2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Р.Энхтүвшин: Гэр бүлийн уур амьсгалаас таны амжилт, карьер бүх зүйл шалтгаалдаг

— Ч.Баяржаргал   2020 оны 12 сарын 30

Бид бүхний хамгийн аз жаргалтай, амар тайван, сэтгэл ханамжтай байх ёстой газар бол гэр. Гэр бүлийн халуун дулаан харилцаа, эерэг уур амьсгалаас бидний амьдралын амжилт, карьер, эрүүл мэнд гээд олон зүйлс шалтгаалдаг. Тиймээс бид энэ сэдвээр АШУҮИС-ийн багш, сэтгэл заслын эмч, анагаах ухааны докторант Р.Энхтүвшинтэй ярилцлаа.

Гэр бүлийн уур амьсгал муудахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлс юу вэ? 

Гэр бүл гэдэг бидний хамгийн их өөрөөрөө байж чадах газар бөгөөд амьдралын чухал хэсэг юм. Нийгмийг бүрэлдүүлдэг жинхэнэ эд эс нь гэр бүл. Гэр бүлийн хмүүүсийн харилцаа, уур амьсгал эрүүл байснаар тухайн гэр бүл аз жаргалтай байх боломж бүрдэнэ.

Гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж болох хэдэн мянган шалтгааныг нэрлэж болно л доо. Бүлэглээд авч үзвэл нийгмийн шалтгаан түгээмэл байна.Үүнд гэр бүлийн хүмүүс нь ажил төрөлтэй байна уу, өөр өөрсдийн гэсэн нийгэмд эзлэх байр суурьтай байна уу, нийгэмд эзэлдэг өөр өөрийн эрхүүдээ эдэлж чадаж байна уу гэх мэт. Хоёр дахь том шалтгаан нь сэтгэл зүйн хүчин зүйл. Үүнд гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа, бие биенээ ойлгодог ойлголцол, хувь хүн болгоны хэв шинж, зан араншин, хоёрдогч гэр болох ажил, сургууль, цэцэрлэг гэх мэт газраас авч буй гадны нөлөөлөл, гэр бүлийн хүмүүжил, эдийн засгийн хувьд хангамжтай байгаа эсэх нь нөлөөлдөг.

Нийгмийн хүчин зүйлсээс гадна гэр бүлийн уур амьсгалд гишүүдийн үүрэг, оролцоо ямар хэмжээнд нөлөөлдөг вэ?

Хүн бүр өөр өөрсдийн оролцоотой. Хүүхэд хүртэл оролцоотой байдаг. Гэр бүл дотроо ээж, эмээ, өвөө, аав, ах, эгч, хүүхдүүд гээд янз янзын гишүүдээс бүрдэнэ. Гэхдээ гэр бүлийг тогтоон баригч багана бол эцэг, эх хоёр. Энэ хоёр хүний харилцаа ямар байхаас гэр бүлийн уур амьсгалын үндсэн чиг хандлага тодорхойлогддог.

Нийгмийн харилцаанд орохдоо хүн маш их стресс, сөрөг зүйлст өртөж байдаг. Уг сөрөг сэтгэл хөдлөл, уур бухимдлаа гэр бүлдээ гаргадаг байдал ч их анзаарагддаг. Сэтгэл зүйн асуудал, хямралаасаа гэр бүлийн уур амьсгалаа хэрхэн хамгаалах вэ? 

Хувцасныхаа бохирыг сэгсэрдэг шигээ сэтгэлзүйн асуудлаа сэгсрээд гэртээ ор гэж ярьдаг л даа. Үнэн хэрэгтээ гэр бүл доторх сөрөг уур амьсгалаа ажил, хичээл дээрээ, найз нөхөддөө гаргадаг байдал илүү их байна. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны стрессээс илүү гэр бүлийн стресс манай нийгэмд маш их байгаа нь анзаарагдаж байгаа.

Гэртээ аз жаргалтай байдаг хүн ажил дээрээ амжилтгүй, уур бухимдалтай байлаа ч тухайн хүний аз жаргалын хувь нь тэгж их унадаггүй. Харин ажил дээрээ бүтээмжтэй, мундаг нь байсан ч гэртээ стресстэй байгаа хүний аз жаргалын индекс илүү доошоо унадаг.

Учир нь хүний аз жаргалын индексийг хамгийн сайн бүрдүүлдэг хүчин зүйлс гэр бүл дотор л байдаг. Ажлын байран дахь стрессийг гэртээ аваачих нь мэдээж буруу. Гэхдээ гэр бүл доторх асуудлаа шийдээгүй бол ажил дээрх стрессээ мянга сэгсрээд ч гэр бүлийн харилцаа сайхан болохгүй. Үүнд л гол асуудал байгаа юм.

Гэр бүл доторхоо бид хаядаг, мартдаг. Гэр бүл дотор байгаа уур амьсгал, ойлголцлыг энэ бол жижиг зүйл гэж боддог. Гэтэл амьдралын карьер, амжилт, эдийн засгийн түвшин дээшээ, доошоо болох бүх зүйл гэр бүлийн уур амьсгалтай шууд холбоотой.

Эмэгтэй хүн гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлдэг гол хүн. Бүх зүйл эхнэрээс л шалтгаална гэсэн хандлага хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

Зөвхөн эмэгтэй хүнээс гэр бүлийн уур амьсгал хамаардаг гэдэг чинь их утгагүй. Үүний цаана хатан ухаан яригдах байх л даа. Хатан ухаантай эмэгтэй хүн л байгаад байвал гэр бүл супер болчихдог гэвэл уучлаарай, ийм үлгэр шиг зүйл байхгүй. Эмэгтэй хүн гэр бүлийн амьдралд мэдээж нөлөөлнө. Гэхдээ эрэгтэй хүн ч бас гэр бүлийн уур амьсгалд хүчтэй нөлөөлдөг.

Эрэгтэй хүн физиологи, биологийн хувьд өөрийн гэсэн үүрэгтэй, эмэгтэй хүн ч мөн адил. Эцгийн эрхт ёсны жишгээр эрэгтэй хүмүүс ан агнаад, зоригтой үйл гаргаад, гадуур яваад, эмэгтэйчүүд гэр орныхоо тулга тойрсон асуудлыг шийддэг гэдэг ойлголт ард үлдээд олон жил өнгөрсөн. Харилцааны хандлага, жишиг ч цаг үеэ дагаад өөрчлөгдөх хэрэгтэй. Зарим нэг гэр бүлийн хувьд эмэгтэйчүүд нь карьераа хөөж, эрчүүд арыг нь даадаг тохиолдол зөндөө бий. Үүнийгээ хоорондоо ойлголцоод хүлээн зөвшөөрчихсөн учраас асуудал байхгүй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийлэхдээ эрэгтэй нь эмэгтэйгийнхээ, эмэгтэй нь эрэгтэйгийнхээ нүдээр харж, хандаж сурах нь чухал. Өөрөөр хэлбэл эхнэрээ эмэгтэй хүн, нөхрөө эрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Ингэхийн тулд хүний хүйсийн онцлог шинжүүдийг мэдэх хэрэгтэй болно.

Эмэгтэй, эрэгтэй хүмүүс сэтгэлгээний хувьд тэс хөндлөн сэтгэдэг.

Эрэгтэй хүмүүс ямар нэгэн зүйл хийгээд эхэлбэл түүндээ бүх анхаарлаа хандуулдаг онцлогтой. Жишээ нь нөхөр нь хөлбөмбөг үзэж байтал эхнэр нь шийдвэрлэх  чухал асуудал танилцуулж, ярилцахаар дэргэд нь ирвэл уучлаарай, таны нөхөр анхаарч урт хугацааны ой санамжиндаа авч чадахгүй. Энэ тохиолдолд юу болох вэ гэвэл эхнэр анхааралд нь орж чадаагүйдээ ууралж, бүр сүүлдээ чи надад хайргүй юм байна бла бла бла ингээд муудалцах жишээтэй.

Гэтэл эхнэр нь хоол хийнгээ утсаар ярьж байтал нөхөр нь зурагтын суваг солиход эхнэр үзэж байсан юм соличихлоо гэж уурлана. Учир нь эмэгтэй хүн хоол хийнгээ хүүхдээ хардаг, хувцсаа угаадаг, бас хүнтэй утсаар ярьж, давхар зурагт ч үзэж чадна. Маш олон зүйлийг нэг дор хийж чаддаг энэ байдал нь зөвхөн танай эхнэрийн биш эмэгтэй хүний байгалиас заяасан онцлог шинж юм. Энэ зүйлийг мэдэхээс л дэргэдэх хүнээ хүлээн зөвшөөрөх суурь тавигдана.

Дэргэдэх хүнээ хүлээн зөвшөөрөх нь харилцаа эрүүл, эерэг байхад маш их нөлөөтэй гэж та хэлэх гээд байна уу? Хүлээн зөшөөрөхөд хэр хугацаанд ямар замыг туулах хэрэгтэй болдог бол? 

Тийм. Бие биенийгээ хүлээн зөвшөөрч, нэг цул болохын тулд тодорхой хугацаа, сэтгэл санааны маш их хүч шаардагдана. Энэ хүч хоёр хүний хайраас бий болдог. Эхнэртээ, нөхөртөө хайртай бол үүнийг даваад л гарна.

Залуу гэр бүлүүд эхний хоёр жилдээ маш идэвхтэй, гал халуун хайрандаа аз жаргалтай байдаг. Гурваас тав дахь жилдээ хамгийн их тэмцэл өрнөдөг. Энэ нь ихэвчлэн бие биеийнхээ өргөс, үзүүр мэт муу зан чанаруудыг олж мэддэгтэй холбоотой. Хүмүүс үүнийг тар нь танигдаж байна даа ч гэж ярьдаг. Яг үнэндээ хүн болгонд сайн тал ч бий, муу тал ч бий. Хайрласан хүнийхээ муу зан чанарыг мэдэх үедээ түүнийг нь зохих хэмжээнд хүлээн зөвшөөрөх биш түүнтэй нь тэрсэлдэж эхлэх нь бие, сэтгэлийнхээ аль нэг хэсгийг үрүүлж, өвдөж буй мэдрэмжийг нөгөө хүн нь авч байдаг. Энэ өвдөлтийг тэсч гарах нь хосуудын урт амьдралын дардан замыг нээж өгнө. Өөрөөр хэлбэл эрүүл, жинхэнэ харилцааны нэг шинж тэмдэг. Үүнийг л хайргүй, хүндлэлгүй гэдэг ойлголттой андуурч болохгүй. Эцэст нь дасан зохицол эхэлдэг.

Ингээд гэр бүлүүд арван жилийн дараа гэхэд арай өөр болсон байдаг. Нэг нэгнээ бараг л харцаараа ойлгож мэдэрдэг болчихдог. 20 жилийн дараа хоёулаа ижилхэн зүйл сонирхож эхэлнэ. Эдгээр цаг хугацаанд өвдөлт заавал ирдэг ба түүнийг мэдэрч, даван туулснаар жинхэнэ гэр бүл оршин тогтнодог.

Хэрэлдэж, муудалцдаггүй, үл ойлголцол гардаггүй гэр бүл гэж байвал энэ нь хуурамч гэр бүл байх магадлал өндөр. Хуурамч гэдэг нь өөрийнхөөрөө байж чаддаггүй тухай л хэлж байна. Өөрийгөө 100 хувь нугачин дардаг. Зөвхөн эхнэрийнхээрээ байх ёстой, нөхрийн зөв гэх мэт. Ингэж удаан явбал бие махбод, эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийллүүд гарч эхэлдэг. Хүчирхийлэлийг зөвхөн эрэгтэй хүн үйлддэггүй.

Бие махбодын хүчирхийллийг эрчүүд илүү үйлддэг байж болох ч сэтгэл санааны хүчирхийллийг эмэгтэйчүүд илүү их үйлддэг.

Хосуудад тулгардаг дараагийн асуудал бол нас ахисан ч харилцаа, хайр сэтгэлээ залуу үеийнх шигээ авч явах хүсэл байдаг. Хамт амьдарсан он жилүүд уртсах тусам уйдах, сэтгэл хөрөх гэх мэт асуудлууд бас үүсдэг? 

Нэг зүйлийг ойлгочих хэрэгтэй. Залуу насандаа аз жаргалтай амьдарсан бол нас ахисан ч тэр аз жаргал зайлж одохгүй. Магадгүй улам бүр хайртай болдог тохиолдол ч олон байдаг. Магадгүй залуу гэр бүл байхдаа урт хугацаанд үргэлжилсэн тодорхой асуудлуудтай байсан бол нас ахих тусам нөгөөх нь ужгирдаг. Хуурамч, эв түнжингүй, хоорондоо байнгын хэрүүл маргаантай, архидалт, сексийн асуудалтай байсан гэх мэт. Эдгээр шалтгаанууд олон жил үргэлжилж, гомдол, тунирхлаа тайлахгүй урт хугацаанд явчихсан байвал тодорхой хугацааны дараа энэ нь бие биенээсээ бүх зүйлээрээ хөндийрөх шалтгаан болдог. 

Асуудал байна гэж олж харсан л бол бага дээр нь, залуудаа шийдэх хэрэгтэй. 

Өөрсдөө шийдэж чадахгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч та бүхэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Магадгүй лам бөөгөөс ч илүү ач тустай байх шүү...

Хүлээн зөвшөөрөхийн тулд бие биедээ буулт хийх хэрэгтэй болох байх. Хэрхэн буулт хийж сурах вэ? Мөн дэргэдэх хүнээ өөрчлөх боломж бидэнд байдаг болов уу?

Нэг зүйлийг хэзээ ч битгий март. 20 гарч уулзаж, учирчихаад нэгнээ өөрчлөхөөр амьдарна гэдэг нь өөрөө утгагүй. Ийм ойлголт ерөөсөө байхгүй гээд бодчих. Эхлээд өөрчлөх гэдэг үгнээсээ салчихвал буулт хийж, хүлээн зөвшөөрөхөд төвөггүй болно. Мэдээж хүнийг өөрчлөх гэж хичээж байснаас боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд цаг хугацаа орох л байх. Гэхдээ өөрчлөх гэж насаараа хэн хэнээ зовоосноос бага цаг орно. /Инээв/

Гэр бүлийн уур амьсгал хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Зуун хувь нөлөөлдөг. Олон хүн хүүхдийнх нь хүмүүжил доголдоод эхлэхээр л чи хаанаасаа ийм муу юм сурсан, би ийм байгаагүй, хэнээсээ сурсан, аваасаа л сурсан байх гэж бие биенээ буруутгах хандлагатай болдог. Гэтэл хүүхэд бидний толь л байдаг. Хүүхэд тань ямархуу хүн болж байгаагар өөрийгөө хэн бэ гэдэгтээ дүгнэлт хийж болно. Хүүхдээ сайн сайхан амьдруулъя гэж бодож байвал гэр бүлийн уур амьсгалаа эрүүл байлгах хэрэгтэй.

Хүүхдээ өөрчлөх тухай ярих гэж байвал эцэг, эх өөрсдөө өөрчлөгдөх хэрэгтэй.

Гэр бүлийнхээ уур амьсгалыг халуун дулаан, эрүүл байлгахын тулд хосуудын хийх эхний таван алхам гэвэл?

Ерөөсөө л хүлээн зөвшөөр. Хайрын хамгийн тод илэрхийлэл бол хүлээн зөвшөөрөх явдал. Дөнгөж дурлаж, хайрлаж буй эхний үедээ муухай ааш нь хүртэл гоё санагддаг. Хайр их байгаа үед хүлээн зөвшөөрч чаддаг.

Хүлээн зөвшөөрнө гэдэг нь хосуудын сэтгэлийн дархлаа тогтож буй үйл явц юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ:  



Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр