2024/04/25. Пүрэв гараг Дугаар: #2989

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Анхаарал нь дутмагшиж, хэт хөдөлгөөнтөж буй хүүхдүүд "гадуурхагдаж" байж магадгүй

— Б.Батцэцэг   2022 оны 02 сарын 13

Элдэв янзын дуу авиа гаргаж, хаа сайгүй үймүүлж гүйлддэг хүүхдүүд жил ирэх тусам олширч байгаа талаар хүүхдийн эмч нар ярих боллоо. Анхаарал үл төвлөрөх эмгэг буюу нэг төрлийн өвчний талаар ч дэлхийн эмч нар ихээхэн ярьж, бичиж байна. Тэгвэл үнэхээр ийм төрлийн өвчин байдаг хэрэг үү. Энэ өвчнөөр таны хүүхэд ч бас өвчилсөн байж болох уу. Таны болон танай гэр бүлийн сэтгэцийн эрүүл мэндийн манаанд үргэлж зогсдог “Сэтгэлийн дархлаа” энэ удаад СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгортой энэ тухай ярилцлаа.

Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэж яг юуг хэлээд байна вэ. Энэ өвчин мөн үү?

Энэ бол нэг төрлийн сэтгэцийн эмгэг мөн. Олон улсын өвчний аравдугаар ангилалд оруулдаг. Хүүхэд ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг хийж гүйцэтгэх, тэвчээртэй суух зэрэг тохиолдолд анхаарал нь гүйцэд төвлөрч өгөхгүй байхыг хэлж байгаа юм. Энэ байдал хүүхдэд удаан хугацаанд буюу зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилж байвал анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг/АДХХЭ/ мөн гэж үздэг. Үргэлжлэх хугацааны хувьд олон жилээр ч энэ эмгэг үргэлжилж болно. 

Юунаас болж үүсдэгийг нь судалсан зүйл байгаа юу?

Олон улсад хийсэн судалгаагаар энэ эмгэгийг удамших хандлагатай гэж үздэг. Тухайн хүүхдийн аав нь яг ийм төрлийн эмгэгтэй байсан бол хүүхдэд удамших магадлал өндөр гэж ойлгож болно. Мөн ээж хүүхдээ хэвлийдээ тээх үедээ ямар нэгэн хордлого авч байсан эсэх, жирэмсэн хугацаандаа ачаалал ихтэй стрессдүүлсэн ажил хийж байсан зэргээс шалтгаалаад хүүхэд энэ өвчнөөр өвдөж болно. Тухайн хүүхэд багадаа ямар нэгэн тархины гэмтэл авсан, хүчтэй хордлого авсан зэргээс шалтгаалж энэ эмгэгт өртөх боломжтой. Үүнээс гадна хүүхдийн өсч торниж буй орчин их чухал нөлөөтэй. 

Гэр бүлийн хувьд хэрүүл маргаантай орчинд өссөн хүүхэд энэ эмгэгт өртөх магадлалтай. Гэр бүлийн хүчирхийлэл ч энд бас багтана. Хүүхэд орчныхоо тэр их дарамт, тайван бус байдлыг даван туулж чадахгүй стрессдсэнээс болж бидний яриад байгаа анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг үүсч байгаа хэрэг.

Монголд ч тэр, гадаадад ч тэр нийт хүүхдүүдийн 5-10 хувьд нь энэ эмгэг илэрдэг. Ганц хүүхэд биш насанд хүрсэн хүмүүст энэ эмгэг илрэх тохиолдол бий. Мөн л олон улсад хийсэн судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 1-2 хувьд нь энэ эмгэг илэрдэг. Ажил дээрээ тогтвортой суугаад ажлаа хийхийн оронд босч яваад л, бусад хүмүүстэй яриа өдөх зэргээр цагийг нөгцөөгөөд байдаг хүмүүсийг ийм эмгэгтэй гэж үзэж болох талтай.

Хүүхэд угаасаа хөдөлгөөнтэй амьтан шүү дээ. Яг ийм эмгэгтэй гэдгийг нь яаж ялгаж салгаж оношилдог юм бэ?

Цэцэрлэг дээрээ олон хүүхэд бужигнаж байхад тэр дотроос энэ хүүхэд ийм эмгэгтэй гэж шууд ялгаж салгах хэцүү л дээ. Гэвч сургуульд орсных нь дараа үүнийг мэдэж болно. Багш бүх хүүхдийг томоотой суухыг шаардана. Бүгд ширээний ард гараа зөрүүлээд томоотой сууна. Харин ийм эмгэгтэй хүүхэд маань бусад хүүхдүүд шиг анхаарал нь төвлөрч өгдөггүй. Нэг мэдэхэд л ямар нэгэн илүү хөдөлгөөн хийж эхэлдэг. Хаана хүн дуугарна, тийшээ анхаарлаа хандуулах гэх мэтээр шинж тэмдэг нь илэрдэг. Хоолоо гүйцэд идэхгүй ганц халбагадчихаад зугатаад явчихдаг хүүхэд олон байдаг. Ийм хүүхдэд бас л эмгэг илэрч байна гэж үзэж болно. Тэр бүү хэл дуртай хүүхэлдэйн кино нь гарч байхад тэр киногоо үзэнгээ ийш тийшээ үсэрч, босч яваад байдаг чинь бас л анхаарал үл төвлөрч байгаагийн илрэл.

Ийм эмгэгтэй хүүхдэд учрах сөрөг тал нь юу байж болох вэ?

Сургууль, цэцэрлэг дээрээ хамт олныхоо дунд нэр хүндгүй болж, гадуурхагдаж эхэлдэг талтай. Багш нь чи томоотой суусангүй гээд байнга загнана. Үеийнх нь найзууд “Чи ганц тоглоом дуустал нь тоглочихож чаддаггүй” гэх мэтээр гоочилж эхэлдэг. Ингээд нөгөө хүүхэд чинь аажим аажмаар өөрийгөө гадуурхагдаж байгааг мэдэрч эхэлнэ. Ингэснээр эд нар намайг дандаа муулдаг, голдог юм чинь хэмээн өөрийгөө голж эхэлдэг. Үүнийгээ даван туулахын тулд сэтгэл зүйн хувьд ихээхэн бэрхшээл туулах хэрэгтэй болно. Улмаар энэ байдал насанд хүрсэн хойно нь ч үргэлжлэх боломжтой. Ингэснээр өөртөө итгэх итгэлгүй, багаар ажиллах чадвар суугаагүй хүн болж төлөвшдөг. Нэг ёсны ганцаардлыг мэдэрч өснө гэсэн үг. Тиймээс хор уршиг нь бага биш, их гэдгийг ойлгох хэрэгтэй.

Энэ эмгэг том болоод аяндаа эдгэдэг гэж үнэн үү?

Өсвөр насандаа очихоор аяндаа гайгүй болчихдог тал бий. Гэхдээ тэр хүртэл хүлээнэ гээд тоохгүй байж болохгүй. Дээр нь энэ төрлийн эмгэг миний сая хэлсэнчлэн олон сөрөг үр дагаврыг араасаа дагуулдаг. Адаглаад үеийнхээ хүүхдүүдээс сурлагаараа хоцорч эхэлнэ. Учир нь анхаарал төвлөрөхгүй байгаа хүүхэд хичээл номондоо олигтой төвлөрч чаддаггүй учраас бусдаасаа хоцроод эхэлдэг. Үүнээсээ болоод өөрөө сэтгэл зүйн таагүй мэдрэмжүүдийг байнга авдаг. Тиймээс том болоод аяндаа зүгээр болчихно гээд тоохгүй орхиж яасан ч болохгүй. Цаашилбал ийм эмгэгтэй хүүхэд сэтгэл гутралтай хүн болж төлөвших магадлал өндөртэй.

Хүүхдийн насыг цэцэрлэгийн үе, бага ангийн үе гэх мэтээр хэд хэдэн хэсэгт хувааж ангилж болно. Эдгээр үеүүд дээрээ анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгээс болоод сэтгэл зүйн олон төрлийн асуудалтай өссөн хүүхэд өсвөр насан дээрээ ирэхээр ямар ч төрлийн сэтгэцийн өвчинтэй хүн болохыг үгүйсгэхгүй.

Хүүхдээ энэ төрлийн эмгэгээр өвчилж эхэлсэн гэдгийг аав, ээжүүд ямар шинж тэмдгээр мэдэж болох вэ?

Олон шинж тэмдэг байгаа. 

Хоёр хүн яриад сууж байхад дундуур нь орж ирж ярьдаг. Тэгсэн атлаа яриагаа дуусгахгүй буцаад явчих жишээтэй. Түргэн уур гаргана, бодлогогүй зорилгогүй үйлдлүүд их хийнэ. Эдгээр шинж тэмдгүүд зургаан сараас дээш хугацаагаар үргэлжилж байвал анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэгээр өвчилсөн байж болзошгүй.

СЭМҮТ-д эцэг, эхчүүд дөрвөөс зургаан настай хүүхдүүдээ авчирж үзүүлдэг л дээ. Гэхдээ бид шууд онош тавихгүй. Суулгаад зураг зуруулах зэрэг аргачлалаар шалгаж үздэг. Ингээд үзэхэд зарим хүүхэд тэвчээртэй суугаад уйгагүй зур гэсэн зургийг зурдаг. Ийм даалгаврыг биелүүлж чадаж байгаа хүүхдүүдийн хувьд физиологийн хэт хөдөлгөөнтэй хүүхэд гэж үзэж болно. Энэ нь тэр хүүхэд хэчнээн хөдөлгөөнтэй, сахилгагүй ч гэсэн тэр нь насны онцлогтой холбоотой хэвийн үзэгдэл гэсэн үг. 

Харин өгсөн даалгаврыг гүйцэтгэхдээ томоотой сууж, анхаарал нь төвлөрөхгүй. Нэг үгээр бол даалгаврыг биелүүлж чадахгүй байвал дээрх төрлийн эмгэгтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  Аав, ээж нь “Миний хүүхэд энд суугаарай. Эмч чамайг суу гэж байна шүү” гээд хэлэхэд тэр хүүхэд хэлсэн газар ирээд суудаг. Тэгсэн мөртлөө хэдхэн секунд болоод босоод гүйчихдэг. Өрөөн дотуур хаа сайгүй холхиж, юм бүрийг сонирхоно. Маш их сониуч. “Энэ юу вэ, энэ юу вэ” гэж ирээд л өрөөнд байгаа бүх эд зүйлсийг сонирхох жишээтэй. Энэ бол анхаарал нь төвлөрч, тогтож өгөхгүй байгаагийн шинж тэмдэг юм.

Нэгэнт ийм эмгэгтэй хүүхдийг яаж эамчилдэг вэ. Бүрэн эмчлэгддэг үү?

Бүрэн эдгэх боломжтой. Цэцэрлэг, сургууль, гэр бүлийн орчин, дээр нь эмнэлгийн байгууллагын зүгээс цогц арга хэмжээ авч байж эдгэдэг. Багагүй хугацаа шаардана. Хүүхдэд танин мэдэхүйн төрөх үйлийн сэтгэл заслын эмчилгээг эмийн эмчилгээтэй хавсарч хийнэ. Мөн хүүхдийн суралцах арга барилд тохирсон анхаарал төвлөрүүлэх засал эмчилгээг хийдэг. Ингэснээр өдрөөс өдөрт анхаарал төвлөрөх чадвар нь сайжирч, засал авч, эдгэж эхэлдэг. Ийм төрлийн эмгэгтэй хүүхдийг заавал эмнэлэгт хэвтүүлж, хүнд эм, тариагаар эмчлэх шаардлагагүй. Хамгийн гол нь ийм эмгэгтэй хүүхдийн аав, ээж нар хүүхдээ маш анхааралтай сонсдог. Асуултанд нь хариулдаг байх хэрэгтэй. “Чи ямар ядаргаатай олон зүйл асуудаг юм” гээд тоохгүй байх тусам нөгөө хүүхэд чинь улам өөртөө итгэлгүй, хүнд итгэдэггүй, ганцаардмал болж эхэлдэг сөрөг талтай.

Хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийн аав, ээж нар гараа угаахаас нь эхлээд хичээлээ хийх зэрэг бүх зүйл дээр хүүхдээ уриалан дуудаж хамт хийдэг байх хэрэгтэй. Ингэхдээ аашилж загнаж болохгүй. “Миний хүү хоёулаа гараа угаая” гэж ирээд гарыг нь өөрөө хамт байж угаалга. Хүүхэд чинь дутуу угаачихаад явах гэвэл “Одоо дахиад жоохон угаачихъя миний хүү” гэх мэтээр эвээр аргадаад дуустал нь гүйцэд хийлгэдэг байх учиртай. Хичээлийг нь хийлгэхдээ ч мөн адил энэ аргыг хэрэглэ гөж зөвлөе. Ингэхгүйгээр уурлаж зандрах, ширүүн дуугарах гэх мэт буруу аргыг хэрэглэж яасан ч болохгүй. 

Зарим аав, ээжүүд ийм төрлийн эмгэгтэй хүүхдээ мэдэхгүй, ойлгохгүйгээсээ болоод буланд эд зүйл бариулаад шийтгээд зогсоох тохиолдол хүртэл байдаг. Энэ маш буруу. Өвчнийг нь хүндрүүлэхээс цаашгүй арга.

Аав, ээжээс гадна багшийн оролцоо чухал. Багш хүн ийм эмгэгтэй хүүхдээ анхаарч мэддэг байх, цаашлаад хамгийн урд талын ширээнд суулгах гэх зэргээр уг хүүхдийг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг байх ёстой. Багшийн оролцоо, ур чадвар их чухал шүү. "Анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг"-тэй хүүхдэд гэрийн даалгаврыг нь өгөхдөө хүртэл бусад хүүхдэд өгч буй даалгавраас арай илүү хөнгөн даалгавар өгөхөд буруудахгүй. Шалгалт шүүлэг авахдаа шалгалтын материалыг нь хамгийн түрүүнд тэр хүүхдэд өгч, хурааж авахдаа хамгийн сүүлд нь авдаг байх хэрэгтэй. Энэ мэтээр гэр бүл, эмнэлэг, багш нарын хамтын оролцоотойгоор хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдийг эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн сүүлийн жишээ гэвэл хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхдэд эмийн болон бусад төрлийн эмчилгээг хийсний эцэст нөгөө хүүхэд нь олимпиадад ороод түрүүлчихсэн тохиолдлыг дурдаж болж байна. 

Дэлхий дахинд АДХХ буюу бидний ярьсан эмгэг өвчин ихээхэн түгээмэл тохиолдох болсон талаар гадаадын хэвлэлүүдэд нэг бус удаа бичжээ. АНУ-ын эрдэмтдийн явуулсан судалгаагаар тус улсын 13 хүртэлх насны нийт хүүхдийн 15 хувьд нь энэ төрлийн эмгэг илрэх болсон аж. Зарим судлаачид АДХХ-г эмгэг ч биш, өвчин ч биш, хүн төрөлхтний нэг үеийнхэнд тохиолдож буй нэг төрлийн феномен буюу этгээд үзэгдэл хэмээн үзэх болжээ. Тэр ч бүү хэл манай хүүхэд залуусын сайн мэдэх NBA-ийн алдартай сагсчид, NHL-ийн хоккейчид, Холливудын зарим оддыг багадаа "анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг"-тэй хүүхэд байсан болохыг мэргэжлийн хүмүүс судалж тогтоосон байна. Ер нь АДХХ-тэй хүүхдийг хөдөлгөөн, биеийн хүч, авхаалж самбаа шаардсан спортын төрлөөр хичээллүүлэх нь нэг төрлийн үр дүн сайтай эмчилгээ болж чаддаг гэнэ. 

Нэвтрүүлгийн бичлэг үзэх бол ЭНД дарна уу. 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

ЭМД-ын шимтгэлийг төр хариуцлан төлөх иргэд:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө

Гал унтраахад хэрэглэгдэх дрон, робот, алба хаагчдын хувцас хэрэглэл зэрэгт 25 тэрбум төгрөгийн төсөв баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр, Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. 1. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө