 11:55 цагт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.10.16) 07:00 цагт бүрэн унтраалаа.Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   7 цагийн өмнө

Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хуулийг УИХ-ын 126 гишүүн дэмжих үү?

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг маргааш буюу аравдугаар сарын 16-ны Баасан гарагт явуулахаар товлоод байна.УИХ-ын 78 гишүүн уг хуулийн төслийг 2025 оны есдүгээр сарын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   23 цагийн өмнө