2025/06/24. Мягмар гараг Дугаар: #3414

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

С.Санжаабадам: 5 жилийн дараах давтан судалгаагаар монгол хүүхдийн хурд, тэсвэр, сэтгэлийн хөдөлгөөний чадвар сайжирсан

— Ч.Баяржаргал   2023 оны 06 сарын 15

Монголын үе үеийн эрдэмтэн, судлаачид монгол хүүхэд залуусын хөгжлийн онцлогийн талаар үндэсний хэмжээний судалгааг 2012 онд анх эхлүүлж байв. Эхний шатны үр дүнгээ танилцуулнаас хойш 5 жилийн дараа хоёр дах шатны давтан судалгааны үр дүнгээ хуваалцлаа. Монгол хүүхэд ямар онцлогтой, хөгжлийн ямар чадварууд нь хэрхэн өөрчлөгдсөн зэрэг сонирхолтой судалгааг удирдан явуулсан Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор С.Санжаабадамтай ярилцлаа. 

Юуны өмнө танд болон судалгааны баг хамт олонд 2 дахь шатны үр дүнгээ танилцуулж байгаад баяр хүргэе. Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар эхний судалгааны үр дүнг 2018 онд танилцуулж байсан. Судалгааг хийх болсон шаардлага, ажил хэрэг болгосон үеэс ярилцлагаа эхэлье?

Танай сайтад анхны судалгааны үр дүнгээ тухайн үед танилцуулж байсан. Хүүхдийн хөгжлийн асуудал, судалгааны үр дүнг сонирхон хоёр дахь удаагийн судалгааны үр дүн гарсан торгон агшинд ярилцлага авч байгаад баяртай байна.

Монгол улсын боловсролын бодлого, сургалтын агуулга, багшлах арга зүй, сургалтын орчин хэрэглэгдэхүүн нь монгол хүүхдийнхээ онцлогт тохирч байгаа эсэх талаар боловсролын салбар сүүлийн 30-аад жил шүүмжлэлд өртлөө. Хэдийгээр шинэ үеийн боловсролын хөгжил 90 гаруй жилийн туршлагатай болсон ч монгол хүүхдийнхээ онцлогийг бид тодорхойлж чадахгүй байна. Боловсролыг хувирган өөрчилж, энэ цагийн хүүхэд, залуучууд, иргэдийн хөгжлийн хэрэгцээнд нийцсэн боловсрол, сургалтыг хөгжүүлэх гэж улс бүр чармайж байгаа. Бид ч өнөөдрийг хүртэл бий болсон ололт давуу талаа ирээдүйн хөгжилд бэхжүүлэх, сул талаа засаж залруулах хариуцлагатай үетэй нүүр тулаад байна. Монгол хүүхэд ямар онцлогтой, монгол хүний талаарх бидний ойлголт хэрхэн хувирч өөрчлөгдсөн, ойрын ирээдүйд хүүхэд, залуучуудад хөгжлийн хэрэгцээ юу байх вэ гэсэн асуултуудад хариулт хэрэгтэй. Тэгвэл эдгээр асуултуудын хариултыг бид судалгааны үндэстэй гаргахаар ажиллаж байгаа юм.

2012 онд академич Н.Бэгз тухайн үеийн Засгийн газар, БШУСЯ-тай монгол хүүхдээ судлах хэрэгтэй байгаа талаар асуудал тавьж, дэмжигдсэнээр монгол хүүхдийн хөгжлийн судалгааг үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Энэхүү судалгаа нь олон улсын зөвлөх үйлчилгээг өндөр өртгөөр аваагүй, харин үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн үе үеийн эрдэмтэдийн хүч чадавхиар маш богино хугацаанд хэрэгжиж, үр дүнгээ таниулсан судалгаа болсон.

Хүүхэд, залуучуудын танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын чадваруудыг харилцан уялдаанд нь авч үзэж, цаг хугацааны хоёр өөр үед үр дүнг харьцуулан шинжилснээрээ Монгол улсад нийгмийн шинжлэх ухаанд хийгдэж байгаа анхны суурь судалгаа болсон. 

Хэдийгээр 1990-ээд онд Боловсролын хүрээлэнгээс хүүхдийн хөгжил, авьяасын судалгааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байсан ч зах зээлийн шилжилтийн үед зогссон. Энэхүү судалгаагаар хүүхдийн оюун ухаан, бие бялдрын хөгжлийг тодорхой чадваруудаар тодорхойлох ажил хийгдсэн ба хүүхдийн ерөнхий болон тусгай авьяасыг тодорхойлохыг онцолсон байдаг.

Монгол хүүхдийн хөгжлийн бенчмарктай болох нь бодлого, төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг хангахад чухал үүрэгтэй. Бид хоёр удаагийн судалгааны үр дүнгээр 3-17 нас тус бүрээр бенчмарк боловсруулснаар сургалтын түвшнээс эхлээд үндэсний бодлого боловсруулах түвшинд хүртэл хүүхдийн хөгжлийн суурь үзүүлэлтийг тодорхой болсон. Бидний хувьд энэ цаг үед буюу 21-р зуунд монгол хүүхдийн хөгжлийг судлахаар зорьсон юм.

Монгол хүүхдийн хөгжлийн судалгаа олон талаараа анхдагч, суурь судалгаа болж буй талаар онцолж байна? 

Сая хэлсэнчлэн тодорхой насны бүлгээр нь биш 3 настай, 4 настай, 5 настай.. гээд нас бүр дээр нь танин мэдэхүй, бие бялдар, нийгэмшлийн чадваруудыг тодорхойлох оролдлогыг хийснээрээ анхдагч. Ингэхдээ монгол хүүхдийн хөгжлийг нэг удаагийн судалгаагаар тодорхойлох боломжгүй гэж үзсэн бөгөөд 2, 3 дахь удаагаа давтан судалгаа хийх хэрэгтэй гэж зорьж хоёр дахь судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулаад байна.

Эхний шатны судалгааг хийхдээ бид тухайн үеийн БШУЯамтай харилцан тохиролцсон юм. Монгол хүүхдийн хөгжлийн судалгааг 3-4 жилийн зайтай, багадаа гурван удаагийн давтан судалгаа хийж байж хүүхдүүдийн чадварууд, тэдгээрийн өөрчлөлтийг тогтооно гэж. Судалгааны санхүүжилтээ шийдэж чадвал бид гурав дахь судалгааны мэдээлэл цуглуулах ажлаа хоёр жилийн дараанаас эхлүүлэхээр зорьж байна.

Хоёр дахь судалгааны цаг хугацаа нь их онцлогтой, олон өөрчлөлт гарсан жилүүд байлаа шүү дээ. Судалгааны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна? 

Энэ удаагийн судалгааг хийхэд санхүүжилтээ олох талаар бид нэлээн бэрхшээлтэй тулгарсан. Шинжлэх ухаан технологийн сан, Сайдын багцаас дэмжлэг үзүүлснээр бага өртгөөр үр дүнгээ гаргаж чадсандаа баяртай байгаа.

Мөшгөх судалгааны арга аргачлалыг нийгмийн шинжлэх ухааны салбар тэр дундаа боловсролын салбарт ашиглах арга аргачлал хөгжих суурийг бид энэхүү судалгаагаараа тавьж чадсан. Хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын чадваруудыг  давтан судалснаар судалгааны мэдээлэл цуглуулах үеийн нийгэм эдийн засгийн хөгжил ямар байсан, боловсролын салбарын хөгжлийн нөхцөл байдал, бодлогын болоод хэрэгжилтийн түвшинд ямар зорилго зорилтуудыг дэвшүүлсэн, үүнтэй холбоотой тухайн үеийн боловсролын системээр суралцаж буй хүүхдүүдийн чадварт ямар өөрчлөлт онцлог байгааг цаг хугацаанд нь дүгнэх боломжтойгоороо ач холбогдолтой. 

Хоёр дахь шатны судалгаа хийгдэх үеийн нэг онцлог нь ковид цар тахлын хөл хорио таарсан. Судалгаанд орсон хүүхдүүдийн 50-аад хувь нь хөл хорионд байсан.

Үндэсний хэмжээний судалгаа учраас амаргүй байсан байх. Ямар бэрхшээл тулгарч байв? 

Судалгааны түүврийн хэмжээ санхүүжилттэй шууд холбогддог. Судалгааны арга зүйн дагуу түүврийн хэмжээг тогтоох боломж туйлын хязгаарлагдмал байдаг нь манай улсад хийгдэж байгаа судалгаануудад тулгардаг, судлаачдыг хүнд байдалд оруулдаг нөхцөл л дөө. Бид ч мөн ийм нөхцөл байдалтай нүүр тулсан бөгөөд олдсон санхүүжилтийнхээ хэмжээнд тааруулан түүвэр хийсэн.

Нэгдүгээр шатны судалгааг хийхэд санхүүжилт хүрэлцээгүй байсан  учраас зориудын түүврийн аргаар түүврийн үндсэн нэгжийг сонгож, харин сургууль, анги, сурагчаа санамсаргүй түүврийн аргаар сонгосон. Хүний нөөц болон судалгааны стандарт аргын хувьд бид судалгааг 2012 онд эхлүүлэхэд бүгдийг боловрсуулж, бий болгох хэрэгтэй болсон. Үндэсний хэмжээнд бэлтгэгдсэн үндэсний боловсон хүчин эрдэмтдийн нөөцөд тулгуурлан хүүхдийн хөгжлийн оношлох аргачлалыг боловсруулж, туршиж сайжруулах ажилд чамгүй хүч зарцуулсан. Туршилтыг хоёр шаттай хэрэгжүүлж, зорилтод мэдээллийг илрүүлэх боломжтой аргуудыг тогтоож, үндсэн мэдээллээ цуглуулсан юм.

Бие бялдрын хэмжилт хийхэд хүүхдийн тэсвэр тэвчээрийг илрүүлэх сорил авах бэрхшээлтэй байсан. Биеийн тамирын стандарт талбайтай сургууль үнэхээр цөөн байсан. Энэ нь бидний судалгаанд бэрхшээл учруулснаас гадна судлаачид бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Учир нь тэсвэр тэвчээртэй, аливаа бэрхшээлийг даван туулах чадвар нь хүүхдийн танин мэдэхүй, нийгэмлийн хөгжилд чухал чадвар болж байна. Гэтэл уг чадварыг хөгжүүлэх орчин ихэнх сургуулийн хувьд байхгүй болжээ.

Эхний болон хоёр дахь судалгаанд хэчнээн хүүхдийг хамруулсан бэ?

Эхний судалгаанд Улаанбаатар хотын дүүргүүд, дөрвөн аймгийн 4500 хүүхэд хамрагдсан. Хоёр дахь судалгаанд эдгээр хүүхдүүдийг давтан судалж онцлог нь ямар байгааг мэдэх зорилготой байсан учраас тухайн судалгаа авсан аймаг, сум, сургуульд очиж эхний шатны судалгаанд хамрагдсан хүүхдүүдээ эхлээд сонгосон. 5 жилийн дараа гэхээр зарим хүүхдүүд маань дунд ангиас ахлах анги, зарим нь ЕБС-иа төгссөн мөн бага ангид шинээр хүүхдүүд элссэн зэрэгтэй холбоотой шинэ хүүхдүүд судалгаанд хамрагдсан. Өмнөх судалгаанд хамрагдсан хүүхдүүд болон тухайн сургуульд шинээр орсон хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар сонгож, эцэг эх нь судалгаанд оролцохыг зөвшөөрсөн нийт 5000 орчим хүүхдийг хамруулсан. Эхний болон хоёр дахь судалгаанд хамрагдсан 460-аад хүүхэд байгаа.

Эхний судалгаагаар илэрсэн хүүхдүүдийн чадварын үзүүлэлт хоёр дахь судалгаанд хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Тухайлбал, эхний судалгаан дээр хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт сул гэж гарсан байсан? 

Оюун ухаан танин мэдэхүйтэй холбоотой суурь чадвар тэр дундаас анхаарал төвлөрүүлэх чадварт 4-5 жилийн дараа буюу саяны хоёр дахь судалгаан дээр доривтой ахиц гараагүй. 

Бүх насны хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар сул хэвээр байна. 

Гэхдээ тодорхой насанд ахисан үзүүлэлттэй. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварт бага зэргийн ахиц гарсан. 

Хүүхдүүдийн танин мэдэхүйн чадварт анхаарал татсан нэг үзүүлэлт нь аливаа зүйлийн дотоод учир шалтгааныг олж, түүндээ дүн шинжилгээ хийх чадвар сул байгааг тогтоосон. Мөн бодож санаж байгаа зүйлээ ярьж илэрхийлэх чадвар өмнөх судалгааны үр дүнтэй адил сайжраагүй байна. Хүүхдийн нас нэмэгдэх тусам бодол санаагаа дүгнэж ярих чадвар сайжрах ёстой. Нас бага байх тусам тоочиж ярьдаг. Гэтэл хүүхдүүд бүх насан дээрээ тоочиж ярих хандлага давамгайлж байна.

Нийгэмшлийн чадварын хувьд монгол хүүхдүүд эерэг үзүүлэлттэй байна. Ихэнх нийгэмшлийн чадварууд нь өмнөх шатнаас ахисан. Бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бусдад ойлгуулах зэрэг сэтгэлийн хөдөлгөөний чадвар нь бага ангид сул байгаад нас нэмэгдэх тусам ахисан дүр зурагтай байна. Харин өсвөр насны хүүхдүүд аав ээжтэйгээ дотносох хэрэгцээ нь бага зэрэг суларсан. Мөн 11-17 насанд өөртөө итгэх итгэл бага зэрэг буурсан байна. 

Нийгэмшлийн чадвар дээр харилцааны чадварууд болох бусдын байр сууринд өөрийгөө тавих, дасан зохицох чадвар сайн байгаа. 

Энэ нь ковидын хөл хорионы үед хүүхэд гэр бүлийнхээ орчинд удаан хугацаанд хамт байснаар зарим талаараа нийгэмшлийн чадварууд болох дасан зохицох, харилцах, аав ээжтэйгээ ойлголцох төлөв байдалд эерэг өөрчлөлт авчирсан байж болзошгүй. Болзошгүй гэдэг нь өмнөх судалгаатай харьцуулж үзсэн байдал.

Бие бялдрын хөгжлөөр монгол хүүхдүүд хэвийн хөгжилтэй гэж өмнөх судалгаанд хэлж байсан. Энэ удаагийн судалгаагаар ямар өөрчлөлт гарав? 

Биеийн жин бага зэрэг өссөн. Тэвчээртэй байх чадвар бага зэрэг буурсан ажиглагдсан. Гэхдээ хүүхдүүд илүү хурдтай болсон байна. 

Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүүхдүүдийн хурд болон авхаалж самбаан үзүүлэлт сайжирсан.

Хөл хорионы үед хүүхдүүд гэртээ ихэнх цагаа өнгөрүүлсэн нь бие бялдарт яагаад ийм эерэг үзүүлэлт гаргав гээд тодруулж үзэхэд, Хөл хорионы дараа сургуулийн танхимаар хичээллээд удаагүй байх үед нь бид бие бялдрын хэмжилт хийсэн. Тэр үед хөдөлгөөний хязгаарлалтад байсан хүүхэд ангийнхаа хүүхдүүдийг харж, олон хүүхэд дотор ороод, хөдөлгөөний хязгаарлалтаа давж хөдлөх хэрэгцээ өндөр байсан учраас илүү идэвхтэй гүйх, авхаалж самбаатай байх, түүнийгээ илэрхийлэх сонирхол маш өндөр байсан байна. Хамт олныхоо дунд орж эерэг сэтгэл хөдлөл өндөр байсантай холбоотой гүйцэтгэл ахисан үзүүлэлттэй гарсан байж болзошгүй гэсэн үр дүн харагдсан.

Монгол хүүхдийн хөгжил, чадвар бусад улс орны хүүхэдтэй харьцуулахад ямар байна гэж үзэж байна вэ? 

Бие бялдрын хөгжлийн хувьд монгол хүүхдүүд бусад улсуудтай харьцуулахад сул доогуур байна гэж үзэхээргүй. Танин мэдэхүйн хөгжлийн хувьд ийм ийм улсуудтай харьцуулаад үзэхэд муу байна, сул байна гэж шууд дүгнэж болохооргүй.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан, хүүхдийн хөгжилд нийтлэг насны онцлогийг тодорхойлсон онолын үзүүлэлтүүд бий. Тодруулбал, Бага насны хүүхэд бие бялдрын хувьд ямар онцлогтой байдаг, нийтлэг хөгжлийн ямар зүй тогтолтой, шилжилтийн насанд ямар өөрчлөлтүүд гардаг тэр нь хүүхдийн нийгэмшил, танин мэдэхүйн чадварт яаж нөлөөлдөг талаар нийтлэг барьдаг онол, онцлогуудтай харьцуулж үзэхэд манай хүүхдүүд ялгагдах ялгаатай шинжүүд ажиглагдахгүй байна.

Нас зүй, бие бялдар, сэтгэл зүйн хувьд тухайн насны хүүхдүүдэд байдаг нийтлэг онцлогууд яг л ижилхэн ажиглагдаад явж байгаа. Гэхдээ,

Анхаарлаа төвлөрүүлэх, юмыг ажиглах, юмсыг тэвчиж, давж туулах чадварууд яльгүй сул байгаа ажиглагдсан.

Эдгээр чадвар сул байгаа нь ямар шалгаантай вэ? 

Эхний болон, хоёр дахь судалгаанд ажиглагдаж байгаа нийтлэг зүйл нь хүүхдүүдийн нас нэмэгдэж байгаа хэрээр хөгжлийн үзүүлэлтүүд сайжирч буй байдал. Харин анхны судалгаанд сургуульд хамрагдаж чадаагүй 400 орчим хүүхэд оролцсон юм. Сургуульд хамрагдаж байгаагүй болон сурч байгаа хүүхдүүдийн хооронд танин мэдэхүйн чадварт нь ялгаа маш тод харагдсан.

Танин мэдэхүйн чадварт хот хөдөөгийн байдал нөлөөлж байгаа тал байна. Боловсролын чанарын судалгаанд нэлээдгүй ажиглагддаг өрхийн орлого, эцэг эхийн боловсролын түвшин зэрэг нь хүүхдийн чадвар, хөгжилд бүгд нөлөөлж буй.

Мөн энэ удаагийн хоёр дахь судалгаанд ажиглагдсан нэг онцлог гэвэл өрхөд байх гишүүдийн тоо хүүхдүүдийн нийгэмшлийн чадварт эергээр нөлөөлсөн байдал ажиглагдсан. Олон өрхийн гишүүдтэй хүүхдүүдийн харилцаа, дасан зохицох чадвар нь цөөн өрхийн гишүүнтэй айлаас сайн байсан.

Сургууль гэрийн зай ойрхон байх нь боловсролын чанарт эергээр нөлөөлдөг. Гэтэл энэ судалгаанд,

Сургууль, гэрийн зай хол байх нь хүүхдүүдийн нийгмийн хэм хэмжээг дагаж мөрдөх чадварт эерэгээр нөлөөлсөн. 

Холоос хичээлдээ явдаг хүүхдийн аливаа зүйлийн хэм хэмжээг дагаж мөрдөх чадвар, сургууль гэр нь ойрхон байдаг хүүхдээс илүү гэсэн үг. Хичээлээс гадуурх олон талт үйл ажиллагаанд оролцдог хүүхдүүдийн бие бялдрын хөгжил оролцдоггүй хүүхэдтэй харьцуулахад илүү сайн.

Өмнөх судалгаанд ч мөн ажиглагдсан нэг үзүүлэлт нь аль болохоор эрт унтдаг хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын хөгжил нь оройтож унтдаг хүүхэдтэй харьцуулахад илүү сайн байгаа нь хэвээр харагдсан.

Нийгэмшил, танин мэдэхүй, бие бялдрын чадварын хоорондын уялдаа холбоог судалгаагаар хэрхэн гаргаж ирсэн нь сонирхол татаж байна? 

Ямар чадвар нь юутай холбогдож байгааг гаргаж ирсэн нь энэ судалгааны гол онцлог. Судалгаа эхлээд үндсэндээ 10 жил болж байна. Энэ хугацаанд ажиглагдсан эцэг эхчүүдийн нэг буруу хандлага одоог хүртэл хэвээр байгаа. Хичээлийг нь үндсэн хичээл, туслах хичээл гэж ялгадаг. Хүүхэд өв тэгш хөгжилтэй иргэн хүн болоход нь хичээлд тэгш бус байдлаар хандаж буй эцэг эхчүүдийн энэ хандлага сөргөөр нөлөөлөх талтай. 

Бидний судалгаагаар, Хүүхдийн танин мэдэхүйн чадвар сайн байх нь бие бялдрын чадваруудтай холбогддог гэдгийг нотолсон. 

Авхаалж самбаатай, хурдтай, тэсвэр тэвчээртэй байх зэрэг бие бялдрын чадварууд нь нийгэмшлийн чадвартай маш их холбогддог. 

Авхаалж самбаатай байх нь сэтгэл зүйн хувьд тэсвэр тэвчээртэй байх чадвартай холбогдож байна. Уян хатан байх нийгэмшлийн чадвар нь танин мэдэхүйн чадваруудтай тодорхой насны хүүхдэд илүүтэй хамааралтай байх жишээний. Хүүхдийн бие бялдрын хөгжилтэй холбоотой чадваруудыг хөгжүүлэхийг зөвхөн биеийн тамирын хичээлд зоож хаяж болохгүй гэдгийг судалгаагаар гаргаж ирснээрээ маш чухал ач холбогдолтой. Биеийн тамир, багийн спортын хичээлээс хүүхэд бусад хүүхдийн дунд зөв харилцаатай байх, олон хүний дунд өөрийн орон зайг олж авах, бусад хүмүүсийг таньж мэдэх, хэнтэй нь зөрчилгүй харилцах, хэнтэй нь яаж харилцах, зөрчилтэй нөхцөлийг яаж давж гарах гэх мэт танин мэдэхүйн хөгжилд хүчтэй нөлөөлөх олон чадварыг сурч мэддэг. Тиймээс бие бялдрын хөгжлийг биеийн тамирын хичээл төдийхнөөр үзэх нь хүүхдийн хөгжлийн нэг тулгуурыг сулруулж буй хор нөлөөтэй. Аль нэг  сонгосон хичээлдээ л сайн байхад болно гэх хандлага нь хүүхдийнхээ ирээдүйн чанартай амьдралд нь өөрсдөө хор нөлөө үзүүлж буй хэрэг. Үүнийг залуу эцэг эхчүүд маань одооноос анхаарч, ойлгоорой. 

Хоёр дахь судалгаагаар зарим чадвар сул, зарим нь ахисан зэрэг үр дүн, үзүүлэлтүүдийг дараагийн судалгаандаа хэрхэн тодруулж ямар шинэ арга аргачлалаар ажиллах төлөвлөгөөтэй байгаа бол? 

Анхаарлаа төвлөрүүлэх чадвар сайтай байх нь хүүхэд биеэ дайчлах, аливаа зүйлийг өөрийнхөөрөө, авхаалжтай, хурдтай гүйцэтгэх чадварт нөлөөлдөг. Гэтэл хүүхдийн сурах чадварын суурь болж буй анхаарлаа төвлөрүүлэх чадвар монгол хүүхдүүдэд нас нэмэгдэх тусам сайжрахгүй байгаа нь анхаарал татсан хэвээр байна. 

Хүүхэд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа учраас бие бялдрын бусад холбогдох чадварууд суларч гарч ирж байгаа талтай.

Энэ шалтгааныг эхний судалгаанд багш нарын заах арга зүйтэй холбож тайлбарлах гэж нэлээн оролдсон. Харин хоёр дахь судалгаанд хүнсний хэрэглээ, өөр бусад зүйлтэй холбогдож болзошгүй нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал, чихэр шоколад зэрэг сахарын агууламжтай амттан их идэх нь аль ч насны хүүхдийн анхаарлаа төвлөрүүлэх чадварт сөрөг нөлөөтэй гэдгийг хоол зүйч, шим тэжээлээр судалгаа хийдэг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс дараагийн шатны судалгаанд бид хоол, шим тэжээлийн хэрэглээтэй уялдуулж судалгаандаа тусгана.

Хүүхэд гэр бүл, нийгэм, сургууль сургалтын орчин гэх мэт олон цогц орчинд хөгжиж байгаа учраас зөвхөн боловсролоос хөгжлийн учир шалтгааныг хайх нь хязгаарлагдмал. Эсвэл зөвхөн аав ээжийн хүмүүжүүлэх хандлага, гэрийн орчноос хайх нь бас учир дутагдалтай байж болох талтай. Энэ утгаараа хоол шим тэжээл, хоолны зөв дадлыг заавал оруулах хэрэгтэй юм гэж дүгнэж байгаа.

Хоёр дахь судалгаанаас гарсан зарим үзүүлэлтүүд магадгүй дөрвөн жилийн дараа судлахаар сайжраад гараад ирж болно. Шинэ сургалтын хөтөлбөр явна, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрахыг үгүйсгэхгүй. Тэр нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарах нь бидний сонирхлыг татсан хэвээр.

Хүүхдийн хөгжил маш хурдтай өөрчлөгдөж, богино хугацаанд ахиж байна. Үүнийгээ дагаад хүүхдийн хөгжлийг судалдаг арга технолигиуд ч мөн өөрчлөгдөн сайжрах ёстой. 

Бид дараагийн судалгааг хийхээс өмнө дэлхийн бусад улсад ашиглаж буй ахисан түвшний аргачлал, практикаас суралцаж, судалгаандаа оруулах нь бас нэг том зорилт болоод байгаа.

Орчин үеийн монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг судлан түүнд нь тохирсон боловсролын систем, сургалтын арга зүйг хэрэгжүүлэхэд чиглэсэн суурь судалгааг тасралтгүй хийж байгаа баг хамт олноор бахархаж байна. Та судалгааны баг бүрэлдэхүүнээ танилцуулаач? 

Манай судалгаа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр хэрэгжиж байгаа. 2012 онд “Хүний хөгжлийн сектор” байгуулаад үүн дээрээ тулгуурлан судалгаагаа хийж байна. Үндэсний хэмжээний томоохон цар хүрээнд давтаж хийгдэхээр явж буй онцлог шинжүүдтэй судалгаа болохын хувьд МУБИС, МУИС, ШУТИС-ийн сэтгэл судлал, хүүхдийн нийгэмшихүйн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн багш нар мэргэжлийн зөвлөл болж хамтран ажилласан. 

Түүнчлэн практик сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Сэтгэл судлалын үндэсний төвийн Б.Ууганцэцэг ахлагчтай залуу судлаачдын баг хүүхдийн нийгэмшлийн талаас судлах судалгааны арга аргачлалыг боловсруулахад гол тулгуур болж ажиллав. Бие бялдрын хөгжлийн чиглэлээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн Л.Гүндэгмаа, Л.Алтанцэцэг докторууд багаараа бас нэг тулгуур болж ажиллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Аварга дээд сургуулийн Эмчилгээний биеийн тамираар сурч байгаа залуус, оюутнууд бидэнд маш их тус болж ажилласан. Мэдээлэл цуглуулах ажил нэлээн нүсэр, маш их аргачлалтай байхын хэрээр нарийн багаж техник ашиглан сорил хэмжилтүүдийг хийсэн. Нэг хүүхэдтэй ажиллах хугацаа урт. Мэргэжлийн нарийн арга техникийг шаардсан хүнд судалгаа байлаа. Ийм амаргүй хүнд судалгаандаа бид хүрээлэнгийн мэргэжлийн эрдэм шинжилгээний ажилтнуудыг мэдээлэл цуглуулах шатанд ажиллуулахыг эрмэлзсэн.

Зохион байгуулалтын талаас БШУ-ны газар, Нийслэлийн боловсролын газар, сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтнууд, судалгаанд түүврээр сонгогдож орж ирсэн ангийн хүүхдүүдийн багш нар, эцэг эхчүүд маш их дэмжлэг өгч тусалсан. 

Судалгаа бүхэлдээ үндэсний томоохон чадавх бүрдүүлсэн ажил болж байна.

Судалгааг эхлэхэд дэмжиж тусалсан, өнөөдрийн үр дүн гарах хүртэл хамтарч ажилласан бүх хүнд судалгааны багийн хамт олныхоо өмнөөс гүн талархал илэрхийлье. Та нарынхаа итгэлийг алдахгүй 3-р шатны судалгаагаа амжилттай хийж үр дүнгээ баяртайгаар хуваалцах болно оо.

Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Судалгаа: 10 хүмүүжигч хүүхэд тутмын 8 нь элэг бүтэн гэр бүлд өсөөгүй байв

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-ийн суурь судалгаагаар гэмт хэрэгт холбогдоход нөлөөлж буй зарим хүчин зүйлс нь сургуулийн завсардал байсан бөгөөд хүмүүжигч хүүхдүүдийн 36.7% нь сургууль завсардсан... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 06 сарын 09

Зодуулж, шийтгүүлж өссөн хүүхэд том болоод хүчирхийллийн хэлбэрийг хэвийн зүйл мэтээр хүлээн авдаг

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр". Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны энэ өдөр хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулахын төлөө дуу хоолойгоо илэрхийлж, нөлөөллийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2025 оны 04 сарын 30

Санал болгох

Өнөөдөр, маргааш цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 6 дугаар сарын хуваарийг зарласан. Дараах дүүрэг, хороо хэсгүүдэд өнөөдөр, маргааш буюу 6 сарын 23, 24-ний өдөр  9-18 цагийн хооронд цахилгааны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   18 цагийн өмнө

Г.Занданшатар: Урьдчилан сэргийлж болох өвчнөөр хүүхэд эндэж байгаа нь сэтгэл өвтгөж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.06.23/ Улсын Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа. Тэрбээр, Улаанбурхан өвчний эсрэг нөхөн дархлаажуулалтыг наадмаас өмнө эрчимжүүлэх мөн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэл өглөө. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө