2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хөл хориотой холбоотойгоор өсвөр насныханд дараах сэтгэл зүйн мэдрэмж үүсч байна

— Ч.Баяржаргал   2020 оны 05 сарын 13

Өсвөр үеийнхэн, залуучууддаа Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, яаж дэмжих арга замуудын талаар цуврал подкастийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа “Цар тахал, хөл хорионы үед сэтгэл зүйгээ хэрхэн таньж мэдэх”, цар тахалтай холбоотойгоор сэтгэл санаанд ямар өөрчлөлт, шинж тэмдгүүд гарч болохыг мэдэж аваарай. 

“Лантуун дохио” ТББ-ны тэргүүн Ч.Ганжавхлан сэтгэл зүйн таагүй байдал, асуудал байгаа эсэхээ хэрхэн мэдсэн, яаж даван туулсан түүхээсээ хуваалцлаа:

"Би мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл санааны түгшилттэй олон жил болсон. Гэхдээ над шиг асуудалтай олон хүмүүс байдгыг мэдсэн. Энэ бол тийм аймар галзуурч, солиороод байгаа хүнд өвчин биш. Ханиад хүрдэг, хоолой өвддөгтэй адилхан бидний "сэтгэл" гэдэг эрхтэн өвддөг. Сүүлийн үед сэтгэл зүйн асуудал, бэрхшээлтэй хүмүүс түгээмэл болсон. Саяхан би сэтгэл зүйн асуудалтай, сэтгэл гутралтай хүмүүсийн групп нээхэд л тэр даруй 1000 хүн ороод ирсэн. Хүмүүс сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудлыг зөвхөн өөрт нь л тохиолдоод байна гэж боддог. Намайг хэн ч ойлгохгүй байна, надаас бусад хүмүүс инээд хөөртэй гоё байна гэж ойлгодог. Яг үнэндээ маш олон хүмүүс яг чамтай адилхан сэтгэлийн асуудал, бэрхшээлийг туулж яваа шүү. 

Бид амаргүй нийгэмд амьдарч байна. Тэр дундаа цахим орчин сэтгэл зүйд маш их нөлөөлж байгаа. Ийм орчинд бид удаан байснаар өөрсдийн мэдэлгүй бие, сэтгэл өвдчихдөг. Хамгийн хэцүү нь сэтгэл гэдэг эрхтэнг бариад авч болдоггүй. Хөл шалбарах, гар хугарах үед ингэж эмчлээд, ийм эм уугаад зүгээр болгохоо мэддэг. Гэтэл сэтгэл өвдөхөөр яахаа мэддэггүй. 

Нэгдүгээрт, Энэ зөвхөн чамд тохиолдоогүй. Их олон хүнд тохиолдож байгаа бэрхшээл юм шүү. 

Хоёрдугаарт, Үүнээсээ ичиж, санаа зовох ямар ч шаардлагагүй. Хамгийн түрүүнд хэцүү байгаагаа хүлээн зөвшөөрөх нь чухал. Зугтааснаар юу ч шийдэгдэхгүй. Тиймээс "надад үнэхээр ийм асуудал, бэрхшээл, бухимдал, ганцаардал байна" гэдгээ хүлээн зөвшөөрснөөр түүнийгээ эмчлэх арга замаа олж чадна. 

Миний өөртөө хэрэгжүүлдэг шилдэг арга бол хөлс гаргах. Буруу эмчилгээ хэзээ ч болохгүй. Хөлс стрессийг задалдаг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон. Мишель Обама хүртэл маш их гүн сэтгэл гутралд орсон хүн. Тэрээр өглөө бүр 6 цагт босоод гүйдэг байжээ. Маш их хөлс гаргадаг байсны ачаар "сэтгэл гутрал"-аа амжилттай давж гарсан түүхээ өөрийнхөө номонд бичсэн байдаг. Тиймээс хэцүү байвал хөлсөө маш сайн гаргаарай. Хөлс гаргахад заавал фитнесст очих шаардлагагүй. Чи юунд дуртай, ямар хоббитой байна түүнийгээ хийгээрэй. 

Би зураг авах дуртай. Өдөрт бараг 20 км гудамжаар алхаж зураг авдаг. Энэ нь надад биеийн тамир болохоос гадна стресс тайлах эмчилгээ болдог.  Логикоор бодох юм бол биед орсон бүхэн гардаг. Стресс бухимдлаа дотроо барьж түгжих нь хамгийн муу. Тиймээс найздаа ярьж хуваалц, сэтгэл зүйчид ярь, уйл, хөлс гарга. Чи ганцаараа биш шүү." 

Хөл хорио тогтоосонтой холбоотой хичээлдээ явах, найзуудтайгаа уулзах, дугуйлан секцэнд хамрагдах, янз бүрийн арга хэмжээнд оролцох зэрэг өдөр тутамдаа хийдэг байсан зүйлсээ хийхгүй, зөвхөн гэртээ л байх нь амаргүй байгаа болов уу.


Магадүй чи ганцаардаж, уурлаж, бухимдаж, юу хийхээ мэдэхгүй, сэтгэл санаа чинь тогтворгүй, айж түгшиж байна уу? Ийм байдал нь хэвийн зүйл үү эсвэл ямар нэг асуудал байна уу?


СЭМҮТ-ийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч, эмч Л.Цэрэндолгор дараах зөвлөгөөг өглөө:

Ковид-19 цар тахлын энэ үед хөл хориотой холбоотойгоор өсвөр насныхан нэлээн хэцүү байгаа болов уу. Өсвөр наснынхны онцлог, чухал хэрэгцээ гэж бий. Тэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог бөгөөд гэр бүлийн харилцааны дараа ордог найз нөхдийн харилцаа нь маш чухал. 

Энэ харилцааны хэрэгцээ хөл хориотой холбоотойгоор хангагдахгүй байгаа учраас хүүхдүүд бухимдах, ганцаардах, сэтгэл санаагаа хуваалцаж чадахгүйгээсээ болж  таагүй сөрөг мэдрэмжүүд хүчтэй мэдрэгдэх, бухимдлаа түрэмгий байдлаар илэрхийлж гаргах байдал ажиглагдаж байна. Ингэж сөрөг байдлаар илэрхийлснээс болж ойр дотны хүмүүс, гэр бүлийхэнтэйгээ харилцааны хувьд асуудалд орох, харилцааны бэрхшээл үүсэх зэрэг олон сөрөг үр дагаврууд гарч байгаа юм. Энэ нь байж болох зүйл юм шүү.

Үндсэн хэрэгцээ нь хангагдахгүй байгаатай холбоотойгоор ийм асуудал үүсэж байгааг өсвөр насны хүүхдүүд өөрсдөө ч зарим нь ойлгохгүй байгаа. Бухимдаж, уурлаж, ганцаардаж байгаа мэдрэмжээ зөв зохистой илэрхийлж гаргах юм бол асуудлыг шийдэх боломжтой. Цар тахлын үеийн нөхцөл байдлын талаар эцэг эхчүүд хүүхдүүддээ маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Мөн хүүхдүүд маань аав ээждээ төрж буй мэдрэмжүүдээ санаа зоволтгүй илэрхийлж яриарай. Ингэснээр тухайн ойлгохгүй байгаа сөрөг мэдрэмжүүдээ зөв илэрхийлж гарган, цар тахлын үеийг амжилттай даван туулах боломжтой болно. 

Удаан хугацаанд үргэлжилж буй хөл хорионы үед сэтгэл зүйн асуудал тулгарч, ямар нэгэн хүнд хэцүү нөхцөл байдал тохиолдвол тусламж авахаас битгий санаа зовоорой. ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААР дараах дугааруудад хандаарай.

  • 102 - Цагдаагийн шуурхай дуудлага, мэдээлэл хүлээн авах , 
  • 108 - Хүүхдийн тусламжийн утас
  • 107 - Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл хүлээн авах утас
  • 96490505 - Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зөвлөгөө өгөх утас
  • 70187797, 70180136 - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн утас
  • СЭМҮТ-ийн СЭТГЭЛЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС – 1800 2000
  • КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВАХ  УТАС – 119, 100, 80086829  утсаар холбогдоорой.

"Чи ганцаараа биш" цуврал подкастаа сонсох болон үзэхийг хүсвэл дараах линкүүд дээр дараарай.

Youtube:  

Facebook: 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 17

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   15 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   17 цагийн өмнө