АН-ын нэр дэвшүүлэх үйл явц олон хүнийг гонсойлгож орхижээ. Ялангуяа дүүргийн намынхаа шийдвэрийг дарга нар нь, Үндэсний зөвлөлдөх хороо (ҮЗХ) нь үл тоомсорлосон нь нэр дэвшихээр горилж байсан хүмүүст хүнд цохилт болсон бололтой. Чингэлтэй дүүргийн АН-аас нэр дэвших мандатаа авсан УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг АН-ын дээд байгууллага болох ҮЗХ нь дэмжсэнгүй.
Үүнээс болоод Б.Батбаатар намаасаа гарахаар шийдээд байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн АН-аас нэр дэвших эрхээ авсан Кёкүшюзан Батбаярыг ч ҮЗХ нь таалсангүй. Түүний оронд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэгийг дэвшүүлэхээр болсон юм. Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд Х.Баттулгатай нэг фракц бөгөөд түүний хувийн компани руу цагдаагийн шалгалт орох үед "Хэрвээ цагдаагийн хууль бус баривчлах ажиллагааг зогсоохгүй бол Засгийн газрыг унагана" хэмээн шуудхан мэдэгдэж байсан юм. Түүнд байр сууриа алдсан Кёкүшюзаны хувьд ямар сонголт хийхийг одоогоор таашгүй.