Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж буй улс орнуудын талаарх сайн мэдээний буухиа үргэлжилсээр байна.
АНУ-ын Нью-Йорк хотын ойролцоо байрлах атомын цахилгаан станцын дэргэд салхины эрчим хүч гарган авдаг салхин паркийг “Deepwater Wind” комдани байгуулж байгаа бол Коста Рика улс өнгөрөгч онд улсынхаа эрчим хүчний 98,1 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангасан мэдээ байна.
Нидерланд улсын зорчигч тээврийн бүх цахилгаан галт тэрэгнүүд салхинаас гаргаж авсан эрчим хүч ашиглаж эхэлжээ. Тус улсын Засгийн газар 2015 оны сүүлээр “2018 он гэхэд бүх цахилгаан галт тэргийг салхины эрчим хүчээр хөдөлгөдөг болно” хэмээн зорилт тавьж байсан юм.
Харин яг жилийн өмнө тус улсын төмөр замын томоохон компани болох “NS” 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд бүх цахилгаан галт тэргэндээ салхины эрчим хүч ашигладаг болж, ногоон тээврийн эрин үеийг хурдасгах болно хэмээн зарлаж байжээ. 2016 онд энэхүү зорилт нь 75 хувьтай байсан бол ийнхүү энэ оны эхэнд 100 хувь болгон амласнаа биелүүлж чадлаа.
Нидерландын галт тэргэнд ашиглагдах салхины эрчим хүч нь тус улсын болон Бельги, Финлянд зэрэг оронд баригдаад удаагүй байгаа салхин фермүүдээс эх үүсвэрээ татах ажээ.