2024/04/26. Баасан гараг Дугаар: #2990

ЭМЧИЙН ӨРӨӨ

Р.Ганбаатар: Хүүхдээ амнаасаа хооллох нь ходоодны өвчин халбагадан өгөхтэй адил

— Б.Батцэцэг   2020 оны 12 сарын 23

Монголчуудын хамгийн их өвчилдөг хавдруудын хоёрдугаарт ходоодны хорт хавдар бичигддэг. Бидний хүнсний хэрэглээ, амьдралын буруу хэв маяг, архины хэрэглээ болон стресс нь ходоодны хорт хавдраар өвдөхөд хүргэдэг байна. Уг өвчнөөс хэрхэн сэргийлэх болон эрт үед илрүүлэх мэдээллийг хүргэхээр ХСҮТ -ийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Р.Ганбаатартай ярилцсанаа хүргэж байна.

Ходоодны хорт хавдар Монголчуудын өвдөж байгаа хорт хавдруудын хоёрдугаарт байгаагийн шалттгаан юу вэ?

Энэ нь их олон шалтгаантай. Хорт хавдар маш олон шалтгааны улмаас үүсдэг. Ганц зүйлээс шалтгаалдаг бол урьдчилан сэргийлж болно. Гэхдээ хөгжиж байгаа орнуудад тэр дундаа Монголд ходоодны хорт хавдар маш ихээр тохиолдоод байгаа нь хоол хүнстэй шууд холбоотой гэж үзэж байна. Үүнээс гадна хелико бактер, удамшил нөлөөлнө. Нэг судалгаа бий. 1950 –иад онд АНУ –д ходоодны хорт хавдар зуун мянган хүн ам тутмын 60-70  хувьд хүрч байсан. Гэтэл хөргөгч бий болж хэрэглээнд нэвтэрснээр энэ тоо эрс буурсан байдаг. Бараг арав дахин буурсан байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоол хүнсийг шинээр нь чанарыг нь алдагдуулахгүй хэрэглэж хэвших нь ходоодны хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг харуулж байна.

АНУ –ын 1950 оны хүнсний хэрэглээний нөхцөл байдлыг, одоогийн Монголчуудынхтай адилтгах гээд байна уу?

Бас өрөөсгөл. Монголчууд хэдийгээр хөргөгч хэрэглээд удсан ч гэсэн хүн амын зарим хэсгийн хэрэглээ ямар байна вэ гэдэг нь асуудал мөн. Жишээ нь хөдөөгийн тэр дундаа нүүдэлчин ард түмэн тэр болгон хүнсээ горимоор нь хэрэглэж байна уу? Хотынхонтой харьцуулахад хоёр өөр үзүүлэлт гарах байх. Зөвхөн хүнсийг горимынх нь дагуу хадгалж идэхээс гадна тухайн бүтээгдэхүүний чанар, архины хэрэглээ ходоодны хавдраар өвдөхөд нөлөөлнө. Мөн Монголчуудын буруу зан үйл буюу амнаасаа хүүхдээ хооллодгоос хелико бактери шууд халдварлаж ирээдүйд өвдөх эрсдлийг бий болгодог.Хелико бактери насанд хүрэгчид дунд маш өндөр тархацтай байхад аав ээжүүд хүүхэддээ түүнийгээ өгөөд байж болохгүй.  Хүүхдээ амнаасаа хооллох нь ходоодныхоо өвчинг санаатайгаар өгч байгаатай төстэй харагдана.

Хоол хүнсний хэрэглээний яг ямар шалтгаан нь ходоодны хорт хавдрыг үүсгэхэд нөлөөлөөд байна вэ? Чанаргүй хүнсний бүтээгдэхүүн үү? Хадгалалт уу? 

Ер нь бол бүгдээрээ л нөлөөлж байдаг. Зарим тохиолдолд чанаргүй хүнс, хэт их идэлт, архины хэрэглээ гээд. 1980- 1990 оны үед ходоодны гарах хэсгийн хортой хавдар их байсан. Үүнийг хөгжиж байгаа орнуудад их тохиолддог хавдрын байрлал гэж үздэг байсан. Сүүлийн үед ходоодны амсар хэсгийн буюу дээд хэсгийн хорт хавдар ихэсч байна. Энэ нь хүсний бүтээгдэхүүний чанар, хэрэглээтэй холбоотойгоор өөрчлөлт гарч байна гэсэн үг. Мөн давсны хэрэглээг анхаарах хэрэгтэй. Япон, Солонгосчууд хэдийгээр хүнсний хэрэглээ сайтай ч далайн бүтээгдэхүүний давсалсан хэрэглэлээтэй холбоотойгоор ходоодны хорт хавдрын гаралтаар дэлхийд өндөрт бичигдэж байна. Үүнээс дүгнэлт хийхэд л кимчи, далайн даршилсан лаазалсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэмгүй байгаа юм.

Ходоодны хорт хавдар гэж ямар өвчин бэ?

Энэ бол ходоодны салстаас үүссэн эсийн замбараагүй ургалт. Зогсох болон буцах механизм байдаггүй. Жишээ нь хаван буцаад буугаад арилдаг бол хавдар эсрэгээрээ. Нэг л томорсон бол тэр чигээрээ томорч бусад эрхтэндээ нөлөөлдөг. Үндсэн үүргээ гүйцэтгэхээ байсан эсүүд маш ихээр ургаад ирэхээрээ тухайн организмаа мөхөлд хүргэдэг. 

Ходоодны хорт хавдар эдгэх үү?

Эрт л оношилж чадвал эдгэрэх бүрэн боломжтой. Эрт оношлогдох тусмаа эдгэрэх магадлал өндөр, хожуу шатанд бол хэцүү. Хагалгаа хийхэд төвөгтэйгөөөс гадна үр дүн муу гардаг. Ходоодны хорт хавдрын нэг статистик бий. Хожуу шатан орсон ходоодны хорт хавдарт хагалгаа хийхэд эхний хоёр жилдээ 80 хувь нь дахидаг. 

Харамсалтай нь ходоодны хорт хавдраар өвдөж байгаа Монголчуудын 70 хувь нь 3,4 –р шат буюу хожуу шатандаа оношлогдож байна.

Эрт оношлохын тулд хувь хүн хэрхэх ёстой вэ? Ямар зовиур илрэхэд анхаарах ёстой вэ? 

Эрт оношилж мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Жилд нэг удаа байхад ер нь хорт хавдрыг эрт үед илрүүлэх магадлал өндөр. Жишээ нь Японы Сони корпарици гэхэд 40 наснаас дээшхи хүмүүсээ жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг байх жишээтэй. Энэ нь олон талын өгөөжтэй. Энэ нь бүр хуульчдагдсан. Зарим хүмүүс нь эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахгүй байж байгаад хавдраар өвдвөл даатгалыг нь өгдөггүй байх жишээтэй.  

Япон улсад илэрч байгаа ходоодны хорт хавдар 70 –аас дээш хувь нь эрт шатандаа илэрч байна. 

Эдийн засгийн нөхцөл байдлаар нь хашисны нэг талын ач холбогдол. Манай улсад гэтэл машинаа үзлэгт заавал оруул гэж шахдаг хэрнээ эрүүл мэндийн тал дээр ширхэг ч ийм бодлого байхгүй.

Анхаарч эхлэх ёстой шинж тэмдгүүдийн тухайд ядарч сульдах, турж эцэх, цус багадалтын шинжүүд, хоолонд дургүй болох, хоолонд горойж тээглэх шинж тэмдгүүд илэрнэ. Мэдээж хүндэрсэн бол өвдөлтүүд мэдрэгдэнэ. Нэг зүйлийг анхаарахад хорт хавдрууд эхэндээ ямар нэгэн зовиур өгдөггүй. Ийм учраас л урьдчилан сэргийлэх үзлэг гэж яриад байгаа юм. Жишээ нь хадвраар өвдсөн хэн нэгнээ эмчлүүлээд явж байгаа ар гэрийн зарим хүмүүс би ер нь нэг үзүүлье гэсэн бодолтой болж үзүүлэхэд зарим тохиолдолд хавдар илэрнэ. Давуу тал нь өвчнөө мэдлээ, тэхдээ эрт үед нь илрүүлж чадлаа. Тэр хүнд эдгэх боломж байна.

Урьдчилсан үзлэгт гэдэгт ямар шинжилгээ үзлэг орох вэ?

Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхийн тулд дурангийн шинжилгээ хамгийн түрүүнд хийлгэх нь зөв. Дурангаар бол 98 хувьтай оношилно. Өөр маш олон шинжилгээ байна. Цус, эход харуулах, компьютер томограф гээд байна л даа. Ходоодны хавдрын хувьд дурангийн шинжилгээ хамгийн чухал.

Хэдэн насны хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь зөв бэ? 

40 өөс дээш насныхан. Тохиолдлуудын ихэнхийг 40 өөс дээш насныхан эзэлж байна. Ходоодны хорт хавдар хэт залуу насны өвчин биш. 40 –өөс дээш наснхыан өвдөх магадлал өндөр  учир анхааралдаа авах хэрэгтэй. Гэхдээ залуу хүн архи их уудаг бол, хелико бактери өндөр бол мөн анхаарч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй.

Хорт хавдар мэдэгдэхгүй яваад байдаг гэж байна. Хэр удаан мэдэхгүй явчихад хүндрэх магадлалтай вэ?

Хавдар үүссэнээс хойш зургаан сарын дотор хавдар үүсээд мэдэгдэхүйц хэмжээнд хүрлээ гэж үздэг. Хавдар судлалын үндэсний төвд хандаж байгаа хүмүүсийг хараад байхад өвдөөд хоёроос гурван жил явсан хүмүүс хандаад байна уу гэж харагдаж байгаа. Жишээ нь 2010 онд дурандуулахад зүгээр байсан хүн 2013 онд дурандуулахад хортой хавдар үүсээд 2-3 р шатандаа орсон байгаа юм. Үүнийг яг дурандуулснаас хойш үүсчээ гэж үзвэл 2-3 жилийн дотор хорт хавдар 3 -р шатандаа хүрчээ гэж харж болохоор.

Яг ямар хоол хүнс хэрэглэвэл хавдар үүсэх эрсдэлтэй, эсвэл сэргийлж чадна гэж зөвлөх вэ?

Яг ийм хоол хэрэглэвэл ходоодны хорт хавдраас сэргийлнэ. Эсвэл муу гэсэн судалгаа огт байхгүй. Тийм бол хүн бүхэн сэргийлэх боломжтой. Зохистой хэрэглээ, хэмжээ гэдгийг анхаар. 

Өглөө хөнгөхөн, өдөр махан хоол, орой хөнгөхөн гэх мэт. Ер нь бол хэт их идэхгүй байх ёстой. Давсны хэрэглээгээ хяна, багасга. Сайн хоол хүнс гэвэл шинэ, шинэлэг байх хэрэгтэй. 

Монголчууд бүгдээрээ л хоносон хоолоо идэж л байдаг. Бас сонин нь дөчин жил нэг гэрт амьдарч нэг тогооноос хооллосон эхнэр нөхөр байлаа гэхэд нэг нь хорт хавдраар өвдсөн байх жишээтэй. Тэгэхээр хувь хүний биеийн онцлог удам, ген нөлөөлж байгаа юм. 

Хэрвээ аав, өвөө, ээж нь ходоодны хорт хавдраар өвдөж байсан бол би өвдөх магадлалтай гэж ухамсарлаад хоёр жилд нэг удаа дурандуулах л хэрэгтэй.

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар Монголчууд хэр их өвдөж байна?

Монголчуудын өвдөж байгаа нийтлэг таван хорт хавдрын эрэгтэйчүүдийн хувьд тавд орж байна. Сүүлийн үед ихсэх хандлагатай байна. Шалтгаан нь удамшлын шинж давамгайлаад байгаа нөхцөл харагдаж байна.

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар үүсч байгаа шалтгаан нь юу байна?

Шалтгаан олон янз. Хүнсний болон цаг агаар, хорт хавдрын урьтал өвчин. Урьтал өвчин буюу хоргүй ургацаг, хавдраас шалтгаалж байна. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын тухайд хоргүй ургацаг нь хортой болох магадлал их өндөр байдаг. Энэ ургацагийг цаг тухайд нь авхуулах хэрэгтэй.

Хэдэн насны хүнд хамгийн их тохиолддог вэ?

60 наснаас дээшхи хүмүүс өвдөх нь их байна. Бүдүүн шулуун гэдэсний хавдар мөн л хожуу шатандаа оношлогдож байна. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэг нь таатай биштэй холбоотой байх магадлалтай. Энэ хавдрыг дурангийн шинжилгээгээр илрүүлнэ.

Илрэх шинж тэмдэг?

Хорт хавдар өвчний нийтлэг шинж тэмдгүүд илэрнэ. Бусад өвчинтэй андуурагдах магадлалтай. Жишээ нь аюулхай нь өвдөөд бусад шинжилгээ өгөөд яваад байх жишээтэй. Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдрын үед цус багадалт ихээр илэрдэг. Үүний эсрэг цус багадалтын эсрэг эмчилгээ хийгээд явах нь ч бас байгаад байна. Зарим тохиолдолд шууд түгжрэл үүсдэг. Хагалаад үзэхэд бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар үүсчихсэн байдаг.

Эрт үедээ оношлохын тулд?

Тавин наснаас дээш таван жилд нэг удаа дурангийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Өтгөн дэх далд цус үзнэ гэж бий. Гэхдээ Монголд сайн хөгжөөгүй байна.

Яагаад эрэгтэй хүн бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар өвдөх нь элбэг байна вэ? 

Хоол хүнсний хэрэглээ. Тамхи, архины хэрэглээнээс хамааралтай. Биеийн жин их. Эдгээр нь шууд биш дам нөлөөлдөг гэж үздэг.

Дээрх хоёр төрлийн хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ? 

Жил бүхэн машинаа оношлуулдаг шигээ л өөрийнхөө биеийг үзүүлж сураачээ гэж хэлмээр байна. 

Ингэж хэвшвэл ядаж л эрт үедээ өвчнөө оношилно, тэр хэмжээгээрээ эдгээх магадлал өндөр. Мөн эрсдэлтэй зан үйлээсээ татгалзах хэрэгтэй. Үүнд архи, тамхины хэрэглээг оруулж болно. Жилд нэг Монголд хүнд ногдох архины хэмжээ 30-40 литр гэсэн судалгаа байна. Ийм байхад өвдөхгүй яах юм бэ? Хоолны их, бага хэмжээгээ бас хянах хэрэгтэй.

Стресс ходоодны өвчин хоёрыг их холбож үздэг?

Стресс бол ходоодонд их бага хэмжээгээр нөлөөлдөг нь үнэн. Хүн бүхэн өөр л дөө. Стрессээс болоод ходоод нь цоорсон тохиолдол ч байна.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

Б.Одончимэг: "Гуурсан хоолойн хэт авиан уян дуран"-аар онош тодруулах хүлээгдэл нэмэгдсээр байна

2023 оны хавдрын нөхцөл байдлын тайлан мэдээгээр манай улсад жилд 7244 хавдрын тохиолдол шинээр оношлогджээ. Тэргүүлэх 5 хорт хавдрын 3-т уушгины хорт хавдар орж байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 18

Б.Золбоо: Бамбайн зангилаа томроход тамхи хамгийн их нөлөөлдөг. Мөн В-ийн төрлийн бүх витамин хориглох заалттай

Улс орон даяар хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд бамбайн зангилаа маш ихээр оношлогдох болж. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 11

Санал болгох

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хоршоо байгуулах зэрэг хөтөлбөрт 5 их наяд төгрөг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2024.04.24/ дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав)... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр