Орчин үед бизнесийн чансаа зөвхөн олсон ашгаар хязгаарлагдахаа больжээ. Тухайн бизнес, үйл ажиллагаа нийгэм, хувь хүний амьдралд үзүүлэх нөлөөлөлд хэрэглэгчид үнэлгээ өгч, бизнес эрхлэгчийн нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор хэмжигддэг цаг ирээд байна. "Эрүүл бизнес" эхний дугаартаа "National Life" эрүүл мэндийн даатгалын компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүүг урилаа.
Эрүүл мэндийн даатгалын үнэ цэнэ, утга учрыг тайлбарлаж яриагаа эхлэх үү?
Өвчин зовлонтой мөртлөө аз жаргалтай хүн гэж энэ дэлхий дээр байдаггүй байх. Эрүүл мэнд гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйлд маань бидний эргэн тойрон дахь хамгийн үнэ цэнэгүй зүйлс ч маш ихээр нөлөөлж байна. Удамшил, амьдралын хэв маяг, ажлын байр, орчны нөлөө, нийгмийн стресс гэх мэт тоочиж барамгүй олон зүйл миний, бидний эрүүл мэндэд нөлөөлж байгаа. Эдгээрээс гадна ихээр нөлөөлдөг өөр нэг зүйл бол санхүү. Энэ бол эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, цаг алдалгүй авахад чухал үүрэгтэй хүчин зүйл. Бид энэ дэлхийн хаана ч амьдарсан эрүүл байхын тулд зохих хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болдог. Анагаахын шинжлэх ухаан хөгжиж, шинэ эмчилгээ үйлчилгээ нэвтрэхийн хэрээр үнэ өртөг яригдах болсон. Хүнийг эрүүл амьдрахад тусалж чадах тэр ололт амжилтыг хувь хүн өөрийн эрүүл мэнддээ зориулахын тулд төлөх ёстой төлбөрийг нь хамгийн таатай нөхцөлөөр, гэр бүл, хувь хүний амьдралд санхүүгийн дарамтгүйгээр шийддэг шийдлийг эрүүл мэндийн даатгал гэж энгийнээр ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвдсөн хүн өвчин шаналалаас өөр юуг ч даван туулах ёсгүй. Ялангуяа санхүүгийн дарамтыг. Ингэхийн тулд хүн эрүүл байхдаа л ухамсартай, хариуцлагатай байх шаардлагатай.
Манай компани 2009 оноос эрүүл мэндийн даатгалыг иргэдэд санал болгож эхэлсэн. Арван жил өнгөрсөн байна. Нэг үеэ бодвол эрүүл мэнддээ анхаардаг хүн олон болсон ч бүгдээрээ биш. Эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэнддээ хайртай, хариуцлагатай хүмүүсийн амьдралын дадал зуршил. Өндөр хөгжилтэй орнуудын хүмүүст үүнийг ойлгуулах гэж ядрах шаардлага байхгүй. Харин манайд энэ нь өргөн хүрээнд хөгжөөгүй байна. Дэлхий дахинтай харьцуулахад монголчууд бид үргэлж санхүүгийн асуудалтай явж ирсэн ард түмэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл хуримтлуулж, эрсдэлээ тооцож сураагүй. Санхүү, хөрөнгийн асуудлыг туулаагүй, тойрч гарсан хүн бидний дунд бараг байхгүй гэж хэлж болно. Хүндээр өвдлөө гэхэд хандив цуглуулдаг жишээ жилд хэдэн удаа давтагдаж байна. Эрүүл мэндийн даатгалтай бол өвчнөө эдгээх санхүүгийн эх үүсвэр хайх хэрэггүй л амьдарна. Бидний эрүүл мэндэд тулгарсан асуудлуудын санхүүгийн талыг цогцоор нь шийдэх нэг том боломж гэж хэлмээр байна.
Даатгал тухайн хүнийг эрүүл аж төрөхөд ямар замаар хэзээ, хэрхэн үр дүнгээ өгдөг вэ?
Эрүүл мэндийн даатгал дотроо гаргаж буй зардлаасаа эхлээд өвчнийхөө төрөл зүйлээс шалтгаалаад олон янз. Хамгийн эхний ач холбогдол нь эрүүл мэндийн даатгалтай байснаараа тухайн хүн өвчнөө эрт үед нь илрүүлэх боломжтой болж байгаа юм. Мэдээж хүн өөрөө хэнэггүй байх юм бол даатгалтай, даатгалгүй өвчин хүндрэх нь ойлгомжтой. Үүнийгээ дагаад эмчилгээний зардал ч мөн адил өндөр болж ирж байна. Мэдээж өвчин туссан хүн хамгийн чанартай сайн эм, тариаг хэрэглэхийг хүснэ.
Бид дэлгүүрт ороод авахыг хүссэн сайхан зүйлээ хэтэвчнийхээ хэмжээнд баригдаад авч чадахгүй тохиолдол зөндөө. Яг үүнтэй адилхан өвдсөн хүн хүссэн эмчилгээгээ санхүүгийн асуудлаасаа шалтгаалаад авч чадахгүй байх нь бий. Харин эрүүл мэндийн даатгалтай бол шаардлагатай эмчилгээгээ шууд л авч чадна.
Манай монголчуудыг богинохон настай гэж ярьдаг. Шалтгааныг нь эрс тэс уур амьсгалтай, өөх тостой хоол их иддэгээр тайлбарлацгаадаг. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд бид эрүүл мэндээ хайхардаггүй, түүндээ хөрөнгө оруулдаггүй учраас дэлхийн бусад үндэстэнтэй харьцуулахад богино насалдаг гэж хэлж болно.
Танайх хувийн эрүүл мэндийн даатгалыг Монголдоо анхлан нэвтрүүлсэн. Нийгмийн эрүүл мэндийн даатгалаас хувийн эрүүл мэндийн даатгал хүнд юугаараа илүү боломж олгодог юм бэ?
Нийгмийн эрүүл мэндийн даатгал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад илүүтэй чиглэсэн байдаг. Ялангуяа амбулаторийн үйлчилгээ зэрэгт манай нийгмийн эрүүл мэндийн даатгал яг тохирсон. Гэтэл хорт хавдар туслаа гэж бодъё. Ийм тохиолдолд эмчилгээний зардал их өндөр гардаг. Адаглаад компьютер томограф, MRI-д харуулах хэрэгтэй болно. Гэтэл манай нийгмийн эрүүл мэндийн даатгал энэ чиглэл рүүгээ бараг хөгжөөгүй. Хүмүүс хорт хавдар гэх мэтийн хүнд өвчин туссан тохиолдолд эмчилгээндээ хувиасаа их зардал мөнгө гаргахаас аргагүй болж байна. Харин хувийн эрүүл мэндийн даатгал энэ орон зайг нөхөж байгаа юм.
Хамгийн анх хувийн эрүүл мэндийн даатгалууд орж ирэхэд ихэвчлэн хувийн аж ахуйн нэгж, компаниуд ажилтнууддаа энэ үйлчилгээг авч хэрэгжүүлдэг байлаа. Иргэд төдийлөн сайн мэддэггүй байсан юм. Анхны үйлчлүүлэгчдийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд байсан бол одоо дотоодын компаниуд олноороо хамрагдах болсон. Гэвч хувийн эрүүл мэндийн даатгалыг цалин хөлсний хүрэлцээтэй байдал зэргээс шалтгаалаад өргөнөөр хүртээмжтэй ашиглаж чадахгүй л байна.
Танай компани байгуулагдсанаасаа хойш хэчнээн хүнд даатгалаар мөнгө гаргаж өгч, хэдэн хүнд амьдрал бэлэглэснээ тооцож үзсэн үү?
Одоогийн байдлаар 9500 гаруй хүнд даатгалаас мөнгө гаргаж өгсөн байна. Эдгээр нөхөн төлбөр авсан хүмүүс болон түүний гэр бүл их, бага хэмжээгээр даатгалын үр шимийг хүртжээ. Жишээлбэл өнгөрсөн жил манай даатгалд хамрагдсан нэг хүн элэгний хагалгаанд орж, Солонгос улсад элгээ бүрэн солиулсан. Уг хүн 412 сая төгрөгийн нөхөн төлбөр авсан. Энэ хүний хувьд даатгал бүрэн үр шимээ өгсөн гэж хэлж болохоор.
Өвдөөд ирэхээрээ даатгалтай хүний бодол өрчлөгддөг. Биеийнх нь аль нэг хэсэгт өвдөөд эхлэнгүүт би даатгалтай юм чинь очоод үзүүлчихье гээд үзүүлэх жишээтэй. Гэтэл даатгалгүй хүн болохоор санаа нь зовоод өндөр төлбөр гарахаас айгаад эмнэлэгт очдоггүй.
Манай улсад эрүүл мэндийн даатгалын хэр том зах зээл байгаа гэж үзэж байна вэ?
Одоо байгаа зах зээл өмнөх үетэй харьцуулахад их бага ч өсөлт маш хурдтай явагдаж байгааг хэлэх хэрэгтэй.
Танайх ямар эмнэлгүүдтэй гэрээлж ажилладаг вэ?
Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг Монгол улсын шилдэг эмнэлгүүд, мөн олон улсын томоохон эмнэлгүүдээс авах боломжтой. Манайхаар даатгуулсан хүн хүссэн эмнэлэгтээ очиж болно. Хэрэв ази тивийг хамарсан даатгал байвал азийн дурын эмнэлэг дээр очих жишээтэй. Даатгалын компани төлбөр мөнгө талаас нь бүрэн дүүрэн туслалцаа үзүүлдэг.
Даатгал төлчихөөд хэзээ тэр үйлчилгээгээ авах билээ, мөнгийг маань өгөө ч үү, үгүй ч үү гэсэн үл итгэсэн, үл тоомсорлосон хандлага их байна. Даатгалын компанийг хүний мөнгийг зүгээр аваад суудаг газар мэтээр ойлгоцгоож байх шиг?
Зарим даатгалын компаниуд болон иргэд хоорондын үл ойлголцол таны хэлж буй хандлагыг бий болгосон гэж би бодож байна. Тухайн хүн би энэ даатгалын компаниас А гэдэг үйлчилгээг авсан гэж бодоод яваад байдаг. Гэтэл яг үйлчилгээгээ авах болтол нөгөө компани нь Б гэдэг үйлчилгээг нөгөө хүнд сонгоод өгчихсөн байх жишээтэй. Ингээд үл ойлголцол үүсдэг. Зарим компаниуд даатгалыг нь бүрэн олгохгүй байх тохиолдол ч гардаг байж магад. Ийм тохиолдолд хүн өөрөө шүүхэд хандах боломж нь хүртэл нээлттэй.
Уг нь бол даатгал гэдэг чинь тэр хүнд туслах, амьдралд нь хүнд асуудал тулгарвал түүнийг нь шийдэж өгдөг байх учиртай. Хүн хүнд үе тохиолдоход хамгийн түрүүнд хэн надад туслах вэ гэж боддог. Тэгвэл даатгал тэр тусламжийг нь өгдөг байх ёстой юм.
Бид судалгаа хийхээсээ өмнө хүмүүсийн мөнгө нь хүрэхгүй, эсвэл даатгалын талаар ойлголтгүй учраас даатгалд хамрагддаггүй юм байна гэж дүгнэдэг байлаа. Гэтэл судалгаа хийсний эцэст бид өөрсдөө үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг хүмүүст өгч чаддаггүй учраас хүмүүс даатгалд хамрагддаггүй юм байна гэдэг шинэ дүгнэлтэд хүрсэн. Бид л мэдээллээ сайн өгч чадаж байвал хүмүүс даатгалд хамрагдах сонирхолгүй биш, сонирхолтой болох нь манай судалгаагаар харагдсан.
Хэзээ би хорт хавдар тусна гэж муу ёрлож, өөрийгөө даатгаж суудаг юм гэдэг манайхны хандлага магадгүй даатгалд хамрагддаггүй шалтгаан мөн байх. Та бүхэнд энэ байдал хэр анзаарагддаг вэ?
Саяхан нэг хүн хүний эрүүл мэндээр бизнес хийлээ гэж бидэнд бухимдлаа илэрхийлсэн. Тэр хүн гутал зардаг хүн. Тэгвэл би тэр хүнийг гутлаар битгий бизнес хий гэж шүүмжлэх ёстой юу. Зүгээр л утгагүй хандлага бидэнд хэрэггүй, ухамсартай үйлдэл чухал байна. Бид өвдсөн мөртлөө эрүүл мэндийн зардлаа дийлэхгүй тохиолдол зөндөө гардаг. Ийм л учраас эрүүл мэндийн даатгал, ялангуяа хувийн эрүүл мэндийн даатгал маш чухал болчихоод байгаа юм.
Нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоонд дутуу, сул зүйл олон байгаа учраас хувийн эрүүл мэндийн даатгал хүссэн хүсээгүй нөхөж байна. Фэйсбүүк, телевизээр явж байгаа тусламж хүсч, хандив гуйсан тохиолдлуудаар жишээ авъя. Эдгэршгүй өвчин тусчихлаа. Тэнд очиж хагалгаанд орох хэрэгтэй байна, туслаач гэх мэтээр. Уг нь энэ асуудлыг чинь нийгмийн эрүүл мэндийн даатгал шийдвэрлэх учиртай. Гэтэл тэгж чадахгүй байгаа тул хоосон орон зайг нь хувийн эрүүл мэндийн даатгал нөхөхөөс өөр аргагүй болж байна. Тиймээс хувийн эрүүл мэндийн даатгалын салбарыг төрөөс сайн дэмжиж өгөх гарцаагүй шаардлагатай гэдгийг онцолъё. Иргэдэд хүртээмжтэй болгох, үнэ ханшийг нь багасгах гээд шийдвэрлэх асуудлууд бий.
Хувь хүмүүсийн хандлагын хувьд нөхцөл байдлаа бодитоор үнэлж, ухамсартай хандлагатай байх хэрэгтэй. Хүний бие махбодь, эрүүл мэнд заяагдсан цаг хугацаа, хэмжээ чадалтай. Энэ нь барагдаад ирэхийн цагт эрсдэл үүсвэл даван туулах боломжоо өнөөдөр хайж, бодох ёстой. Өвчин туссан хойноо тэнгэр хол, газар хатуу нөхцөлд хүрнэ гэдэг үнэхээр хэцүү. Мэдээж зовлонг нь үзэж, туулаагүй хүн ойлгоход хэцүү байх. Гэхдээ XXI зууны иргэн заавал туулж, өвдөж шаналсны эцэст мэдэх хэрэггүй. Бүх боломжийг та бүхэнд санал болгож байхад тэр боломжийг ашиглахын тулд цаг зав гаргах нь зөв болов уу. Би өвдөхгүй бол даатгалд төлсөн мөнгө хайран гэж бодох ч хэрэггүй. Хүсвэл та хүүхэддээ өвлөгддөг даатгалыг ч сонгож болно шүү дээ.
Гадаад руу явж эмчлүүлж байгаа хүмүүс хэдэн төгрөгийн зардал гаргаж байгаа талаар судалгаа хийж үзсэн үү?
Албан болон албан бус судалгаа зөндөө байна. 2016 оны байдлаар 103.5 тэрбум төгрөгийг гадаад улсад хийлгэсэн эмчилгээнд зарцуулжээ. Эрүүл мэндийн даатгалын салбарын төвлөрүүлж буй хураамжийн хэмжээнээс хэд дахин илүү мөнгө гадагшаа урсдаг гэж хэлж болно.
Танай эрүүл мэндийн даатгалд би өнөөдөр даатгуулъя гэвэл хэдэн төгрөг надад хэрэг болох вэ?
Манай сүүлд гаргасан хорт хавдрын даатгал гэхэд залуу хүн сарын 5000-6000 төгрөг төлөх л асуудал байгаа юм. Гэхдээ даатгалынхаа шинж чанараас хамаараад янз бүр. Хамгийн үнэтэй даатгал жилийн 1 сая 200 мянга гэж бодвол энэ чинь сарын 100 мянга. Өдрийн 3000 төгрөг гэсэн үг. Гэтэл бид өдөртөө нэг хайрцаг тамхи татахын тулд үүнээс ч илүү мөнгө үрдэг биз.
Дээд тал нь хэдэн төгрөг хүртэлх боломжууд байдаг юм бэ?
Олон улсын даатгалын жишгээр үүнээс ч илүү үнэтэй даатгалууд бий. Тэрбумын үнэтэй ч байгаа. Хүний амь насыг гаднаас нь хараад үнэлэх утгагүй хэрэг. Хөдөлмөрийн чадвараа алдана гэдэг чинь тэр хүн хөдөлмөрлөх боломжгүй болохыг л хэлж байгаа. Хэрэв тэр хүн хөдөлмөрлөсөн бол ямар үнэ цэнийг гэр бүлдээ бий болгох байсан бэ.
Өөрөө 30 настай, хоёр болон таван настай хоёр хүүхэдтэй гэр бүл байжээ гэж бодъё. Аав, ээж нь хоёулаа тодорхой хэмжээний орлоготой. Хоёр хүүхдээ сургуульд оруулах хэрэгтэй болно. Болж өгвөл хувийн сайн сургуульд өгчихмөөр байдаг. Цааш нь их сургуульд оруулах хэрэгтэй. Бас л болж өгвөл гадагшаа сургуульд явуулчихмаар байдаг. Дээр нь орон сууцтай болохыг хүснэ. Ингэж байтал миний хэлээд байгаа шиг гэнэтийн эрсдэл тулгарлаа гэж бодъё. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь хөдөлмөрийн чадваргүй боллоо. Ийм нөхцөлд уг хүний үүсгэсэн хоосон орон зайг тэр гэр бүл дотор нөхөх нь даатгалын үүрэг юм. Мэдээж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хайрыг даатгал орлож чадахгүй. Гэвч тухайн хүн эрүүл байсан бол юу хийж бүтээх байсан бэ. Ямар боломжууд олдох байсан бэ гэдгийг нь даатгал зохих хэмжээгээр тооцоолно гэсэн үг. Үүссэн хоосон орон зайг бөглөх үүрэгтэй гэж хэлмээр байна.
Танай компанийн одоо санал болгож буй даатгалын талаар ярих уу?
Манайх эрүүл мэнд, хуримтлал, тэтгэвэр, амь насны даатгалуудыг санал болгож байгаа.
Даатгал яагаад гарцаагүй чухал юм бэ гэдгийг та мэргэжлийн хүний хувьд товчхон хоёр үгээр тодорхойлооч?
Би өөрөөрөө жишээ авъя. Би хоёр хүүхэдтэй. Гэтэл надад ямар нэгэн муу зүйл тохиолдлоо гэхэд миний хоёр хүүхэд ямар хүнд нөхцөлд орох вэ гээд асуудал их бүрхэг болж ирнэ. Тиймээс би хувьдаа амь насны даатгалыг сонгосон. Хүмүүстээ хандаж яг ийм маягаар над шиг тооцож үзээрэй гэж хэлье. Манай гэр бүлд яг ямар эрсдэл хамгийн ойрхон байна гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй. Тэгээд тухайн эрсдэлээс зайлсхийхийн тулд ямар даатгал хийлгэх үү гэдгээ бодоорой. Учир нь эрсдэл бидний дэргэд үргэлж байдаг. Манайхан сүх далайтал үхэр амар хүмүүс. Угтаа бол бид эрүүл мэнддээ анхаарч, зарим нэг эрсдэлийг тооцдог байх ёстой. Энэ бол муу ёр биш юм шүү.
Танай байгууллагын хийж буй бизнесийг эрүүл бизнес гэж тодорхойлж болмоор санагдлаа?
Миний бодлоор бид хүмүүст тусалснаараа, тэдэнд сайн сайхныг бэлэглэж байгаагаараа бахархах эрхтэй. Ингэж өөрсдөөрөө бахархаж чадахуйц бизнес эрхэлж байгаа хүн бүр өөрийгөө эрүүл бизнес хийж байна гэж бодож болно.
"National life" компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл авч, эрүүл мэнд, амь насаа даатгахыг хүсвэл
https://nlic.mn/eruulmend линкээр хандаарай.