Наадам дөхөж байгаа болохоор та бүхэндээ бөөрөнхий хуушуурны жорыг хүргэж байна.
Анх удаа хийхэд бөөрөнхий хуушуур маань жаахан зузаан гурилтай болж байсан. 2 дахь удаагаа хийхэд элдэлт нимгэн, аягүй өөртөө итгэлтэй болж ирсэн. Харин 3 дахиа хийхэд хуушуурын гуанз ажиллуулахаар л мэргэжлийн хийдэг болсон шүү.
Орц:
- 500 гр гурил
- 300 гр татсан үхрийн мах
- 300 мл бүлээн ус
- ½ Тал сонгино
- Давс, перец амталгаагаар
1. Бүх орцуудаа бэлтгэж тавина.
2. Махандаа жижиглэж хэрчсэн сонгиноо хийж, давс, перецээ нэмж сайтар базна. Махандаа ус хийх хэрэггүй. Ус хийхээр тосонд махны шүүс нь ороод тос үсэрч аюул болно. хэхэ
3. Амталсан махаа таглаад амраана.
4. Гурилаа бүлээн усаар зуурна.
5. Гурилаа уутанд хийгээд 1 цаг амраана. Уутсанд хийхээр илүү хурдан эвлэж зөөлөн болно.
6. Нэг цагийн дараа гурилаа сайтар нухаад таслана. Тасалсан гурилаа хуруугаараа дарж бага зэрэг нимгэлнэ
7. Махаа хийж чимхэнэ. Махаа их хийвэл бүлтэрч гарч ирэх гээд байдаг тул тааруулж хийгээрэй.
Чимхсэн хэсгийг доош нь харуулж бага зэргийн наранцэцэг тос түрхэж гараараа зөөлөн дарж өгнө.
8. Ингэснээр элдэхэд овойгоод байхгүй, илүү хялбар болно.
9. Элдэхдээ болгоомжтой, зөөлөн дарна.
10. Мах нь гэрэлтээд ирвэл эргүүлээд зузаан байгаа хэсгээр нь элдээрэй.
11. Тосоо сайтар халсны дараа хуушуураа шарна. Нимгэн учраас түүхийрнэ гэж айлтгүй. Хийгээл эргүүлнэ дээ.
12. Хуушуур хайрахад удахгүй болохоор бүгдийг элдэж тавиад дараа нь нэг мөсөн шарвал илүү хурдан дуусна. хэхэ.
Хуушуурны тосыг салфетканд шингээж авна.
Энэ орцоор хийхэд нийт 15-17 хуушуур болно
13. Бэлэн болсон хуушуураа нийслэл саладтай хачирлаж иднэ.
Илүү олон жор туршихыг хүсвэл www.yumlife.mn сайтад зочлоорой.