Хүн бүрд ямар нэгэн муу зуршил заавал байдаг гэх. Бидний зарим нь архи, тамхи хэрэглэдэг байхад үлдсэн зарим нь хэт их идэх, эсвэл хумсаа мэрэх зэрэг янз бүрийн муу зуршлуудыг тээж явдаг. Муу гэдгийг нь мэддэг ч больж чаддаггүй. Тэгвэл муу зуршлуудаасаа хэрхэн салж ангижрах вэ. Эсрэгээрээ сайн зуршлыг өөртөө яаж бий болгох вэ. Энэ сэдвээр бид Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн Оношилгоо, үнэлгээний албаны сэтгэл зүйч Б.Мөнхцэцэгтэй дараах яриаг өрнүүллээ.
Зуршил гэж ер нь юу вэ. Хүний оюун ухаанд яаж үүсдэг эд вэ?
Бид зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутмын амьдралдаа тодорхой хэв маягийг бий болгодог. Тиймээс бидний зайлшгүй нөхцөлд, дахин дахин давтан хийдэг зүйлс маань зуршил болсон байдаг. Жишээлбэл та шууд өглөө босоод шүршүүрт орох, шүдээ угаах эсвэл цайгаа уух зэрэг үйлдэл хийдэг. Энэ нь хүн бодож тунгаахгүйгээр шууд хийдэг үйлдлүүдийг хэлж болно.
Өөрөөр хэлбэл хүн огт бодохгүйгээр хийдэг үйлдэл гэж ойлгож болох уу?
Бидний амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг 100% гэж үзвэл үүний 40-45% нь зуршил болсон үйлдлүүд байдаг. Байнга хийсээр байгаад автоматчихсан үйлдлүүд гэж хэлж болно. Хүн өглөө босоод юм идэхээсээ өмнө заавал шүдээ угаадаг гэх мэт бодож тунгаахгүйгээр шууд автоматаар хийдэг үйлдлийг л хэлж байгаа юм.
Тэгвэл эдгээр зуршлууд нь хүмүүс бидний амьдралд яг ямар сайн, муу нөлөө үзүүлдэг юм бэ?
Сайн, муу зуршлууд гэж байна. Гэвч хүний оюун ухаан өөрөө тэдгээрийгээ сайн, муу гэж ангилж ялгахгүйгээр хийдэгт гол учир нь байгаа юм. Мэдээж хэрэг хүн өөрөө миний энэ зуршил муу зүйл шүү гэж мэддэг. Гэвч мэдсэн хэрнээ хийсээр байдаг.
Өдөрт хоёрхон ширхэг тамхи татаад сэтгэл нь ханачихдаг хүн байна. Гэтэл бүр олноор нь татаж байж сая санаа нь амардаг хүн ч байна. Татах хэрэгцээ нь хангагдсан ч зуршил болчихсон гэж ярьдаг?
Зуршлын тойрог гэж байна. Энэ нь өдөөгч буюу стресс нь үйлдэл болох тамхи татаад үр дүнд нь тайвширсан мэдрэмж авдаг. Бидний өдөр тутмын амьдралд стрессдэх, бухимдах тохиолдол олон гардаг. Ийм үед тайван байх, тайвшрах гэсэн хүсэл байсаар байдаг. Тэгвэл бид зуршлаа өөрчлөхийн тулд зөвхөн үйлдлээ өөрчлөх эсвэл өөр зүйлээр орлуулснаар тухайн буруу зуршлийг өөрчилж болох юм. Муу зуршлаасаа сална гэдэг нь түүнийгээ ор мөргүй устгаад, цоо шинэ зуршилтай болно гэсэн үг биш. Эсвэл муу зуршлаасаа салснаар та цоо шинэ хүн болчихно ч гэсэн үг биш.
Муу зуршлаа өөрчлөх эхний алхам нь “би үүнийг өөрчлөхийг хүсэж байна”, ”өөрчлөх хэрэгтэй юм байна” гэсэн бодол төрөх юм. Муу зуршил нь стресс, ганцаардал гэх мэт сэтгэл зүйн таагүй нөхцөлүүдтэй холбоотойгоор бий болох магадлал өндөр байдаг. Жишээлбэл, та тавгүйтүүлдэг нөхцөл байдлаас холдож тайвшрахын тулд тамхи татах нь элбэг байдаг шүү дээ.
Сэтгэл зүйн асуудлаас болж муу зуршилд автдаг гэж ойлгож болох нь ээ?
Яг ч тийм биш л дээ. Зарим хүмүүс бүр бага наснаасаа тамхинд донтсон байдаг. Үүний шалтгаан нь хүүхэд байхдаа найзуудтайгаа хамт байж, цагийг тэдэнтэйгээ өнгөрүүлэхийн тулд хамтдаа тамхи татах замаар тамхинд орсон байх жишээтэй.
Зарим хүн муу зуршлаа мэддэг мөртлөө түүнээсээ салахыг хүсдэггүй. Хүмүүс тэр зуршлыг нь шүүмжлэхээр өөдөөс нь эсэргүүцэж, дургүйцэж байгаа харагддаг?
Хүнд бага наснаасаа эхлээд зөв, бурууг ялгах мэдрэмж нь хөгждөг. Үүнтэй хамт ёс зүй, нийгмийн хэм хэмжээ, тэр хүний өөрийнх нь үнэт зүйл бас бий болдог. Тиймээс бага насны хүмүүжил, зөв төлөвшил их чухал. Бидний өдөр тутмын амьдралд олон саад бэрхшээл тохиолддог. Эдгээрийг эерэгээр даван туулж, өөрийгөө хохироохгүйгээр асуудлыг шийдвэрлэх гэсэн бодол маань тухайн хүн “Би энэ зуршлаа, энэ байдлаа өөрчлөх хэрэгтэй юм байна” гэсэн сэдлийг бий болгодог. Энэ нь өөрөө муу зуршлаасаа салж байгаагийн эхлэл гэж ойлгож болно.
Муу зуршлаасаа салах гэж байгаа хүний дэргэд байгаа ойр тойрных нь хүмүүс “Чиний энэ зуршил чинь буруу байна. Чи үүнийгээ өөрчил” гэх мэтээр заавал тэр эмзэг цэг рүү нь дайрах шаардлагагүй. Үүний оронд эвээр хэлж, ойлгуулж болно шүү дээ.
Ер нь бол хүн зуршлаа өөрчилснөөрөө тархиныхаа зарим хэсэгт шинэчлэл, өөрчлөлт хийж байна гэж ойлгож болно. Өөр нэг онцлох зүйл нь хүүхэд бол таны тусгал байдаг. Тэд таны хийж байгааг харж, даган дуурайдаг. Тиймээс та өөрийнхөө муу зуршлыг ядаж хүүхдийнхээ дэргэд үйлдэхгүй байх хэрэгтэй. Магадгүй та хүүхдэдээ ингэж болохгүй, тэгж болохгүй гэж сайн, мууг ойлгуулж хүмүүжүүлдэг байх. Гэтэл таны үг үйлдэлтэйгээ зөрж эхлэхэд хүүхдэд дотоод зөрчил бий болж эхэлдэг. Иймээс үнэхээр та тамхи татах нь буруу зүйл гэж хэлсэн бол яагаад гэдгийг нь тайлбарлах хэрэгтэй. Мөн өөрөө тухайн үйлдлийг хийхгүй байх нь "аан энэ нь буруу зүйл болхоор бий ингэж болохгүй юм байна" гэсэн итгэл үнэмшил бий болгодог гэсэн үг.
Миний энэ зуршил зөвхөн миний хувийн асуудал. Бусдад хамаагүй гэж үздэг хүмүүс манай нийгэмд зөндөө байх шиг?
Энэ зөвхөн миний л асуудал гэж хандах хэтэрхий амиа бодсон хэрэг. Сайн муу зуршлууд бидний өдөр тутмын үйл ажиллагааны явцад дадал болчихсон энгийн л үйлдлүүд. Гэтэл энэ нь алсдаа та өөртөө ямар амьдрал бүтээснийг харуулах том нөлөөтэй. Жишээ нь та орой хүүхдээ унтуулахдаа түүндээ юу гэж хэлдэг вэ. Толгойг нь илээд “Хайртай шүү” гэж хэлээд унтуулдаг уу. Эсвэл үлгэр ярьж өгдөг үү. Түүнчлэн та хадгаламжиндаа тогтмол мөнгө хийдэг үү. Энэ бүх өдөр тутмын зуршлаас чинь таны болон танай гэр бүлийн ирээдүйн аз жаргал, санхүүгийн аюулгүй байдал шууд хамааралтай байдаг юм.
Сэтгэл зүйн байнгын асуудалтай хүмүүс муу зуршилд өртөх эрсдэл их байдаг уу?
Энд EQ буюу тухайн хүний сэтгэл хөдлөлөө таних, илэрхийлэх, удирдах, хянах чадвар шууд хамаатай. Хэчнээн ганцаардсан, стрессдсэн, сэтгэлээр унасан хүн байлаа ч сэтгэл хөдлөлөө таниж, зөвөөр илэрхийлж, хянаж чадаж байвал заавал муу зуршилд автах албагүй. Стресс, ганцаардал, сэтгэл гутралыг тайлж болох өөр олон эерэг арга зам бий.
Зуршил бий болдог хугацаа нь ямар байдаг вэ?
Дунджаар хоёр сар гэж ойлгож болно. Гол нь таны бий болгох гэж байгаа сайн зуршил чинь ямар зуршил вэ гэдгээс их зүйл шалтгаална. Та өдөрт хоёрхон аяга ус уудаг байснаа олшруулж, таван аяга болгох гэж байгаа бол үүнд хамгийн гол нь давтамж хэрэгтэй. Давтамж, бас дахин давтамж. Та уух гэж байгаа аягатай усаа хийгээд нүдэндээ ил харагдах газар тавьчих. Нүдэнд ил харагдах газар, өөртөө ойрхон байрлал дээрээ тэр өдөөгч зүйлсээ байлгах хэрэгтэй. Харин муу зуршлаасаа салах гэж байгаа бол нүднээсээ аль болох холдуулах аргыг эсрэгээр нь хэрэглэ гэж зөвлөе.
Муу зуршилтай хүнээсээ илүү тэр хүний гэр бүлийнх нь хүмүүс санаа зовнидог шүү дээ?
Тэр хүн яагаад тухайн муу зуршилд автаад байгаа учир шалтгааныг нь ухаж ойлгох хэрэгтэй. Ингэж ойлгосны үндсэн дээр тэр хүнээ муу зуршлаас нь салахад туслах ёстой. Ингэхгүйгээр шууд л “Чи наад заваан зуршлаасаа сал” гээд чичлээд дайраад байж болохгүй. Үүний оронд тухайн хүний бодол мэдрэмжийг ойлгохыг хичээж, хүлээцтэй сонсож, ярилцаж сэтгэлийн дэм, урам өгөх хэрэгтэй.
Муу зуршилтай холбоотой шинжлэх ухааны сонирхолтой судалгаа:
АНУ-ын Эрүүл мэндийн төвийн эрдэмтэд гурван жилийн хугацаанд нэг сонирхолтой судалгаа явуулсан байдаг. Их идэх эмгэг, архи, тамхины хамааралтай болон өөр хэд хэдэн төрлийн муу зуршилтай 25 хүн дээр судалгаа хийжээ. Дээрх хүмүүсийн зуршлаа өөрчлөх үйл явцыг тархины зургийг нь авах, ДНК-д нь шинжилгээ хийх зэрэг аргаар судалсан байна. Ингээд судалтал нэгэн эмэгтэй эрдэмтдийн анхаарлыг онцгой ихээр татаж л дээ. Уг эмэгтэй нь нөхрөөсөө салсан, дээр нь нэг ажилдаа удаан тогтдоггүй хүн байж. Нэг албан газарт нэг л жил ажиллаад ажлаасаа гарч байснаас гадна архи, тамхинд донтсон байсан. Гэвч уг эмэгтэй муу зуршлуудаасаа салж, магистрт сурч, мэргэжил боловсролоо амжилттай дээшлүүлж чадсан. Шалтгаан нь уг эмэгтэй хамгийн түрүүнд өөрийнхөө муу зуршлуудыг бүгдийг нь анзаарч олж мэдсэн “асуудлуудыг бодитоор харж хүлээн зөвшөөрсөн” учраас тэр зуршлуудаасаа салахаар тэмцэж эхэлсэн. Өөртөө дүгнэлт хийсэн гэсэн үг. Ингээд тэр эмэгтэй хамгийн түрүүнд “Би ядаж л тамхиа хаяна” гэдэг зорилгыг өмнөө тавьсан. Улмаар хэт идэх зуршлаасаа салахын төлөө тэмцэж эхэлсэн. Эмэгтэйн тархины үйл ажиллагааг судлаад үзтэл тэрээр муу зуршилтай байхдаа юм идэх үед идэвхиждэг тархины хэсэг идэвхитэй ажиллаж байсан бол зуршлаа өөрчилсний дараа юм идэх үед хоол идэхтэй холбоотой тархины хэсэг илүү идэвхитэй ажиллаж байсан. Учир нь муу зуршилтай байхад зөвхөн идэх хэсэг ажиллаж байсан бол зуршлаа өөрчилсний дараа хоол идэхтэй холбоотой болон тухайн хүний бодлоо хянах, үйлдлээ удирдахтай холбоотой хэсгүүд идэвхитэй ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл зуршил бий болсон үед тухайн үйлдэлтэй холбоотой хэсэг л идэвхитэй байдаг бол зуршлаа өөрчлөх, шинэ зуршил бий болох явцад та илүү ухамсартайгаар үйлдлээ удирдаж, хянах зэрэг тархины олон хэсгүүд идэвхитэй ажиллаж байдаг. Тиймээс шинээр хийж байгаа зүйл бидэнд илүү хэцүү санагддаг.
Өөрийнхөө муу зуршлыг олж анзаарах нь хамгийн чухал юм байна гэж ойлголоо. Гэтэл өөрийгөө анзаарахгүй байгаа хүнд муу зуршлыг нь яаж ойлгуулж, мэдрүүлэх вэ?
Тушаах, буруушаах, шууд шүүмжлэхээсээ илүүтэй ойлгуулсан, санал болгосон өнгө аясаар хандах учиртай. Чамайг хүмүүс шүүмжилж буруушаагаад байна гэсэн ойлголтыг тэр хүнд өгөхөөсөө татгалзах хэрэгтэй. "Чи ингээд үзвэл ямар вэ?, Чи юу гэж бодож байна?, Яавал дээр юм шиг санагдаж байна?, Яаж тусалвал болох вэ?, Хамтдаа хичээгээд үзий" гэх мэт санаануудыг санал болгож өөрт нь бодож, сонгох, хийх хугацааг нь үлдээж, дэмжих хэрэгтэй.
Муу зуршлаасаа салахын тулд ганцаархнаа тэмцэл хийж байгаа тэр хүнд бид яаж урам зориг өгвөл зохих вэ?
- Таны дотор муу зуршилд автаж амжаагүй байх үеийн та өөрөө байгаа шүү дээ
- Үүнийг хийсэн гэж өөрийгөө буруутгахаасаа илүүтэй, үүнийг хийхгүй байх шалтгаануудыг өөрөөсөө хайгаарай
- Хэрэв та чин сэтгэлээсээ өөрийнхөө муу зуршлыг өөрчлөхийг хүсч байгаа бол танд боломж байгаа гэдгийг санаарай
Муу зуршлаа өөрчлөхөд бидэнд ДАВТАМЖ л чухал. Тиймээс "давтах, өөрчлөхийг хүсэх" гэсэн үгнүүдийг муу зуршлаасаа салахын тулд хичээж байгаа хүн бүр санаж байх хэрэгтэй. Мөн дэргэд байгаа муу зуршлаасаа салах гэж оролдож буй хүмүүстээ эдгээр үгнүүдийг хэлж, урам зориг өгч, дэмждэг байх хэрэгтэй.
АНУ-ын эрдэмтэд олон зуун хүн дээр явуулсан судалгааны үр дүнд хүн төрөлхтөнд нийт 283 өөр төрлийн муу зуршил байгааг тогтоожээ. Үүнээс 10-20 зуршлыг нь таягдан хаяж чадвал хүний ертөнц одоогийнхоосоо тэс өөр болно гэж үзжээ. Дээрх 283 муу зуршлаас 15-20 нь бага насны хүүхдүүдэд их, бага хэмжээгээр хадгалагдаж байдаг. Тэгвэл бидний хамгийн тэжээх дуртай амьтад болох нохой, муурнуудад доод тал нь 5-10 төрлийн муу зуршил агуулагддаг гэнэ.