2021/12/07. Мягмар гараг Дугаар: #2119

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Р.Энхтүвшин: Хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах нь буруу

— Ч.Баяржаргал   2018 оны 12 сарын 03

Манай улс амиа егүүтгэлийн тоогоороо дэлхийд дээгүүр орох болсон. Гэвч хэн, юунаас болж, яагаад ийм үйлдэл хийхэд хүрч байгаа учир шалтгааны талаар хэн ч үл ярина. “Сэтгэлийн дархлаа” АШУҮИС-ийн багш, СЭМҮТ-ийн эмч, анагаах ухааны докторант Р.Энхтүвшинтэй энэ сэдвээр илэн далангүй ярилцлаа.

Амиа егүүтгэл их гарах болсон талаар ярьж байна. Юунаас болж хүмүүс ийм үйлдэл хийгээд байна вэ?

Их олон шалтгаанаас үүдэж ийм үйлдэл хийдэг. Эрүүл мэндийн, нийгмийн, эдийн засгийн, сэтгэл зүйн, биологийн, бүр удмын шалтгаан хүртэл байна.

Гаднын улсуудад ч ялгаагүй амиа егүүтгэх үйлдэл их гардаг. Жишээ нь европын орнуудад амиа егүүтгэлийн гол шалтгаан нь сэтгэцийн эмгэг болохыг судалж тогтоосон. Үүнд сэтгэл гутрах эмгэг, хоёр туйлт сэтгэлийн эмгэг буюу нэг бол сэтгэл нь их хөөрдөг, эсвэл сэтгэлээр их унадаг шалтгаан орно. Дээр нь архи, мансууруулах бодисын нөлөөнд автсан хүмүүс амиа егүүтгэх нь түгээмэл. Европын орнуудад эдгээр шалтгаанууд нийт амиа егүүтгэлийн 80 орчим хувийг эзэлдэг байх жишээтэй.

Харин ази, тэр дундаа манай оронд амиа егүүтгэлийн шалтгаан европоос нэлээд өөр байгаа. Судалгаанаас харахад манайд сэтгэцийн эмгэгийн шалтгаантай амиа егүүтгэл бага. Эсрэгээрээ сэтгэл хөдлөлийн шалтгаантай амиа егүүтгэл их байна.

Энэ нь тухайн агшны сэтгэл зүйгээс их шалтгаалж байна гэсэн үг л дээ. Тухайн агшинд бүтэлгүй хайр дурлал гэх мэт ямар нэгэн асуудлаас болж сэтгэл санаагаар унаж, улмаар нухацтай бодолгүй сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадаг. Манай орны нөхцөлд нийт амиа егүүтгэлийн хоёр хувь нь л сэтгэцийн эмгэгтэй хүмүүс байдаг гэсэн судалгаа бий.

Ер нь орчин үед амиа егүүтгэлийн талаар нарийн судалгаа их хийгдэж байна. Бүр генийн түвшинд энэ асуудлыг нарийн судалж үздэг болсон. 

Судалгааны үр дүнд амиа егүүтгэхэд генийн дараалал нөлөөлж байгааг тогтоочихлоо. Генийн дараалал, генотепийн бүтцэд нь пессимист буюу гутранги үзэл давамгайлдаг гэсэн үг л дээ.

Үүнд нь архи тамхи, мансууруулах бодис гэх мэт зүйлс нэмж нөлөөлснөөр амиа егүүтгэх үйлдэл хийдэг болохыг эрдэмтэд тогтоосон.

Манайд өсвөр насныхан амиа егүүтгэх оролдлого их хийх болсныг судалгаа харуулж байна. Энэ талаар та судлаач хүний хувьд юу хэлэх вэ?

Амиа егүүтгэгчдийн дийлэнх нь өсвөр насныхан байдаг нь үнэн. Ганц манайд биш, дэлхийд ийм байгаа. 15-34 насныхан гол цөм нь гэж ойлгож болно. Ид сурч мэдэж, хөдөлмөрлөх насныхан байгаа биз. Энэ насныхны нас баралтын нэг дэх шалтгаан осол гэмтэл, тэгээд хойноос нь амиа егүүтгэл ордог л доо.

Шалтгаан нь энэ насныханд сэтгэл зүйн дархлаа буюу сэтгэлийн дархлаа гэдэг зүйл сул байгаагаас болж байгаа юм. Сэтгэл хөдлөлийн байдал нь тогтворжоогүй, ямар нэгэн зүйлд дасан зохицоогүйгээс болдог гэсэн үг.

Дээр нь энэ насныхны ар гэр, аав ээж нар нь хүүхдээ ойлгодоггүйгээс болдог. Хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож, найз шиг нь хүлээн авч, дэмждэг аав, ээж нар ховор байдагтай холбоотой. 

Хүүхдээ ойлгож хүлээн авч, үгийг нь сонсдог аав, ээж нар ер нь ховор шүү дээ.

Эсрэгээрээ загнаж зандарч, тушаадаг аав, ээж нар илүү олон. Мөн өсвөр насныхны багадаа авсан сэтгэлийн шарх сэдэрснээс болж амиа хорлоход хүргэж байгаа нь анзаарагддаг.

Тэгвэл эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ яаж харьцах ёстой юм бэ?

Манай орны хувьд өсвөр насныхны сэтгэл зүйн байдлыг хэзээ ч ойшоож үзэхгүй явсаар ирсэн нь үнэн. 

"Томчууд жоохон хүүхэд байж юундаа стрессддэг юм" гэж ярьцгаадаг нь ташаа ойлголт. Хүүхэд стресст ордоггүй гэж хэн хэлээд нотлоод байгаа юм бэ.

Харин ч нас бага байх тусмаа илүү их стресст орж, илүү ядардаг юм шүү дээ. Тэд маань амьдралын туршлага муутай, амьдралыг харах өнцөг нь муу байдгийг бид бодолцох ёстой. Бас бид тэдэнд сонгох, сонгогдох боломжийг нь өгөхгүй байж болохгүй. Бид тэднийхээ өмнөөс дураараа шийдвэр гаргаад, чирж гулдчаад, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдээд явж болохгүй биз дээ.

“Чамайг одоо бид нар өөр сургуульд оруулна”. “Чамайг өдөр өнжүүлэхээс чинь гаргалаа” гэх мэт хүүхдийнхээ өмнөөс дураараа шийдвэр гаргасан үйл явдлууд нь тэднийг сэтгэл гутрал, стресст оруулдгийг бид өөрсдөө мэддэггүй.

Уг нь бол аав, ээж нар бид хүүхдээ сэтгэлээрээ мэдэрдэг, зүрх сэтгэлийг нь чагнаж чаддаг байх учиртай. Хүүхэд чинь ямарваа нэг болчимгүй алдаа гаргалаа гэхэд “Чи биднийг зовоогоод ямар муу хүүхэд вэ” гэхээсээ илүүтэй бурууг аав, ээж нар өөрсдөөсөө олж харж, хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ойлголцдог баймаар байна.

Амиа егүүтгэх оролдлого хийгээд амьд үлдсэн хүмүүс хэвийн амьдралдаа хэр удаж байж ордог бол? Нийгмийн буруу хандлагын тухайд?

Амиа егүүтгэх оролдлого хийсэн хүнийг, ялангуяа хүүхдийг эргэн тойрны хүмүүс нь буруутгасан гаж нүдээр хардаг болчихдог тал бий. Нэг хэсэг манайд байшингийн дээвэр дээрээс үсэрч байгаа хоёр хүүхдийн бичлэгийг хийчихсэн сошиалаар тарааж байх жишээтэй.

Уг нь бол ийм хүнд үзэгдлийг нийгэмд ингэж ил тодоор тараахыг хориглодог юм шүү дээ. Бас амиа хорлохыг оролдож байгаа хүүхдийг хүмүүс очиж аварч байгаа бичлэгийг ч тараасан. Гэтэл тэр бичлэг уг хүүхдийн эрх, эрх чөлөөг зөрчиж байгааг хэн ч яриагүй өнгөрсөн. Тэр хүүхэд амьд үлдээд, тэгээд тэр бичлэг тарснаас хойш яаж амьдрах уу гэдгийг хэн ч бодолцохгүй өнгөрөх жишээтэй.

Ийм үйлдлийг олны нүдэн дээр ил тод байлгаж болохгүй гэж та хэллээ. Даган дуурайх магадлалтай учраас тэр үү?

Үүнийг олон улсад "Вертерийн нөлөө" гээд тусад нь онол болгочихсон байдаг. Анх 1800-аад оны үед “Залуу Вертерийн сэтгэлийн шаналгаа” гэдэг ном гарсан юм. Бүтэлгүй дурлалаас болж амиа егүүтгэж байгаа Вертер хэмээх залуугийн амьдралыг харуулсан энэ номыг уншсан маш олон залуус Вертерийг яг адилхан дуурайж хувцаслаад амиа егүүтгэх үйлдэл хийсэн түүхтэй. Тиймээс энэ номыг худалдахыг хориглосон байдаг.

Японд “Амиа егүүтгэх 1000 арга” ном худалдаанд гарсан долоо хоногтоо бүгд зарагдаж дуусч, мөн л хүмүүс олноороо амиа хорлох үйлдэл хийсэн байх жишээтэй.

Та нар санаж байгаа бол 1990-ээд оны үед манайд “Агшин” нэртэй кино гарч, мөн л есөн давхар байшингаас үсэрч амиа хорлож байгааг харуулсан. Үүний дараа Монголын хүүхэд залуусын дунд “агшиндах” гэдэг ойлголт бий болсон шүү дээ. Солонгост алдартай одууд нь амиа егүүтгэж, үүнийг нь фэн залуус дуурайх тохиолдол нэг бус гарч байна.

Тухайн хүн амиа егүүтгэх магадлал өндөртэй байгааг ойр тойрных нь хүмүүс хэрхэн анзаарч болох вэ?

Юуны түрүүнд архи, тамхи хэрэглэж байна уу. Ганцаардмал, зожиг болж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Эсвэл гэнэт зүгээр байж байгаад өөрийнхөө дуртай эдлэл хэрэгслийг ойр тойрныхоо хүмүүст тараагаад эхлэх гэх мэт шинж тэмдгээр илэрч болно.

Гол нь тухайн хүн, тухайн хүүхэд эрсдэлийг даван туулах чадвар хэр сайн, эсвэл муу вэ гэдгийг анзаардаг байх хэрэгтэй. Ихэнх  тохиолдолд хүмүүс гэнэтийн шийдвэр гаргаж, тухайн агшинд л амиа егүүтгэх шийдвэр гаргадаг талтай. Амиа егүүтгэх оролдлого хийж байгаа хүмүүст өөрийгөө бусдаар ойлгуулах сэтгэл зүйн хэрэгцээ маш ихээр үүссэн байдаг. Тиймээс үүнийг нь ойлгодог хүн л ойр тойронд нь хэрэгтэй байгаа юм даа. Ингэхийн тулд заавал мэргэжлийн сэтгэл зүйчийн хэрэг байхгүй шүү дээ. 

Амьдрал дээр хүмүүс бид л бие биенээ ойлгохгүй юм бол өөр хэн ойлгох юм бэ.

Монгол улс амиа егүүтгэлээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

Өнгөрсөн жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тийм судалгаа гаргасан байсан. Гэвч бидний хийсэн судалгаагаар арай өөр тоо гарна. СЭМҮТ, ЦЕГ-аас гаргасан судалгаагаар манай улсад жил бүр 500 орчим хүн амиа егүүтгэдэг болох нь тогтоогдсон. ДЭМБ-ын судалгаан дээр 800 гаруй хүн гэсэн байна лээ. Тиймээс бид ДЭМБ-ын биш, өөрсдийнхөө судалгааг үндэс болгосон нь дээр байх.

Ер нь бол амиа егүүтгэлээс сэргийлэх хамгийн зөв арга бол хот лайн утас буюу амиа егүүтгэх сэдэл төрсөн хүмүүс утасдаж зөвлөгөө авдаг дугаартай болох явдал. Үүнийг дэлхий дахинд хот лайн систем гэдэг.

Мэргэжлийн сэтгэл зүйчид амиа егүүтгэх сэдэл төрсөн хүмүүст тэр дор нь сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэсэн үг. Ингэснээр тухайн хүний сэтгэл хөөрлийг дарж, үйлдлийг нь болиулах боломжтой.

Миний хэлэхийг хүсч буй өөр нэг зүйл бол 20-30 хүнтэй албан байгууллагууд албан ёсны орон тооны сэтгэл зүйчтэй байхад буруудахгүй.

Цаашлаад их сургууль болон ерөнхий боловсролын сургууль бүрт мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай. Нийгмийн ажилтан бол яг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх хэмжээний мэргэжилтэн биш шүү дээ.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Дурлал, хамтын амьдрал хоёрынхоо ялгааг гаргаж чадахгүй байх нь хууралтын шалтгаан болдог

Гэр бүлийн харилцааны хамгийн том хямрал, асуудал нь гэр бүлээс гадуурх харилцаа буюу хууралт. Нэг удаа хуурсан бол ахиад хуурахгүй гэдэгт яаж итгэх вэ? Яаж гэр бүлээ авч үлдэх вэ? Гадны харилцаанаас эхнэр нөхрөө, гэр бүлээ хамгаалахын тулд яах... Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   21 цагийн өмнө

Хүүхдийн хумсаа мэрэх зуршлын сэтгэл зүйн шалтгаанууд

Аав ээжүүд хүүхдийн сэтгэл зүйчид хандаж ирдэг олон асуултуудын нэг нь “Хүүхэд минь хумсаа мэрээд байна яаж болиулах вэ?” гэдэг. Хүүхэд ялангуяа бага насны хүүхэд өөрийгөө хянах чадвар хангалттай хөгжөөгүй байдаг. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2021 оны 12 сарын 03

Санал болгох

Сүүлийн хоногт 296 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

ЭМЯ-аас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө./ 2021.12.07/Сүүлийн 24 цагийн хугацаанд 296 халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нийслэлд 144, орон нутагт 152 хүнээс халдвар илэрчээ. Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   14 минутын өмнө

АТГ-аас нээлттэй мэдээллийн системийн 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулж байна

Авлигатай тэмцэх газар “Бодлогод залуусын хяналт” ТББ-тай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй мэдээллийн сан бүхий www.opendatalab.mn цахим... Дэлгэрэнгүй

— Ч. Баяржаргал   1 цагийн өмнө