2024/11/06. Лхагва гараг Дугаар: #3184

ЭМЧИЙН ӨРӨӨ

Л.Баярсайхан: Монголчууд таван төрлийн хорт хавдраар 20 жил өвдөж байна

— Б.Батцэцэг   2020 оны 01 сарын 29

Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын хоёрдугаарт хорт хавдар өвчин 1995 оноос хойш бичигдсээр иржээ. Хүн амын нийт нас баралтын 25 хувийг хорт хавдар өвчин эзэлж байна.  Хорт хавдартай тэмцэхэд хамгийн ихээр хүндрэл учруулж буй хүчин зүйл бол хавдар хожуу шатандаа илэрдэг явдал аж. Хожуу шатандаа илэрсэн хорт хавдрыг эмчлэх үйл явцыг "хүч тэнцвэргүй дайн" гэж эмч нар үзэж байна. Учир нь хорт хавдар хожуу шатандаа очих тусам эмчилгээнээс холдон хүчээ авч, нөгөө талд нь эмч, эмнэлэг, эмийн хүч хүчин мөхөстдөг байна. Гэвч бидэнд энэ өвчнийг ялах зэвсэг бий. Тэр бол эрт илрүүлэг. 

Хорт хавдрын өнөөгийн нөхцөл байдал, эрт илрүүлгийн тогтолцооны ач холбогдол, цаашдаа авч хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа. 

ХСҮТ гэдэг байгууллагыг л зөвхөн хавдартай тэмцдэг гэсэн ойлголт ард түмний дунд байдаг. Хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал бодлого, эрт илрүүлгийн тогтолцооны гольдрол нь яг зөв явж байгаа юу? 

Ер нь бид бүхний ерөнхий зорилго бол монгол хүн хорт хавдраар битгий өвдөөсэй, амь насаа битгий алдаасай, элэг бүтэн амьдраасай гэдэг л энгийн зорилготой. Энэ үүднээсээ уг өвчнийг нарийн судалж, эмчилгээ оношилгоог хийж нарийн эмчилж буй ганц байгууллага нь ХСҮТ үү гэвэл тийм. Насанд хүрэгчдийн хувьд шүү дээ. Хорт хавдар манай нийгэмд хэр хэмжээний хор хөнөөл учруулж байна вэ гэж харвал хүн амын маань нас баралтын хоёрдугаар шалтгаан болчихсон, 4000 хүн жилд энэ өвчнөөр нас бардаг. 

Өдөрт 12 хүн хорт хавдраар нас барж, 15-16 хүн хорт хавдар гэсэн шинэ оношоо сонсож байна. 

Эрүүл мэнд талаасаа ноцтой ачаа, ард түмний эдийн засаг, сэтгэл санаа, оюун санаанд маш их хор хөнөөлтэй асуудал. Үүнээс гадна хөдөлмөрийн насны хүмүүс маань хорт хавдраар өвдөөд хорвоог орхисоор байна. Ингэж өргөн утгаар нь харвал энэ бол манай улсын хувьд үнэлж баршгүй том асуудал.

Хавдартай тэмцэх тодорхой бодлого манай төрд бий. Тодорхой бичиг баримттай холбож яривал хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр 1997 онд ЗГ –ын тогтоолоор батлагдсан. Үүнийг эргээд харахад МУ –д үндсэн таван төрлийн хавдар байсан. Үүнд нь элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хавдрууд багтсан. Эдгээр нь нийт хавдрын 70-80 хувийг эзэлж байгаа. Оношлогдсон жилдээ дийлэнх хувь нь амь насаа алдаж байна гэсэн баримт  20–иод жилийн өмнө байсан юм.Үүнээс хойш манай салбар маш их зүлийг хийсэн, хөгжсөн. Гэтэл нөгөө л таван хавдар яг хэвээрээ л байна. Өөрчлөгдөөгүй байгаа юм.  

Үүний учир шалтгаан юу вэ? Өөрчлөгдөж, өөрчлөгдөөгүй байгаа улс орнуудын сайн муу тал нь юу вэ?

Манай улсын хүн амд тохиолдож буй үндсэн таван төрлийн хавдар бол эрт илрүүлж, урьдчилан сэргийлж болдог хавдар юм. Гэтэл 20 гаруй жилийн турш энэ хавдраар өвдөөд л байж байна. Ингээд дүгнээд харвал бид урьдчилан сэргийлж, эрт илрүүлж чадахгүй байгаа гэсэн энгийн дүгнэлтэд хүрнэ.

Гэтэл яг хавдрын тусламж үйлчилгээний нарийн мэргэжлийнхээ хувьд тодорхой амжилтад хүрсэн. Манай эмч нар гадны томоохон хурлуудад илтгэгчээр оролцож, урилгаар очиж гадаадад эмчилгээ хийж байна. Мөн олон орны эмч нар ХСҮТ –д туршлагажиж байна. Энэ нь бидний баг хүлээн зөвшөөрөгдсөнийг харуулна.

ЭМ –ийн тухай хуулинд хавдрын өвчлөлийн талаар нэмэлт өөрчлөлт орлоо. Үүнд танай салбарынхан их баяртай байгаа байх? 

Хавдар л гэвэл ХСҮТ хариуцах ёстой юм шиг явж ирсэн гэх мэт буруу тогтолцоо байсан нь үнэн.

Хорт хавдрын эрт илрүүлэг гэдгийг чинь орон нутагт нь, дүүрэгт нь хийж ажиллаж байх ёстой юм. Тэгээд эрт бариад авсан хавдраа тэндээ эмчлээд хянаад явах боломжтой. 

Одоогийн байдлаар аймгийн эмнэлгүүдэд хавдар хариуцсан эмч байна уу байна, хавдрын бүртгэгч бий юу бий, туслах сувилагчтай юу тийм. Эдгээр хүмүүс үнэхээр завгүй ачаалал ихтэй ажиллаж байгаа юу гэвэл бас л тийм. Гэтэл энэ хүмүүс дахиад хавдрын эрт илрүүлгийг хариуцаж ажиллах ёстой гэдэг асуудал гарч ирнэ. БНСУ л гэхэд хавдрыг эмчилдэг эмнэлэг нь тусдаа, эрт илрүүлдэг хэсэг нь бас тусдаа том эмнэлэг байх жишээний. Тогтолцоо нь сайн учраас иргэдээ хавдрын эрт илрүүлэгт уриалаад л, боломжтой, мөнгө төгрөгний асуудалгүй хэсэгт  нь зориулсан шинжилгээний тусгай хэсэг ч ажиллаж байх шиг. Ийм их зөрүү байгаа юм. Өвчтөн болон шижилгээнд хамрагдаж байгаа иргэд хэзээ ч нэг дороос үйлчилгээ авдаггүй сайхан тогтолцоотой. Бид энэ рүү л явах ётсой.  ЭМ –ийн хуулийн шинэ өөрчлөлт энэ рүү явах эхлэл гэж ойлгож болно.

Аливаа хууль шинээр гарахад түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай тогтоол, журам, бичиг баримтны асуудал дагаад гардаг. Үүнээс гадна хөрөнгө санхүү маш чухал. Та бүхний тооцоогоор 39 орчим тэрбум төгрөг хэрэгтэй гэж сонслоо?

Нэгэнт хууль гарсан, МУ –ын хууль хэрэгжих ёстой гэдэг асуудал одоо яригдана. Тэгж байж хууль хэрэгжинэ. Эхний нэг хоёр жилдээ бол хэцүү байна байх. Гэхдээ цаашдаа жигдрээд явах болов уу гэж харагдаж байна.

Үүн дээр анхаарах нэг зүйл бий. Энэ хуулийн хүрээнд, үр дүнг нь ярих тооцох мөчид хэдэн хүнийг хамрууулсан бэ гэдгээс илүү хэдэн хүнийг эмчилсэн бэ гэдэг л чухал байх ёстой. Бид өнөөдрийг хүртэл хэдэн хүнийг хамруулсан бэ гэдэг зүйл л ярьж ирсэн. Хэдэн хүн эрүүл болсон бэ гэдгээр л хуулийн хэрэгжилтийн үр дүн, дүгнэлт гарах ётсой. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн нас барлаа гэхэд нэг нь хорт хавдрын шалтгаантай байна. ДЭМБ –ийн дэлхийг умайн хүзүүний хорт хавдар гэдэг өвчингүй болгоё, эмэгтэй хүн амь насаа умайн хүзүүний хорт хавдар гэдэг өвчнөөс болж алдахгүй ёсгүй гэж үзэж байгаа. Яг үүнтэй адил хорт хавдрын улмаас иргэдээ алдахгүй л гэж байгаа юм. Ингэхийн тулд ерөөсөө л хорт хавдрыг эрт илрүүлэх явдал. 

Нэгэнт хожуу шатандаа илэрсэн хорт хавдрыг мянган гайхамшигтай эмч нар маань нийлж нэгдээд ч яаж ч чадахгүй шүү дээ. Тийм учраас эрт илрүүлгийн тогтолцоог л бүрдүүлэхээр ажиллаж байна.

Саяхан батлагдсан хууль энэ тогтолцоог бий болгоход хэр түлхэц болох бол? 

Бидэнд туршлага бий. Хавдрын эсрэг аяныг Үндэсний олон нийтийн телевиз, ХААН банк, ХСҮТ хамтраад орон нутгуудад хавдрын эрт илрүүлгийг есөн жил хийсэн. Үүний үр дүнд маш олон иргэн эрүүл болсон, олон хүн өвчнөө эрт үед нь мэдсэн. Гэхдээ бид тухайн орон нутагт таван хоног л ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд эрсдэлт, эмзэг бүлгийн иргэдийг бүрэн хамрууулж чаддаггүй сул талтай. Манай төвд ирсэн хожуу оношлогдсон иргэдээс асуумж авдаг түүгээр батлагддаг юм.  Ингээд харахаар бүтэн жилийн хугацаанд мэргэжлийн эмч нар нэг удаа очиж тав хоног ажиллах нь зөв үү, тэнд нь тогтмол хавдрын эрт илрүүлгийг хийдэг тогтолцоо байх нь чухал уу гэдгийн ялгааг харчихаж болно. Ойлгомжтой биз дээ. Тэр нэгж нь тогтмол ажиллаж байвал иргэд ашиглаж л таарна шүү дээ.

Бидний хандлагад их учир байдаг уу? Бид ниргэсэн хойно нь хашгирахын үлгэрээр явж заавал хорт хавдраар өвдөж, тэр нь бүр хүндэрсэн шатанд нь хүрсний дараа л эмнэлэг, эмч бараадаад байна уу? Санхүүгийн нөхцөл байдал ч яг тэр зарчмаар хүнд нөхцөл байдалд хүргээд байх шиг байна? 

Умайн хүзүүний хорт хавдрын тухайд л ярихад эрт илрүүлгийн шинжилгээ хийлгэхэд 20 мянгөн төгрөг, умайн хүзүүний хорт хавдар болж түүнийг эмчлүүлэхэд харин 11 сая 500 мянган төгрөг. Элэгний вирус үзүүлэхэд 10 мянган төгрөг бол элэг шилжүүлэн суулгахад хамгийн багадаа 150 сая төгрөг. 

Зөвхөн ганц, хоёр хавдрын санхүүгийн байдлыг харахад л харьцуулшгүй дүр зураг ажиглаж болно. Эрт илрүүлэг ямар их ач холбогдолтойг санхүүгийн байдлаар нь ч дүгнэж болно. Энэ бүх тооцоо ганц хүн дээр яригдахгүй нийт ард иргэдийн тоогоор аваад үзвэл эрт илрүүлсэн хорт хавдар ямар их санхүүгийн хүндрэлээс иргэн, улс орныг хамгаалж болох нь ойлгомжтой. Тийм учраас хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоонд хөрөнгө оруулалт хийхэд харамсах, буруудах нэг ч зүйл байхгүй.

ХСҮТ үнэхээр их ачаалалтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл маш их хүн өвдөж байна гээд бодохоор ямар нэг зүйл нь ард иргэдийн дунд болохгүй болохоор л өвдөөд байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм? 

Үүнд хоёр тайлбар байж болно. Би анх хавдрын эмч болоод ирж байхад манай эмнэлэг өнөөдрийнх шиг ачаалалтай байгаагүй юм. Хавдар гэж ярих, манайх руу зүглэхийг ч хүсдэггүй байлаа. Хотын зах мэт л байлаа. Гэтэл өнөөдөр харин ард иргэд ХСҮТ –д маш ихээр итгэн ирж байна. Эмч нарт амь нас эрүүл мэндээ даатгаад л ирээд байгаа. Гэтэл бидний нөөц бололцоо аль 80 –аад оных хэвээрээ шахуй. 37 жил нэг байрандаа л ажиллаж байна. Дөрөвхөн мэс заслын өрөөнд жилдээ 2600-2800 том хагалгаа хийгээд өдөр бүр 10 гаруй том хэмжээний хавдрын мэс засал хийгээд байж байна. Мэс заслын оочер 21 хоногоор ч хүлээгдэж байна. Эмнэлэгийн дундаж ор хоногийг 5.6 хүртэл бууруулж үзлээ. Энэ бол технолги нэвтрүүлсний буян. Эрт илрүүлэг маань хөгжвөл хавдартай хүмүүс илүү олон болно. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг асуудал гарч ирнэ. 37 жилийн өмнөх нөхцөл байдлаараа том зорилго тавиад ажиллах нь хүнд.

Ачаалал, хүлээгдэл их байгааг ойлгож байгаа. Гэхдээ өвчтэй, хавдартай хүн тэгж удаан хүлээж байгаад нас барж байгаа нь яг бодит үнэн үү? 

Нэгэнт тэр эрт илрүүлгийг орон нутгуудад хийж хавдрыг илрүүллээ гэж бодъё. Хавдраа илрүүлсэн хүн хагалгаанд орохын тулд хоног хүлээнэ гэвэл нөгөө л асуудал хэвээрээ. Бүх юмыг уялдаатай цуг шийдэх хэрэгтэй байгаа юм. Энэрмед компанийн эмнэлгийн барилгыг ашиглах ерөнхий зөвшөөрөл өгөгдсөн ч нарийн зохицуулалт байхгүй л байна. Маш сайхан эмнэлгийн байшин, манай хашаанд баригдсан. Гэхдээ зориулалт бүхий хоосон л байгууламж. Бид үүнийг ашиглахдаа тулбал тохижуулахаас эхлээд ажил ундарна. Тоног төхөөрөмж шаардана.

Төр засаг худалдаж авах боломжгүй бол түрээсийг нь төлж өгөөд биднийг ажиллуулах шаардлага байна. Ингэвэл ачаалал хоёр дахин буурна. Уг барилгын давуу тал нь мэс заслын зориулалтаар баригдсанд байдаг.

ХСҮТ –ийн багийн мэдлэг, чадвар, туршлага сайжирлаа л гэж байна. Гэхдээ л хавдрын өвчнөөр өвдсөн иргэд гадагшаа явсаар байна. Үүнд ямар тайлбар байдаг вэ? 

Бид зөв тогтолцоотой болчихвол энэ урсгалыг зогсоох бүрэн боломжтой. Хамгийн эхэнд л гэхэд боломж бололцоотой хүмүүс хүрээд ирэхэд л асуудалгүй, ая тухтай үйлчилж байвал тэр хүмүүс мөнгөө аваад гадагшаа явчихгүй. 

Гадны маш олон эмч нар манайд ирж сурч дадлагажиж байна. Бидний зарим маань гадаадад өндөр хөгжилтэй улс орнуудаад лекц итгэл тавьж, мэс засал хийж байна. Энэ бол боловсон хүчин бэлэн байгааг харуулж байгаа  юм.  

Гагцхүү үндсэн нөхцөл тогтолцоог маань шийдээд өгчих хэрэгтэй. Мэс заслын таван блок нэмэгдэхэд маш өргөн боломж нээгдэнэ. Үүнээс гадна эмнэлгийн анхан болон дунд шатны, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа сайжрах шаардлагатай. Хавдрын эрт илрүүлэг бол нийгмийн эрүүл мэндийн ажил юм шүү дээ.

Хуулинд нэмэлт өөрчлөлт орж, тогтолцооны гажуудал засагдах гэж байгаа нь сайн хэрэг. Олон нийтийн хандлага, оролцоо бас ямар түвшинд байх шаардлагатай байна. Ингэж асууж байгаа шалтгаан нь олон нийт өөрсдөө оролцсон ажил илүү үр дүнд хүрдэг учраас? 

Хүн өөрийн цаг, хөдөлмөрийг шингээсний дараа л үр дүнг нь харахынг илүү хүсдэг. Хавдрын асуудлыг зөвхөн ХСҮТ –ийн асуудал мэт харж хандаж олон жил явж алдсан. Гэтэл эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд мэдлэг, боловсрол, туршлага хуримтлууллаа. Ийм байлаа гээд хавдрын асуудал арилахгүй. Эцсийн зорилго болох хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад тогтолцоогоо цогцоор сайжруулж байж л үр дүнд хүрнэ.

Гэхдээ төрийн бодлого боловсруулж, хэрэгжихэд тухайн салбарынхны санал маш чухал. Та бүхэн төрийн бодлогод тусгах бодлого, гарц шийдлээ хэрхэн гаргаж өгч ирсэн бэ?

Мэргэжлийн арга зүй, удирдлага, стандарт, чанарын баталгаажилтийн ажлуудыг мэргэжлийн хувьд удирдаж ажиллана гэсэн үг. Тогтолцоо л жигдэрвэл бидэнд тэр ямар ч асуудалгүй. ОУ –ын туршлагыг цаг хугацаа, хөрөнгө мөнгө бага зарж их үр дүнд хэрхэн хүрэх вэ гэж л бид ажиллаж байна.

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт л гэхэд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдээ жил бүр шинжилгээнд уриад хамрагдуулахад 150 мянга орчим эмэгтэй хамрагдах юм. Үүнд 3.8 тэрбум төгрөг хэрэгтэй байсан. Гэтэл ДЭМБ –ын зөвлөгөө бүхий технологийг нэвтрүүлснээр уг зардал хоёр дахин багасах жишээтэй.

Манай улс орны салбар салбарт дэлхийн томоохон байгууллагуудын оролцоо, хараа зохих хэмжээнд тусч байдаг. Монгол улсын хүн амын нас баралтын 25 хувийг эзэлтлээ гүнзгийрсэн хавдрын асуудалд ДЭМБ –ын зүгээс ер нь ямар зөвлөмж зөвлөгөө өгч ирсэн бэ?

Тогтмол ийм ОУ –ын шинж чанартай, ажлын хэсгийн уулзалтууд хийгддэг. ОУ –ын байгууллага бол заавар зөвлөмжөө аль хэдийн өгчихсөн. Хорт хавдрыг хянах үндэсний хөтөлбөртэй байх ёстой гэж зөвлөдөг. Урт хугацааны, өөрийн төсөвтэй гэх мэтээр. Дэлхийн улс орнууд хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрөө танилцуулж, үр дүнгээ гайхуулж байна. Тусдаа бие даасан хөтөлбөртэй байх нь буух эзэн, буцах хаягтай байх давуу талтай юм.

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   2024 оны 04 сарын 18

Холбоотой

АУ-ны магистр Н.Мандахай: Өвчин намдаах төрлийн эмийг байнга хэрэглэх нь бөөрний дутагдалд хүргэх нэг шалтгаан

Сүүлийн үед бөөрний архаг дутагдлаар оношлогдох хүний тоо нэмэгдэж буйг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Иймд бөөр өвчлөх шалтгаан, ямар тохиолдолд үрэвсдэг, үрэвсэл нь яагаад архаг хэлбэрт орж, юунаас болж архаг дутагдалд хүрдэг, хэрхэн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 09 сарын 19

Г.Анхболд: Сэтгэц нөлөөт эм бодис хэрэглэсний улмаас уушгины цочмог гэмтэл, амьсгалын дутагдалд орох тохиолдол нэмэгдэж байна

Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын хэрэглээний улмаас залуучууд уушгины үжил болж хүндэрч ирэх, амь нас нь эрсдэлд орох тохиолдол нэмэгдэх болсон байна. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 08 сарын 30

Санал болгох

Оюутан та ЭМД-т хамрагдсанаар тусламж үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой

ЭМД-ын тухай хуульд Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдахаар тусгасан. Ингэхдээ 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг улсаас хариуцан төлдөг бол 19 наснаас эхлэн иргэн бүр ЭМД-аа өөрөө хариуцан төлдөг. Хэрэв... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө

МИАТ ТӨХК, Эйр Чайна ХК-тай аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа

Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК БНХАУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч, Star Alliance-ийн гишүүн Эйр Чайна ХК-тай хамтын түншлэлээ өргөжүүлэн Аяллын дугаар хамтран эзэмших гэрээ байгууллаа. Хамтын ажиллагаа нь Монгол Улс,... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   21 цагийн өмнө