2024/05/02. Пүрэв гараг Дугаар: #2996

ЭМЧИЙН ӨРӨӨ

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Иймд уушгины өвчлөл, түүний шалтгаан, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, энэ салбарын шинжлэх ухааны хөгжил, дэвшилтэт технологийн талаар УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төвийн дарга Б.Одончимэгтэй ярилцлаа. 

Юуны өмнө та Уушги, харшил судлалын төвөө танилцуулаач. Иргэдэд ямар тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ? 

УНТЭ-ийн Уушги, харшил судлалын төв нь уушги, харшлын нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх  шаардлагатай иргэдэд оношилгоо, эмчилгээ, зөвөлгөө өгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Амбулаторийн тусламж үйлчилгээнд уушгины эмчийн үзлэг, харшлын эмчийн үзлэг, уушгины үйл онош, харшлын сорил /арьс хатгах, арьс бигнэх, эмийн сорилууд/, уушгины дуран хамаарагддаг.

Тус төв нь жилд амбулаториор 1300, хэвтэн эмчлүүлэх хэсэгт 800, уушгины дуранд 750, үйл оношийн шинжилгээг 8000 гаруй иргэдэд хийж, шаардлагатай оношийг тодруулан ажиллаж байна. Уушги, харшил судлалын төвийн эмч, сувилагч нар нь олон жилийн туршлагатай, нарийн мэргэжил эзэмшсэн бөгөөд одоогоор тэргүүлэх зэрэгтэй 5 эмч, ахлах зэрэгтэй 2 эмч, уушгины дурангийн мэрэгшил эзэмшсэн 5 эмч мөн нарийн мэргэжлийн сувилагч /үйл онош, дуран, харшлын сорилын/ нар ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Манай төв нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг профессорын болон сувилахуйн багаар амжилттай нэвтрүүлж нутагшуулсан нь цаашдын хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулсан гэж боддог.

Уушгины өвчлөл монголд ер нь ямар байна. Нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч? 

Монгол Улсын хэмжээнд халдварт бус өвчлөлийн тохиолдлын хувиар уушгины эмгэгүүд нэгдүгээрт ордог. 

Амьсгалын замын эрхтэн системийн өвчлөл статикстик тоогоор нийт өвчлөлийн тавдугаарт ордог байсан бол “КОВИД-19” цар тахлын жилүүдээс гуравдугаар байрт орсон. Манай улс сэрүүн бүсийн, эрс тэс уур амьсгалтай, агаарын бохирдол ихтэй зэргээс шалтгаалж амьсгалын эрхтний үйл ажиллагаа алдагдсаны улмаас уушгины эмгэгүүд ихсэж байна.

Мөн иргэдийн хариуцлагагүй байдал, эрүүл мэндийн боловсрол дутуугаас тамхины хэрэглээтэй холбоотой үүсэж буй уушгины архаг эмгэгүүд нь хөдөлмөрийн насны иргэдийн амьдралын чанарыг муутгаж байгаа нь гэр бүл цаашилбал улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Цар тахлын нөхцөл байдал, амьсгалын замын халдварт өвчлөл нэмэгдэхийн хэрээр уушгины нарийн мэргэжлийн эмчийн эрэлт ч нэмэгдсэн. 

Иймд бид юуны түрүүн эмч мэргэжилтнүүдээ бэлтгэх, хүний нөөцөө бэхжүүлэх шаардлага үүссэн. УНТЭ нь төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг эрхэлдэг тул орон нутгийн эмч нарыг уушгины нарийн мэргэжлийн эмчээр сурган бэлтгэж, тухайн орон нутагтаа тусламж үйлчилгээ үзүүлэхээр илгээж байна. Иргэдийн зардал, цаг хугацааг хэмнэх мөн тэдэнд хүндрэлгүй, түргэн шуурхай хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй бэлдсээр байгаа. Цаашид уушгины дурангийн эмч бэлтгэх чиглэлд анхааран ажиллах зорилго тавиад байна.

Уушгины өвчлөл дээгүүр байрт орох болсон шалтгаанууд юу вэ. Уушгийг хамгийн ихээр гэмтээдэг зүйл нь халдварт өвчин болоод байна уу? 

Уушги, амьсгалын замын өвчлөл нэмэгдэх болсон хэд хэдэн шалтгаан байна. Үүнд:

Сүүлийн жилүүдэд амьсгалын замын цочмог вирусийн халдварууд /цар тахалууд/  ихсэж, хүндэрч, нас баралт өндөр түвшинд хүрсэн. Амьсгалын замын цочмог вирусийн халдвар нь амьсгалын замаар халдварлах бөгөөд 10 сарын сүүлээс 4 сарыг хүртэл үргэлжилж эрсдэлт бүлгийн иргэд илүү халдвар авч хүндэрдэг. Эрсдэлт бүлэгт: Өндөр настай, архаг суурь өвчтэй, дархлаа дарангуйлагдсан эм хэрэглэдэг, хавсарсан эмгэгтэй, бага насны хүүхэд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс ордог.

2-т. Бактер, вирусийн шалтгаант цочмог уушгины хатгалгаа өвчний тохиолдол, нас баралт өндөр түвшинд байсаар л байгаа. Уушгины хатгаа гэж хүмүүс мэддэг ч төдийлөн тоохгүй, шинж тэмдэг илэрснээс хойш цаг алдан хүндрүүлэх, дур мэдэн эм тариа замбараагүй хэрэглэх нь өвчний эдгэрэлтийг удаашруулах, дараа дараагийн хүндрэлийг дагуулж байна. 

Одоогийн үүсгэгчүүд маш хоруу чанар өндөртэй, эмнэлзүйн шинж тэмдэг нь бүдэг балархай, илрүүлэхэд төвөгтэй байдлаар  явагдах  нь ихэссэн. 

Нэг гэлтгүй олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварууд, вирус бактерийн хавсарсан халдвар нь хатгалгаа өвчин шимэгдэхгүй удах, уушгины буглаа үүсэх, цаашлаад уушги устах гэх мэт маш их хүндрэлийг нөхцөлдүүлж байна. Уушгины хатгаатай хүмүүс яаралтай түргэн тусламжийн тасагт маш их ханддаг. Шимэгдэж, эдгэрэхдээ ч  удаж сараас илүү хугацаагаар үргэлжилж байна. 

3-т. Уушгины архаг бөглөрөлт өвчин манай улс төдийгүй бусад улс орнуудад халдварт бус өвчний шалтгааны дээгүүрт орж, нас баралтын шалтгааны 3-р байранд орж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна. Энэ нь амьдралын чанарыг ихээр муутгадаг архаг явцтай өвчин. Хувь хүнээс ихээхэн шалтгаална. Олон жил тамхи татсан, хортой эрсдэлт хүчин зүйлд өртсөн хүмүүст гуурсан хоолойн архаг үрэвсэл болон уушгины эмфизем, бөглөрөлт хэлбэрийн агааржилтын дутагдал үүсгэн эмнэлзүйд амьсгаадах, ханиалгах, цэр гарах шинжээр илэрдэг. Нөлөөлөх гол хүчин зүйл нь тамхи. Дам тамхидалт буюу гэр бүлийн гишүүн нь тамхи татдаг бол олон жил хамт амьдарсан бусад гишүүд мөн адил тамхи татсан хэмжээний өвчнөөр өвчилж буй тохиолдол олон байна. 

Уушгины архаг бөглөрөлт өвчнөөр дөнгөж 40 гарч буй идэр насныхан оношлогдож, амьсгалын дутагдалд орох буюу явж чадахгүй, хөдөлмөрийн чадвараа алдах, байнгын хүчилтөрөгчийн хэрэгцээтэй болж байгаа тохиолдол маш их. 

Уушгины эмч нар амбулаториор үзүүлж буй хүн нэг бүрд тамхинаас гарах зөвлөгөөг өгч байнга сануулдаг. Сүүлийн жилүүдэд vape хэрэглэгч ихэссэн. Мэргэжлийн эмч хүний хувьд хортой л гэж хэлнэ. Өсвөр насныхан, залуусыг хэдхэн жилийн дараа маш их эрсдэл, сөрөг үр дагавартай тулгарна гэдгийг анхааруулсаар байгаа.

Дээрх шалтгаан нөхцөлүүдийн дийлэнх нь хувь хүний амьдралын хэв маяг, дадалтай холбоотой байгааг анзаарсан болов уу. 

Жилд 3,4 удаа ханиад хүрдэг, хатгаа болдог. Ойр ойрхон ингэж ханиад томуугийн халдвараар өвдөж  байгаа хүмүүс уушги гэмтсэн эсвэл өвчилсөн эсэхээ хэрхэн мэдэж, ямар арга хэмжээ авах вэ? 

Томуу, томуу төст өвчнөөр том хүн жилд 3-4 удаа, хүүхэд 4-5 удаа өвдөх нь хэвийн гэж үздэг. Тухайн хүний дархлааны систем сайн байвал хүндрэлгүйгээр эдгэрдэг. Вирусийн эсрэг эм уух, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн юм уух, сайн унтах, амралт ажлаа зохицуулах дэглэмүүдийг  барьж, шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөдөг. Гэтэл хүмүүс томуугийн халдвар авсан үедээ эмчийн зөвөлгөөгүйгээр антибиотик замбараагүй хэрэглэх нь ихэссэн. Антибиотик вирусийн халдварт ямар ч нөлөөгүй. Үнэхээр хүндрээд, цэр гараад, ханиалгаад байвал эхлээд эмчид хандах ёстой. Эмч үзээд шаардлагатай бол цэрнээс нь бактерлогийн шинжилгээ авч байж тохирсон антибиотикийг зөвлөдөг. Иймд,

Дур мэдэн эмчлэх оролдлого нь уушгины архаг үрэвсэл үүсгэх нэг шалтгаан болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Вирусийн халдварт өртөмхий, олон дахин өвчилдөг, өндөр настай, архаг суурь өвчтэй, дархлаа дарангуйлагдсан эм хэрэглэдэг, хавсарсан эмгэгтэй, бага насны хүүхэд, жирэмсэний бүх хугацаанд, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс нь урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг вакциныг жил бүр хийлгэхийг ДЭМБ-аас зөвлөдөг.

Амбулаторид ирж байгаа үйлчлүүлэгчдийн 90-ээс дээш хувь нь ханиалгах зовиуртайгаар ханддаг. Ханиалгалтын цаана маш олон өвчин бий. Гуурсан хоолойн үрэвсэл буюу архаг бронхит, олон жил тамхи татсанаас ханиалгах эсвэл уушгины архаг бөглөрөлт өвчин, уушгины хавдар, сүрьеэ, улаан хоолойн сөргөө, харшлын гаралтай гээд олон өвчний шалтгаан байх боломжтой. Тиймээс,

Удаан хугацаанд ханиалгаж байгаа бол заавал уушгины эмчид үзүүлэх ёстой.

Уушгины нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, манай эмнэлэгт удаан хүлээгдэлгүй. Харьцангуй оочер багатай. Хамгийн олон уушгины эмчтэй, менежмент сайн хийдэг тул 2-3 хоногийн  хүлээгдэлтэй байгаа.

Гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ болон уушгины дуранг ямар тохиолдолд ямар зорилгоор хийдэг вэ? Оношилгооны ялгаанууд болон хийх заалт нь юу вэ? 

1. Уушгины гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээгээр уушгины үйл ажиллагааны  дутагдал байгаа эсэх, хэлбэрийг тогтоох /бөглөрөл, рестриктив, хавсарсан/, мэс засал эмчилгээ хийх болон хориглох заалт гаргах, өвчний үе шат, сэдрэл намжлыг тодорхойлох, хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоох оношилгоо, эмчилгээний  ач холбогдолтой. Өвчтөнд заавар өгч, тусгай бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Зөв буруу хийх, аппаратны тохируулга гэх мэт нарийн зүйлсээс шалтгаалдаг учраас туршлагатай мэргэжилтэн хийх ёстой байдаг. Манайд уг шинжилгээг туршлагажсан, чадвартай сувилагч Д.Цэвэлсүрэн 34 дөх жилдээ хийж, орон нутаг, дүүргийн мэргэжилтнүүдийг сурган ажиллаж байна.

2. Уушгины дуран нь оношилгоо болон эмчилгээний зориулалттай. Олон жил тамхи татсан, удаан хугацаанд ханиалгаж байгаа, цустай цэр гарч байгаа, ханиалгалтын шалтгаан тодорхойгүй, уушгины хатгаагаар нэг талдаа дахин дахин өвдсөн, гуурсан хоолой бөглөрсөн тохиолдлуудад уушгины дуран хийдэг.

Дуран хийхийн өмнө цээжний рентген зураг авч шаардлагатай тохиолдолд КТГ-ийн шинжилгээг төлөвлөж заалтыг гаргадаг. Уушгины дуранг хүн бүрд хийхгүй. Хавсарсан эмгэг, зүрхний эмгэг, хэм алдагдал нь аюултай эсэх, тархинд цус харвах эрсдэл байгаа эсэхийг үнэлсний дараа хийдэг. Уушгины нарийн мэргэжлийн эмч үзэж байж дуранд илгээхийг шийднэ. Мөн илгээх заалт, эсрэг заалт ч бий.

Ямар нэг байдлаар зовуурь илрээд, ханиалгалт удаан үргэлжилж, давтан хатгаагаар өвдөж, маш их цэр гарч байгаа бол амбулаторит үзүүлж, уушгины дуранд илгээгдэх тохиолдол олон. 

Манай төв улсын хэмжээнд уушгины дуранг хамгийн их буюу 7 хоногтоо 20-25 хүнд хийж байна.

Уушгины өвчлөл эмчилгээ авах, нөхөн сэргэхдээ хэр хурдан бэ. Ямар тохиолдолд уушги устах болон архаг хэлбэр, хавдарт шилжээд байна вэ? 

Хүн хоол идэхгүй хэд хоног байж чадна. Харин амьсгал авахгүйгээр дөрвөн минутын дараа хүчилтөрөгчийн дутагдалд орж, 4-7 минутад тархи үхэж эхэлдэг. Хүчилтөрөгчгүйгээр долоон минутаас цааш амьдрах боломжгүй. Хүчилтөрөгчөөр хангаж байдаг хамгийн чухал эрхтэн нь уушги, амьсгалын эрхтэн тогтолцоо юм. Тиймээс амьсгалын эрхтэн бол хамгийн чухал эрхтэн. Нөгөөтээгүүр гадаад орчинтой хамгийн их харьцдаг эрхтэн. Тиймээс өвчлөлд өртөж, гэмтэх эрсдэл нь ч их.

Гэмтсэн уушги буцаад эдгэрэх үү гэвэл эдгэрнэ. Гэвч архаг явцтай өвчлөл ихсэх хандлагатай байгааг дээр дурдсан. Гуурсан хоолойн архаг үрэвсэл, гуурсан хоолойн багтраа нэмэгдсээр байна. Хэдий тийм ч бүрэн хянаж чадаж байгаа. Өвчтөн өөрийгөө хянадаг болсон. Энэ хяналтыг бид түгээж чадсан. Цацлагын болон утлагын өндөр үнэтэй эмнүүдийг ЭМД-аар хөнгөлөлтөөр олгодог болсон. Өвчтөнүүд эмээ зөв сорж, өвчнөө хянаж сурсан.

Үүнээс гадна уушгины хатгаа, уушгины архаг бөглөрөлт өвчин, завсрын эдийн эмгэгүүд гээд уушгины маш олон өвчин байна. Бусад эрхтэн системийн эмгэгүүдийн үед мөн уушги өртдөг. 

Элэгний хатууралтай өвчтөн, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, бөөрний эмгэгтэй хүмүүст уушги устах гээд бусад өвчнийг дагалдаж хүндрэл гарч ирдэг.

Уушги цэвэрлэх, уушгинд сайн гэх янз бүрийн аргуудыг иргэд хэрэглэдэг. Энэ тал дээр та иргэдэд анхааруулж хэлэх зүйл? 

Сошиалаар сайн гэж сурталчилсан бүхнийг л хүмүүс хэрэглэж байна. Сайн гэсэн бүхнийг хэрэглээд байвал бие тэсэхгүй шүү дээ. Мэдээж нотолгоонд суурилсан анагаах ухаан нэг боловч түүнийг менеж хийх нь эмчийн чадвар юм. Ийм байтал мэргэжлийн биш хэн нэгний хэлсэн зөвлөсөн зүйлээр шууд сайн гэсэн бүхнийг авч хэрэглэх нь эргээд хор болж ч болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

Тэгвэл уушгинд хамгийн сайн зүйл вэ. Уушгиа яаж хамгаалах вэ? 

Ерөөсөө л цэвэр агаар. Ажлын өдрүүдэд хотод байхаас аргагүй бол амралтын өдөр ядаж агаарт гарах хэрэгтэй. Зөв амьсгалах, амьсгалын дасгал хийх, сайн унтах, хооллолт, ажил амралтаа зохицуулах зэргээр дархлаагаа хамгаалах нь өөрөө урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Эмч нар үүнийг байнга хэлдэг. Амьдралын хэв маяг нь эрүүл, эрүүл мэнддээ цаг зарцуулдаг бол ханиад томуу хүрэхгүй, хүрсэн ч хүндрэхгүй. Тэр хэрээр уушги эрүүл байна. Урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг амьдралын хэв маягаа болгон хэвшүүлэх нь л чухал. Үүнийг хүн бүр хийж чадна.  Нэг удаа дусал хийлгээд, эм тан уугаад дархлаагаа дэмжиж, уушгиа хамгаална гэдэг үр дүнтэй арга биш. Богино хугацааны л арга хэмжээ.

Бас нэг онцолж хэлэх зүйл нь жингийн асуудал. Сүүлийн үед хотжилт, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэргээс шалтгаалж таргалалт ихсэж  байна. Үүнтэй холбоотой эмгэгүүд үүсдэг. 

Хэвлий томрох тусам уушгиа шахдаг, амьсгалах талбай нь багасаж өвчин үүсдэг. 

120, 130 кг жинтэй хүмүүс ирж байна. Эрүүл, хэвийн жинтэй байх нь зөвхөн уушги гэлтгүй бүхий л эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хэвийн нөхцлийг хангадаг гэдгийг санах хэрэгтэй. 

Гуурсан хоолойн хэт авиан уян дуранг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн байна. Ямар хэрэгцээ шаардлага, ач холбогдолтой технологи вэ? 

2022 онд Эрүүл мэндийн яам, УНТЭ, Эрүүл мэндийн салбарын хөгжил-5, тухайн үед тус эмнэлэгийн захиралаар ажиллаж байсан Т.Мөнхсайханы дэмжлэг тусламжтайгаар Монгол улсад анх удаа “Гуурсан хоолойн хэт авиан уян дурангийн аппарат” тоног төхөөрөмж ирснээр уушгины салбарын оношилгоонд томоохон дэвшлийг авчирсан гэж боддог.

Уг дуран нь үзүүртээ эхо датчиктай бөгөөд цагаан мөгөөрсөн хоолойгоор оруулж, мөгөөрсөн хоолойн гадна байгаа томорсон булчирхай руу зүүгээр хатган эдийн шинжилгээ авч онош тодруулдаг нарийн шинжилгээний арга юм.

Хавдрын үе шатыг тогтоох, лимфома, сүрьеэ, саркойдоз зэрэг олон өвчнийг ялган оношлох боломжтой. Хавдрын үе шатыг тодорхойлох нь эмчилгээнд маш чухал ач холбогдолтой. Уушгины хавдрын оношилгоонд мэдрэг чанар 92,3%, өвөрмөц чанар 100% гэж үздэг.

Урьд нь уушгийг цээжний гадна талаас хатгах болон уушгины дурангаар эдийн шинжилгээ авдаг байсан ч голтод байгаа томорсон булчирхайнд хүрч чаддаггүй байсан. Энэ дуран уг шийдлийг гаргаж өгснөөр онош тодорхойгүй хүмүүс эх орондоо оношоо тодруулан эмчилгээ хийлгэх боломж бүрдсэн. 

2022 оны 5 дугаар сард Солонгосоос гуурсан хоолойн хэт авиан уян дурангийн мэргэжилтэнг захиргаа, гадаад харилцаа, сургалтын алба урьж 3-р шатлалын уушгины дурангийн 20 гаруй мэргэжилтэнд сургалт хийсэн. Ингээд анхны тохиолдолд уг тоног төхөөрөмжийг ашиглан ажилбарыг амжилттай хийсэн. Ажлын байран дээр ирж сургалт зохион байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд эмч, сувилагч нарыг эмнэлэгтээ сургасан, туслан дэмжсэн БНСУ-ын Ulsan University Hospital,  Тайваны Tri-service genera Hospital эмнэлэгийн хамт олон, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, нутагшуулах, боловсон хүчин бэлтгэн сургахад тусалж дэмжсэн УНТЭ-ийн захиргаа, Сургалт эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны  хамт олон, Монголын уушги судлалын нийгэмлэгийн удирдлагуудад маш их баярладгаа энэ завшаанаар хэлье.

Одоогийн байдлаар нийт 25 хүнд оношилгооны зорилгоор ажилбарыг хийгээд байна. Эдгээр тохиолдол дунд шүлсний булчирхайн үсэрхийлсэн хавдар, сүрьеэ, үрэвсэл, лимфом, саркойдоз илэрсэн.

Цаашид олон хүн хүлээгдэж байна. Энэ хүлээгдлийн цаана зүүний асуудал, тоног төхөөрөмжийн зардал зэргийг харгалзан өндөр өртөгт оношилгоонд оруулах хэрэгтэй байгаа. Нэг удаагийн зүү нь өндөр үнэтэй. ЭМД-д оруулах зайлшгүй шаардлагатай. Манайхаас саналаа өгсөн байгаа. ЭМЯ, ЭМДЕГ саналыг авч үзээд удахгүй оруулна байх гэж найдаж байна.

Ер нь уушгины хавдрын тохиолдол хэр оношлогдож байна вэ? 

Сүүлийн жилүүдэд уушгины хавдар ихсэж байна. ХСҮТ-ийн мэдээллээр жилдээ 500 орчим уушгины хавдар илэрдэг. Үүний 400 гаруй нь оройтсон буюу хожуу шатандаа илэрдэг. 

Манайд уушгины хавдрыг оношилсон тохиолдолд ХСҮТ-рүү илгээж, дараагийн шатны эмчилгээний асуудлыг шийддэг. Уушгины хорт хавдар үүсэхэд тамхи, агаарын бохирдол, мэргэжлийн хортой нөхцөл, удамшил, архаг үрэвсэл гэх мэт маш олон зүйлс нөлөөлж байна. Ихэнх тохиолдолд хавдар удаан ургаж, шинж тэмдэг илэрдэггүй.

Эмч  бидний үүрэг бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь оношлох, архаг өвчнүүдийг хянах, чанартай амьдруулах явдал юм. 

Дараагийн түвшний оношилгоо, эмчилгээ бусад улсад ямар байна. Манайх аль хэмжээнд байгаа вэ? 

Боловсон хүчин маш хурдан бэлтгэгдэж, суралцаж байна. Эмч, мэргэжилтнүүд маань чадвартай. Харин шинэ технологи нэвтрүүлэхэд санхүүжилтийн л асуудлыг шийдэх нь чухал байна.

Манайд уушгины оношилгоо, эмчилгээ сайжирч  залуу боловсон хүчнүүд бэлтгэгдэн гарч байгаа нь уушгины салбарт бусад орны хөгжил дэвшлийг нэвтрүүлэн мөр зэрэгцэн хөгжих чадамжтайг харуулж буй. Онош тодруулах, оношлох бүхий л боломж бий болсон гэж хэлж болно.


Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Г.Баярмөнх: Эрүүний үений булчингийн гаралтай архаг өвдөлт түгээмэл тохиолдох боллоо

Эрүү, нүүрний өвчлөлийн ихэнх хувийг шүдний гаралтай үрэвсэлт өвчин эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд "эрүүний үений эмгэг" түгээмэл тохиолдох болсон талаар эмч мэргэжилтнүүд хэлж буй. Маш архаг, хурц явцтай, дахилттай хэцүү өвчин аж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 29

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Банкны зээлийн шалгуур хангасан 10 мянган иргэн орон сууцтай болох боломж бүрдлээ

Засгийн газрын ээлжид хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.Тус... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

МЭДЭГДЭЛ: Фэйсбүүкт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хаягаа заавал баталгаажуулах шаардлагатай

Харилцаа холбооны зохицуулах хорооноос дараах мэдэгдлийг хийлээ. Мета компаниас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн нам эвслүүд болон хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчдэд сонгуулийн сурталчилгаанд Фэйсбүүк платформыг хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   14 цагийн өмнө