2026/10/26. Даваа гараг Дугаар: #3903

ТОД ТУСГАЛ

Эдийн засагч Н.Энхбаяр: Одоо улс төрчид дуугаа татаж, мэргэжлийнхэн ажлаа хийх хэрэгтэй

—   2016 оны 04 сарын 01

Эдийн засгийн үндэсний хорооны шинжээч Н.Энхбаяртай ярилцлаа. Монголын чадварлаг эдийн засагчдын нэгд зүй ёсоор тооцогддог тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

-“Монголын эдийн засгийн чуулган-2016”  форумын нээлт дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлэхдээ “Улс орон дан ганц байгалийн баялгаар хөгждөггүй юм гэдгийг ухаарлаа” гэж хэлсэн. Манайд уул уурхайн салбартай дүйцэхүйц ямар салбар байж болох вэ?

-Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Филиппин зэрэг орнууд хөгжлийн харьцангуй зөв чиглэлээр явж байгаа гэж бид ойлгож байгаа. Саяхан УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлого урт хугацааны тогтвортой бодлого байх ёстой. Манай нэг төрлийн түүхий эд дээр тулгуурласан эдийн засаг гадаад зах зээлээс маш их хамааралтай. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулах тэр арга замыг бодож олох ёстой. Хөгжлийн бодлогодоо тавьж буй гол зорилго бол уул уурхайн салбартай дүйцэхүйц шинэ салбарыг илүү түлхүү хөгжүүлэх нь зөв гэдэг чиглэл рүү хандах ёстой.

-Тэр салбарыг хөдөө аж ахуй гэж харж, бүр нотлон ярьж байгаа хүмүүстэй та санал нийлэх үү?

-Манай эрдэмтэн судлаачид хөдөө аж ахуйн салбарыг аж үйлдвэрийн салбартай хослуулж хөгжүүлэх нь зөв гэж харж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулаад аж үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн, тэр тусмаа өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Ийм бүтээгдэхүүн гаргаж байгаа улс орон олон байна. Тухайлбал, Чили улс өмнө нь хөгжүүлж байгаагүй хөдөө аж ахуйн салбарыг шинээр бий болгоод, огт үржүүлж байгаагүй загас үржүүлж экспортод гаргаж байна. Ойрх Дорнод Ирак улс гэхэд хилим загасыг үржүүлээд экспортод гаргаж байна шүү дээ. Ийм боломж бидэнд ч хангалттай бий. Гэхдээ шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд таниулахад маш урт хугацаа, хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Манай улсын өр зээлийн асуудал бодит түгшүүр эхэлснийг улс төрчид ч, судлаач, эрдэмтэд ч ярьж хэлж эхэллээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, гарц юу байна вэ?

-Тун амаргүй асуудал. Өр зээл эдийн засгийн хүрээнээс халиад улс төрийн асуудал болох гэж байна. Өрийн тоог гаргадаг албан ёсны байгууллага бий. Статистикийн газар, Сангийн яам, Монгол банк шүү дээ. Гаргаж байгаа тоон дээрээ ярих ёстой. Түүнээс биш тоо нь буруу байна гэж үзвэл Монгол банк, Статистикийн газартай л ярьж таарах байх. Шийдэл рүүгээ явах ёстой. Харамсалтай нь түүхий эдийн үнэ унаж байгаа, манай валютын нөөц багасч байгаа үед өрийн эргэн төлөлт яригдах гэж байна. Засгийн газар "Чингис" бондоо авахдаа манайд цаана нь “Оюутолгой”, “Тавантолгой” гэсэн том төслүүд байгаа гэж сурталчилж байгаад авсан. Эдийн засгийн өсөлт 11 хувьтай байна гэж ярьж байгаад авсан. Яг төлөх хугацаа тулаад ирэхээр бидний ярьж байсан бүх зүйл эсрэгээрээ явсан. Үндсэндээ хүнээс зээл авчихаад, төлөх хугацаа нь тулсан үед очоод ярих гэхээр бидний ярьж байсан зүйл бүгдээрээ үлгэр болчихсон байна. Одоо байдал нэгэнт хүндэрсэн болохоор олон улсын жишгээр төлбөрийн хугацаа болохоос өмнө очоод хэлцэл хийх хэрэгтэй болоод байна. Бидэнд өрөө төлөх боломж муудлаа, гадаад зах зээл хямарлаа, түүхий эдийн үнэ уналаа. Ийм байгаа учраас өр төлөх хугацаагаа тодорхой хэмжээгээр хойшлуулая гэдэг хэлцлийг л хамгийн түрүүнд хийх ёстой. Тэгэхгүй бол энэ их хэмжээний өр зээлийг төлөх боломж бидэнд байхгүй. Төллөө ч гэсэн бүх валютынхаа нөөцийг гөвөх хэрэг гарна. Хэрвээ ингэж валютын нөөцөө шавхах юм бол валютын ханш юу болох вэ, гадаад төлбөр тооцоогоо хийж чадах уу, үгүй юу гээд тэрнээс хүнд асуудал руу орох гэж байна. Улс төрчид нь одоо дуугаа жинхэнээсээ татдаг юмуу яадаг юм, мэргэжлийн хүмүүс нь өрөө яах талаар дуугарах ёстой. Харамсалтай нь Сангийн яам, Монгол банк огт дуугарахгүй байна.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас 70 хувь хамааралтай гэдэг байхаа?

-Экспортын 80 хувь.

-Ийм эмзэг эдийн засагтай оронд өөр салбараа хөгжүүлэх мөнгийг яаж босгох вэ?

-Урт хугацааны бодлогоор явахгүй болохоор маш хэцүү. Газар тариалангийн салбар 1960 оноос эхэлж хөгжсөн. Үүнээс харвал манайд шинэ салбар үндсэндээ 40-50 жил болж байж  хөлөө олж байна. Тэгэхээр дараагийн шинэ өрсөлдөх салбарын тухай ярина гэдэг амаргүй. Зарим хүн шинэ брэнд гаргая гээд маш амархан зүйл ярьж байна. Тийм амар биш ээ. Манай эдийн засгийн суурь нь хөдөө аж ахуй, аж үйлдвэр хосолсон хэлбэртэй явж ирсэн. 1980-аад онд ч Монгол Улс  хөдөө аж ахуйн орон болно гэж ярьж байсан. Энэ зорилтоо хэвээр нь аваад явах ёстой. Одоо бол зах зээлийн нөхцөл нь өөрчлөгдсөн. Экспортын 5-8 хувь нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн байна. Ганцхан дутагдалтай тал нь технологийн хувьд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Тэр дутуу юмаа бид хийх ёстой. Гол нь худалдан авагчийн шаардлагад нийцсэн байх ёстой. Жишээ нь, махны экспортын тухайд жилийн турш экспорт хийж чадах юмуу гэдэг асуудал байна. Үнэндээ махан дээр  3-4 сар л экспорт хийж байгаа. Наад зах нь ийм юмнаас эхлэх ёстой. Дахин хэлэхэд шинэ салбарыг хөгжүүлэхэд нэлээд хэдэн жилийн уйгагүй хөдөлмөр шаардана.

-“Таван толгой” төсөл маргаан дагуулсан хэвээр байна. М.Энхсайхан сайдын яриад байгаа шиг бид үнэхээр боломжоо алдсан юм уу?

-Би сүүлийн 8 жил янз бүрийн түвшинд зөвлөхийн ажил хийж байна. Хараад байхад бусад орнуудад аливаа төслийг бэлтгэх хугацаа маш удаан байдаг. Жишээ нь манай Улаанбаатарт барьсан Нарны зам байна. Миний мэдэхээр анх яригдаж эхэлснээсээ хойш 4-5 жил бэлтгэл ажил нь хийгдсэн. Гэтэл манайд сурсан арга барил нь тэр юм уу, маш яаруу хийх гэж оролдоод байх юм. Бэлтгэлээ нэг хоёр жилийн дотор хам хум хийгээд л шууд барилгын ажил руугаа орох гээд зүтгэчихдэг. Улстөрийн сонирхол байдаг байх гэж бодоод байгаа. Манайд 20 жил яригдаж байгаа төсөл байна шүү дээ. Эгийн голын усан цахилгаан станцыг барих талаар 1992 оноос хойш 24 дэх жилдээ ярьж байна. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэчнээн олон жил ярив. Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жил яригдаж байна. Энэ мэт том төслүүд бүгдээрээ дутуу хийгдсэн, шийдлээ олоогүй. Бүрэн шийдлээ олоод зах зээл хөгжсөн  хамгийн сайн жишээ гэвэл Япон байна. Япончууд аливаа ажлыг бэлтгэл үе шатандаа нэгд нэгэнгүй хангадаг. Тэгж байж ажил нь явагддаг. Манай Хөшигтийн хөндийн шинэ нисэх буудлын төсөл бараг 2010 оноос эхэлсэн. Хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй цаасан дээр суугаад л байсан, ажил эхэлснээс хойш зогсоогүй. Бэлтгэл ажил ямар чухлыг харуулж байна шүү дээ. Хамгийн гол нь гарч болох бүх эрсдэлийг тооцох ёстой.  Дэд бүтцийн чанартай төмөр зам, тээвэр, уул уурхайн төслүүд гарч болох эрсдэл ихтэй, маш олон талын ашиг сонирхолыг хамардаг. Эрчим хүч, төмөр замаа хөрш орнуудын бодлоготой нийцүүлэх асуудал ч яригдаж байна. Энэ болгоныг гүйцэд бодож байж  төслийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдэг тухай ярих ёстой. Манайд дөнгөж судалгаа эхэлж байхад энэ төсөл хэрэгжинэ гээд зарлачихаж байгаа юм. Засгийн газраас шийдвэр гараад хэрэгжих, үгүй нь мэдэгдэхгүй явж байхад маргааш хэрэгжинэ гэдэг ойлголтоор олон нийтэд түгээчихдэг. Эцсийн дүндээ маш олон хоногийн хүлээлт үүсч, улмаар цөхрөл болж хувирдаг. “Таван толгой” дээр үүнтэй яг адил хандлага яваад байна. Ийм том төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа хүмүүс маш олон байгаа л даа. Гагцхүү тойрсон ашиг сонирхолууд байгаа нь саад болоод байна. Угаасаа тэр төслийг асуудалтай гэдгийг эхнээсээ маш сайн ойлгож явах ёстой. Бүх гарцыг нь мухарлаж байж шийдэх ёстой. Дахин хэлэхэд манайд сүүлийн үед түүхий, шийдлээ олоогүй төслүүд маш их харагдаж байна.

Засгийн газраас УИХ руу өгөөд болоогүй байна гэхээр нь буцаагаад татдаг үзэгдэл нэлээн хэд гарлаа. Тэгэхээр аливаа бичиг баримт, томоохон төслүүдэд бэлтгэл үе шат чухал гэдгийг маш сайн ойлгож байх ёстой. Энэ өнцгөөс  л би тайлбарлана. Энэ төслийн бэлтгэл бүрэн хангагдсан уу, хоёрдугаарт хэрэгжүүлэхэд шатанд бүх саадыг давж чадах уу гэдгээ урьчилж тооцож болно. Тэгж байж явах ёстой. Ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл байгаа бол, биднээс үл хамаарах хүчин зүйл байж болно шүү дээ. Гадаад улс орнуудын ашиг сонирхол ч байдаг юм уу. Тэгэхлээр  бид хоёрдагч  альтернатив хувилбартай байх ёстой. Эгийн голын цахилгаан станц дээр би яг тийм бодолтой байгаа. Эгийн голын станцыг харж байхад бүтэх, эсэх нь эргэлзээтэй болчихлоо. Хоёрдагч хувилбар хэрэгтэй. Тэр нь байна уу, гэвэл байна. Заавал хөрш орны ашиг сонирхолыг хөндөхгүйгээр  илүү бага хөрөнгө зараад адилхан усан цахилгаан станц барих боломж байгаа. Тэгэхээр анхнаасаа зөвхөн үүгээр шийд гээд шийдлээ гаргачихдаг, хоёрдагч болон гуравдагч хувилбарыг хардаггүй. Яг анхандаа техникийн шатанд мэргэжилтнүүдийн түвшинд хоёрдагч хувилбар байдаг. Тэрийг авч үзэхгүй хаяад явчихаар шийдлээ олж чадаагүй ганцхан төсөлтэй зүтгэсээр арав, хорин жил болчих юм.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд уул уурхайгаа л хөдөлгөхөөс өөр гарц байхгүй гэж яриад байна?

-Мөнгө санхүүтэй ойр ажилладаг хүмүүс тэгж хэлж байгаа. Яагаад гэвэл мөнгөний хомсдол эхлээд мэдрэгдэж, мөнгөний урсгал татарсан, экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаа үед мөнгө санхүү дээр суудаг хүмүүс тэгж хэлэх нь аргагүй. Монгол банкны хувьд гадаад валютын орлого нэмэгдэх юм бол төлбөрийн гүйцэтгэх чадвар сайжирна, валютын нөөц нэмэгдэнэ, ханш тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа. Онолын хувьд зөв. Нөгөө орлого татарч байгаа шалтгаан нь биднээс хамаарахгүй. Худалдан авагч биднээс хэдий хэмжээний нүүрс авахыг бид мэдэхгүй байна. Ямар үнээр авах юм, тэр нь нэмэгдэх юм уу гэдэг нь маш эргэлзээтэй байна. Ийм нөхцөлд нэг сайхан өдөр нар гарахыг хүлээж байгаатай адилхан суугаад байж болохгүй. Тэгэхээр түүний дараа эрэмблэгдэх хоёрдахьч гуравдахьч орлого байх ёстой. Экспортын бүтцээ аваад үзэхээр 90 хувь нь уул уурхайн эрдэс баялагийн бүтээгдэхүүн, 8-10 хувь нь бусад бүтээгдэхүүн байна. Тухайлбал, экспортын 8 хувийг  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байгаа. Өнөөдөртөө бидний байгаа юм энэ. Яг үнэндээ айхтар мундаг бүтээгдэхүүн алга. Ганц нэг компани  сайн бүтээгдэхүүн хийж гадаад зах зээлд гаргах гээд оролдож байна. Сайн хэрэг. Дэмжих хэрэгтэй. Гэтэл тэр чинь олон улсын зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөөд их хэмжээгээр экспортын бүтээгдэхүүн болох яагаа ч үгүй. Түүхий эдээс илүү аж үйлдвэрийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өрсөлдөөн ихтэй. Бид ноос, ноолуур гаргаж байснаа болиод пиджак оёчихлоо. Гэтэл  дэлхий даяар пиджак хийдэггүй улс байхгүй, 180 улсаас 160 нь пиджак оёж байна. 160 улсын оёж байгаа пиджак дотор made in mongolia гэсэн пиджак оруулбал тэд  зах зээлээ тавьж өгөхгүй. Аж үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн ч үүнтэй адилхан. Бид сандал ширээ хийгээд  гадаадад гаргая гэхээр үнэ цэнээс эхлээд асуудал их байна. Гадагшаа гаргах зах зээлээ судалж байж гаргах ёстой. Монголдоо брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа гаргая гэж ярьж байгаа санаа нь сайхан боловч бодит байдал гэж нэг юм байна шүү дээ. Бодит байдал дээр зах зээлээ судлаагүй бол хэцүү. Махны экспорт үүнтэй яг адилхан гэж би дээр хэлсэн. Тэрбум төгрөгийн махны экспортын тухай ярьж болж байгаа ч гагцхүү  бодит байдал дээрх саад бэрхшээлээ ойлгох ёстой юм. Бодит зах зээлээ мэдэрч байж ямар бүтээгдэхүүн бидэнд экспортын орлого авчрах вэ гэдэг тухай ярих ёстой. Огт судлаагүй байж  “Энэ бүтээгдэхүүн маш их мөнгө олно”  гээд хүлээгээд байдаг. Юуны төлөө төрийн алба байгаа билээ. Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль байгаа билээ. Судалгаа хийх хэрэгтэй шүү дээ. ОХУ-ын эрүүл ахуйн шаардлага Монголын махны эрүүл ахуйн шаардлагыг харьцуулж харах хэрэгтэй. Ийм ялгаануудаа арилгаж байж олон улсын түвшинд хүрэх тухай ярих ёстой. Түүнд хүрсний дараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагыг хангаад олон улсын зах зээлд чөлөөтэй хүрэх ёстой. Боловсруулах үйлдвэрийн хамгийн эрсдэлтэй тал нь тэр. Өөрөөр хэлбэл, түүхий ноос ноолуурын тухайд шаардлага харьцангуй бага. Эцсийн бүтээгдэхүүн бол өөр. Технологийн, үйлдвэрлэлийн, эрүүл ахуйн гээд маш олон шаардлагыг хангаж байж тухайн улс хүлээж авдаг. Гадаад худалдааны шаардлага нь тийм. Түүнийг бид огт ойлгохгүй юм шиг хандаад байна. Яагаад гэвэл бид эцсийн бүтээгдэхүүн төдийлөн үйлдвэрлэж байгаагүй болохоор тэр л дээ. Газар дээр нь очоод үзэхээр тийм амар биш. Зэсийг хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн болгоё л гэж байна. Яг адилхан. Нарийндаа  баяжмал нь илүү борлогдоно. Яахав бид өөрсдөө яаж хийгээд хайлууллаа гэхэд үнэ нь нэмэгдэнэ. Гэхдээ  зэс гулдмайгаа аваачаад зарах гэхээр худалдан авагч буурна. Зэсийн баяжмалыг 20 улс авч байсан бол боловсруулсан зэсийг тавхан улс сонирхоно. Тэр нь манай зах зээлд ойрхон байх уу гэх мэт дахиад өрсөлдөх асуудал яригдана. Эцсийн бүтээгдэхүүн ярихын өмнө худалдан авагчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн хийж чадах уу, их хэмжээгээр хийж чадах уу, үнэ цэн нь ямар байх вэ гэдгээ бодож байж ярих ёстой. Би хувьдаа хөдөө аж ахуй, аж  үйлдвэрийн хосолсон хэлбэрээр хөгжүүлэхийг зөв гарц гэж харж байна даа.  


Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Үндэсний эрх ашгийг заримдаа дуугарч, заримдаа дуугүй байж хамгаалдаг

Сэтгүүлч Б.Энхцэцэгийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна. Сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн олон жил буюу зургаа дахь жилдээ Гадаад харилцааны сайдаар улиран томилогдсон, өмнө нь энэ яамны Дэд сайдаар... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2026 оны 05 сарын 11

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Санал болгох

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад удаан хугацаагаар дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл учрахаас сэргийлэх зорилгоор дараалал харгалзахгүй үйлчлэх шийдвэр гаргажээ.Энэхүү шийдвэрийг Хөгжлийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 23

МИАТ-ийн зорчигчид БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлгээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

МИАТ ТӨХК нь БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүрэгт байрлах “Gangnam Grand Eye” хараа зүйн эмнэлэгтэй хамтран ажиллаж эхэллээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2026 оны 10 сарын 21