2025/06/12. Пүрэв гараг Дугаар: #3402

ОНЦЛОХ

Ч.Лодойсамбуу: Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслөө татаж, асуудалд ул суурьтай хандахыг хүслээ

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 25

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы  /2025.04.24/ хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлэг болов.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар нар тус тус танилцууллаа. 

О.Алтангэрэл сайд танилцуулгадаа дурдаад хуулийн төслийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний үндсэн мөн чанар болох бусдын нэр төр, алдар хүнд, нийгмийн ёс зүй, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулахгүйгээр хэвлэн нийтлэх боломжтой байх үзэл баримтлалын хүрээнд боловсруулсан гэв.

Хуулийн төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүл зүйн үйл ажиллагаа зэрэг нэр томьёог тодорхойлж өгснөөр иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнөөс сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь ялгаатай бөгөөд үүрэг хариуцлага өндөртэй болохыг тодорхойлох ач холбогдолтой. 

Мөн хуулийн төсөлд 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дахь үзэл санаа, зохицуулалтыг бүрэн тусгахын зэрэгцээ, хэвлэл мэдээллийн салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор эзэмшлийн ил тод байдлыг хангах, эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндсийг бий болгохтой холбоотой зохицуулалт тусгасныг танилцуулгадаа дурдсан.

Төслөөр, 

  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бүгд хуулийн этгээд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, 
  • 5 хувиас дээш хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, төрийн байгууллагаас авсан төлбөртэй нийтлэл, нэвтрүүлгийн талаар мэдээлэл ил тод байх, 
  • Хэт төвлөрлөөс урьдчилан сэргийлэх, 
  • Хэвлэл мэдээллийн байгууллага нь мэргэжлийн редакцтайгаар үйл ажиллагаа явуулах, 
  • Төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн байгууллагын нийтэлсэн мэдээ, мэдээллийн талаар хүн, хуулийн этгээд тухайн редакцид болон өөрийн зохицуулалтын байгууллагад гомдол гаргах боломжтой байх, 
  • Эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулах зэрэг шинэлэг зохицуулалт тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар 

  • Хэвлэл мэдээллийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагааны хувьд хараат бусаар ажиллах, 
  • Мэдээллийн эрх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулснаар хууль бус байж болох үйлдлийг хэвлэл мэдээллээр дамжуулан илчлэх, 
  • Хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүй хөгжих боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өртгөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

АСУУЛТ

Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа сэтгүүлчид өөрийн цахим хуудас, хаягтаа нийтэлсэн мэдээ мэдээлэлдээ хариуцлага тооцох эсэх гол асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй шалтгааныг тодруулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн цахим хуудсыг гэж ойлгоно гэхээр төрийн бүх байгууллага цахим хуудас, пейж хуудсаа хаах уу гэдгийг лавласан.

ХАРИУЛТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариултдаа, хувь сэтгүүлчийг хэрхэн ёс зүйтэй байлгах вэ гэдэгтэй холбоотойгоор энэ хуулийн төслийг боловсруулаагүй. Энэ асуудал Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуулиар зохицуулагддаг гэв.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэж редакцтайгаар сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлдэг сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудас зэрэг хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Тиймээс төрийн байгууллага мэдээллээ хүргэхдээ хэвлэлийн төлөөлөгч, цахим хуудсаараа дамжуулах бүрэн боломжтой. Гагцхүү татвар төлөгчдийн мөнгөөр медиа ажил явуулдаг, рийл, нэвтрүүлэг хийх зэргээр бүтэн редакци ажиллуулаад үүнийг дахиад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг байдлыг таслан зогсоох асуудлыг тусгасан. Тусгайлан сурталчилгаа хийх шаардлагатай бол үүнийгээ нээлттэйгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хийнэ гэж төсөлд тусгасан гэлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, энэ салбарт 28 жил ажиллаж, олон удаа цагдаа, шүүхээр яваад хүн гүтгэсэн гэдэг зүйлээр ял сонсож үзээгүй сэтгүүлч хүний хувьд хэлэхэд энэ хуулийг дахиж сайн боловсруулах шаардлагатай. Хамгийн чухал нь мэдээлэл авах эрх чөлөөг нь л нээж өгөх нь зүйтэй. Мэдээллээ өгөхгүй байхаар хүн гүтгэх байдал нь бий болоод байдаг. Хүн гүтгэх эрх чөлөөг нь хаах саналтай байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Эрүүгийн хууль болон бусад хуулиар сэтгүүлчдийг барьж хорьж, хэлмэгдүүлж байгааг нэг бус гишүүн хэллээ. Нийт хэчнээн сэтгүүлчид хуулиар ял шийтгэл эдэлж, хэлмэгдсэнийг тодруулахын зэрэгцээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас сэтгүүлч, редакцийн хэвлэн нийтлэхтэй холбоотой хариуцлага хүлээх заалтыг хасаж, Иргэний хууль, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Ажлын хэсгээс манай байгууллагын хувьд дөрвөн жилийн өмнө сонгуулийн үеийг хамруулаад Эрүүгийн хуультай холбоотойгоор маргаанд орсон 206  хэргийг судлахад үүний 18 хувь нь сэтгүүлч, 80 гаруй хувь нь иргэд хоорондын асуудал байсан. Тэрхүү 18 хувиас Эрүүгийн хуулиар шийтгэгдсэн нь цөөхөн байсан ч сүүлийн үед энэ тоо ихсэж байгаа. Үүний цаана сэтгүүл зүйн үйл ажиллагааг Эрүүгийн хууль, Иргэний хуулийг ашиглан айлгах, дарамтлах, хэм хэмжээ тогтоох явдал гарч байна. Иймд сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой алдааг олон улсын жишгээр ёс зүйн хүрээнд шийддэг зөөлөн зохицуулалтруу шилжих нь зүйтэй хэмээх нэмэлт тайлбарыг хийлээ.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг би ахалж байгаа. Энэ хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн зүгээс эрх чөлөө  нэмж хүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдэлье гэсэн саналтай байгааг дурдаад ер нь эрх чөлөөг хуульчлах тусам хумигдана. Тиймээс Засгийн газраас төслөө татаж авч, асуудалд ул суурьтай хандахыг хүсэж байна гэв.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг 2025.04.25-ны чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Сэрэмжлүүлэг: Хуурамч гэрээгээр байр худалдан аваад 120 сая төгрөгөөр залилуулжээ

“Жолооны үнэмлэх гаргаж өгнө”, “визэнд оруулна”, “байр түрээслүүлнэ” зэрэг санал төөрөгдүүлэх, залилангийн хохирогч болсон тохиолдлууд.Бодит 3 кейс:Аяллын урамшуулалд итгээд — 2 сая төгрөгВизний үйлчилгээ... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 3 жилд 84 сая мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхэлсэн. Тэрбум мод тарьж, арчлан,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 06

Санал болгох

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Ирэх оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгасан

Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2025 оны 06 сарын 09