Арьсны өвчин судлалын үндэсий төвөөс Нийслэлийн цэцэрлэгт үзлэг хийхэд 30 хүүхэд тутмын 3-5 нь их, бага хэмжээгээр арьсны өвчтэй байжээ. Иймд эцэг, эхчүүд та бүхэнд хүүхдийн арьсны өвчний талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхээр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Клиникийн хоёрдугаар тасгийн эрхлэгч Э.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд үзлэг хийхэд арьсны өвчлөл өндөр байна гэсэн мэдээллийг хэлж байсан. Яг ямар төрлийн өвчин илүү илэрч байна вэ?
Арьсны урьдчилан сэргийлэх үзлэгийг манай төвөөс жил бүр хийдэг. Энэ удаа улсын цэцэрлэгүүдээс сонгон үзлэг хийсэн. Манай төвийн 2018-2020 онд хийсэн статистик мэдээллээр 0-16 насны хүүхдийн арьс харшлын өвчин 10-15 хувиар нэмэгдсэн тооцоолол гарсан. Энэ дотор илүү их зонхилж буй өвчин нь атопийн дерматит арьсны харшлын шалтгаант өвчин бөгөөд хордлого харшлын дерматит, хурц чонон хөрвөс, хавьтал харшлын дерматит гэсэн өвчин харшлын бүлэг өвчин дотроосоо илүү их тохиолдож байна.
Атопийн дерматит нь харшлын шалтгаантай арьсны өвчин бөгөөд арьсан дээр тууралт гарах, загатнах, хуурайших зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Дээрх арьсны өвчнүүдийг энгийн хүн тэр нь энэ нь байна гэж оношлох боломжгүй. Мэргэжлийн эмч үзэж оношилдог.
Арьсны өвчин удамшлаар дамждаг уу? Ямар шалтгаанаар үүсдэг вэ?
Өвчнөөсөө шалтгаалаад янз бүр байдаг. Атопийн дерматитийн хувьд ихэнх тохиолдолд удамших хандлагатай.
Хэрвээ эцэг эх хоёрынх нь хэн нэг нь бага насандаа энэ өвчнөөр өвдөж байсан бол 50 хувьд нь, хоёулаа өвдөж байсан бол хүүхдүүдийн 70-75 хувьд нь удамшдаг.
Харин бусад хордлого харшлын дерматит, чонон хөрвөс, хавьтал харшлын дерматит нь олдмол байдлаар буюу ихэнхдээ эм болон хоол хүнсний шалтгаантай үүсдэг.
Мөн хэрэглэж буй ахуйн зүйлс ч нөлөөлнө. Арьсандаа хавьтлаар хүргэж байгаа зүйлс, саван, шампунь, тос, будаг, угаалгын бодис, хүнснээс халуун ногоотой хоол хүнс, ундаа, чихэр жимс зэргээс харшил үүсдэг.
Удамшлын шинжтэй, эсвэл олдмолоор үүсэх арьсны өвчин их байна уу?
Манай төвөөс гаргасан статистик мэдээллээр 0-16 насны хүүхдүүдийн дунд атопийн дерматит буюу удамшлын арьсны өвчний тохиолдол хамгийн өндөр байна. 2018 онд манай төвөөр үйлчлүүлсэн уг өвчнөөр оношлогдсон 4360 хүн байсан бол 2019 онд 5148, 2020 оны 9 сарын байдлаар 4830 болж өссөн. Хордлого харшлын дерматитаар өмнөх оны мөн үеэс харьцангуй өндөр буюу 952 хүүхэд, чонон хөрвөс өвчнөөр 1958 хүн оношлогдсон байна.
Арьсны өвчин халдварлах, харшлахын ялгаа нь юу вэ? Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд халдварын шалтгаант арьсны өвчин илэрсэн үү?
Арьсны өвчнийг дотор нь удамшлынх, харшлынх, халдварын, вирусын шалтгаантай гэж олон хэсэг болгон ангилдаг. Дээр ярьсан өвчнүүд нь арьсаар илэрч байгаа харшлын хэлбэр юм.
Үзлэгийн явцад вирусээр үүсгэгддэг нялаанхай /моллюск/ өвчин илэрсэн. Энэ нь ихэвчлэн бага насны хүүхдүүдийн дунд тохиолддог бөгөөд ахуйн замаар халдварладаг арьсны өвчин юм. Нүүр болон эх биеийн арьсан дээр цагаан өнгийн голдоо хөөс маягын хонхорхойтой гөвдрүүт тууралтаар илэрдэг. Бид тухай бүрт нь цэцэрлэгийн багш нарт эрүүл ахуйн дэглэмийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөн ажилласан.
Арьсны өвчний шинж тэмдгийг эрт үед нь хэрхэн мэдэж болох вэ?
Эхний шинж тэмдэг нь загатнаж, арьсаар тууралт гарах. Сошиалд хүүхдийнхээ зургийг тавиад ийм тууралт гарчихлаа юу хэрэглэх вэ гэж нэг нэгнээсээ асуух, дам яриагаар эмчлэх байдал түгээмэл ажиглагддаг. Гэтэл 3000 гаруй арьсны өвчин байдаг бөгөөд бүгд арьсанд тууралтаар илэрдэг. Тиймээс аль нь гэдгийг арьсны нарийн мэргэжлийн эмч л ялгаж оношилж тохирох эмчилгээг зааж өгнө. Дур мэдэж янз бүрийн эм уух, түрхлэг түрхэх нь өвчнөө даамжруулах эрсдэлтэй.
Дүүрэг бүр арьсны эмчтэй, улсын хэмжээнд манай төв төрөлжсөн нарийн мэргэжлийн төв, арьс харшлын мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Тиймээс ЭМЯ-ны 1800-0119 утсаар болон манай төвийн 7013-5036 утсаар холбогдон үзлэгийн цаг захиалах, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Сэдрээд байна гээд байнгын эмчилгээ хийлгэх тохиолдол их харагддаг. Эдгээр арьсны өвчин бүрэн эмчлэгддэг үү?
Ургамлын харшлууд нь улирлын байдлаас болж сэдэрдэг. Ургамал хэдэн сард тоосжилт гөвж байгаагаас шалтгаалаад сарын давтамжтай сэдрэл гэж бий. Харин та бид хоёрын ярьж байгаа арьс харшлын өвчнүүд нь хоол хүнс, эмийн бодис, ахуйн зүйлс гэх мэт шалтгаанаар үүсдэг. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж тохирсон зөв эмчилгээгээ авах, хоол ундны дэглэмийг зайлшгүй баримтлах ёстой. Харшил нь эмчлэгддэг мөртлөө эдгэрдэггүй өвчин. Тиймээс харшлах зүйлсээсээ аль болох зайлсхийснээр өвдөхгүй байх боломжтой.
Яг юунаас харшил байгааг мэдсэн л бол насан туршдаа хэрэглэхгүй байх ёстой. Хэрэв юунаас харшилж байгаагаа мэдэхгүй бол сорил хийлгэн тодорхойлуулаарай.
Манай төвд арьсан дээр хатгах болон цусанд харшил тодорхойлох сорилуудыг хийдэг. Арьс хатгах сорил нь 10 төрлийн ургамалд хоол хүнсийг зааж өгсөн байдаг. Цусанд үздэг сорил нь амьсгалын замын болон хоол хүнсний 20 төрлөөр хийгддэг.
Арьс харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
Зарим хүмүүс давтамжтай харшлаад эмчилгээ хийлгээд яваад байдаг. Та яг юунд харшлаад байна гэхээр мэдэхгүй юу ч идээгүй гэдэг. Тэр хүний өвчин сэдэрч байна гэдэг нь ямар нэгэн байдлаар сэдрээгч байгаад байна л гэсэн үг. Сорил тавиулж үзээд юунаас харшилж буй нь илрээгүй бол хувь хүн өөрөө тэмдэглэл хөтлөн мэдэх боломжтой. Өглөөнөөс орой болтол юу идэж уусан, ямар гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэсэн, ахуйн зүйлс нь юу байсан, ямар орчинд очсон зэргээ тэмдэглээд хэдэн өдөр ажиглахад энэ нь олон давтамжтай учраас харшилж байж болно гэхчлэн мэдэж болно.
Нэгэнт харшилсан бол дахих хандлагатай. Тиймээс эцэг эх хүүхдэдээ маш сайн анхаарал тавьж хоолыг нь зөв сонгож өгөх хэрэгтэй. Гадуур хоолонд орчихсон халуун ногоо, пицца, зайрмаг идүүлчихсэн юмаа гээд ирдэг. Тэгээд эмчилгээ аваад шинж тэмдэг нь дарагдахаар буцаад хэрэглээд өвчинг нь сэдрээдэг. Иймд:
- Хүүхдүүддээ чипс, хийжүүлсэн ундаа, сахарын агууламж ихтэй төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн өгөхгүй байх,
- Хүүхдийн хувцсыг угаалгын нунтаг ашиглан угаасны дараа 2-3 удаа сайтар зайлах,
- Арьсны эрүүл ахуйг сайтар сахиж тогтмол усанд оруулах, хүүхдийн биeд тохиромжтой хувцаслах,
- Гарын эрүүл ахуйг чанд сахиулж бохирдсон гэж үзэх тохиолдол бүрийд сайтар савандаж угаах зэргийг анхаарах хэрэгтэй.
Байнга сэдрээгээд, эсвэл дутуу буруу эмчлээд даамжуурлаад байвал эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй вэ?
Арьсны харшлын өвчнүүд дотроос атопийн дерматит нь архагших хандлагатай байдаг. Бага насандаа энэ өвчнөөр өвчлөөд эмчийн хяналтандаа эмчилгээгээ сайн хийлгэвэл сэдрэлт хоорондын зай холдоод өвдөхгүй байх боломжтой. Чонон хөрвөс, хордлого харшлын дерматитыг буруу эмчлэх, хоол ундны дэглэм алдвал амь насанд аюултай шинж тэмдгүүд илэрдэг. Жишээлбэл,
- хордлого харшлын дерматит хүндэрвэл арьсыг бүх талбайгаар нь хамран гэмтээдэг.
- Чонон хөрвөс өвчний үед амьсгалын зам боогдох, нүд, уруул хавдах гэх мэт аюултай шинж тэмдэг илэрч, анафелаксийн шок өгөх буюу амьсгалын дутагдалд орж богино хугацаанд амь насанд аюул учруулах эрсдэлтэй.
Хүндрэл үүсэх, шинж тэмдэг илэрсэн үед анхан шатны авах арга хэмжээ нь юу вэ?
Ямар нэгэн хоол хүнс, эмийн бодис хэрэглэсний дараа богино хугацаанд арьсан дээр тууралт гарч, нүд чих хамар хавдвал гэртээ байгаа харшлын эмийг хүүхэд, насанд хүрэгчдийн тунгаар нь уугаад, өөрт аль ойрхон байрлах эрүүл мэндийн төвд хандаж анхны тусламжыг авах ёстой.
Арьсны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөч?
Орчин үеийн тэргүүлэх өвчин нь арьс харшлын өвчин болоод байна. Энэ нь хүмүүсийн амьдралын хэв маяг, ахуйн хэрэглээ, хооллолтой шууд холбоотой. Тиймээс хүүхдээ бага насанд нь олон төрлийн химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглүүлэхгүй, аль болох органик эрүүл хооллож сургаарай.
Арьсны өвчтэй хүмүүсийн хувьд байнгын арчилгаа маш чухал. Арьсаа зөв арчлах, байнга чийгшүүлэх, чанартай тос хэрэглэх, хувцаслалтандаа анхаарах, хоол ундны дэглэм барих гээд олон зүйлийг анхаарах шаардлагатай байдаг.
Эмчийн жороор тухайн тосийг түрхээд, эмээ уугаад явахад тэр эмийн дасал болох нөлөөлөл бий юу?
Эмч үзээд тодорхой хоног зааж өгдөг. Хүмүүсийн нэг алдаа нь эмчилгээгээ аваад үр дүн гараад ирэхээр нөгөө эмээ уухаа больчихдог, эсвэл тосоо замбараагүй хэрэглэх нь эргээд гаж нөлөө илрэх шалтгаан болдог. Эмч эргээд үзүүлэх хоног хугацаа заасан бол заавал үзүүлж тухайн эмийг зогсоох уу, цаашид уух уу гэдгийг хэлж өгдөг.