2024/04/19. Баасан гараг Дугаар: #2983

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Хөл хорионы улмаас хүн амын 38 хувь нь нойрны асуудалд орсон

— Ч. Баяржаргал   2021 оны 01 сарын 25

Жил гаруйн хугацаанд үргэлжилж буй коронавируст цар тахлын улмаас хүмүүсийн хэвийн амьдрал алдагдаж, үүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн олон асуудал үүсч байгааг судлаачид хэлж байна. Тэр дундаа нийт хүн амын дунд нойргүйдэл, сэтгэл гутрал, сэтгэл түгших эмтгэг зэрэг сэтгэцийн асуудлууд түгээмэл тулгарч байгаа аж. Тиймээс бид энэ удаа нойрны асуудлууд, сөрөг нөлөө, хэвийн амьдралдаа эргэн ороход туслах зөвлөгөө мэдээлэл хүргэхээр УХТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч Д.Мөнхжаргалтай ярилцлаа. 

"Ковид-19" цар тахал гарснаас хойших жилийн хугацаанд нойрны эмгэг, асуудлуудын чиглэлээр ямар ямар судалгаа хийгдсэн бэ? 

“Ковид-19”- тэй холбоотой нойрны асуудлаар дэлхий дахинд нэлээдгүй судалгаа гарсан ба үүнээс бид хэд хэдэн тойм судалгааг тусгайлан авч үзэж байна. Анх БНХАУ-д халдвар илэрч, нойрны чиглэлээр судалгаа хийгдсэн байдаг.  

“Коронавирусийн халдвар авсны дараа сэтгэл зүйн ямар бэрхшээлүүд тулгарч”  буй талаар халдвар авч эдгэрсэн 3000 орчим хүнд хийсэн судалгаагаар "сэтгэл түгших эмгэг” хамгийн их хувийг эзэлж байсан. Үүний дараа сэтгэл гутрал, нойрны хямрал гэсэн гурван асуудал илүү их тулгамдаж байна.

Коронавирусийн халдвар хоруу чанар ихтэй, олон хүнд зэрэг халдварлах, нас барах эрсдэл өндөр байсантай холбоотойгоор “вирусийн халдварын хоруу чанарын тухай мэдээлэл" хүмүүсийн сэтгэл зүйд гэнэтийн хүчтэй цочруул болж өнчин тархины үйл ажиллагааны дааврын өөрчлөлтөөр сэтгэл зүйн айдас нь сэтгэл түгших эмгэгтэй болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Нойрны асуудал нь халдвар авсан хүмүүсээс гадна нийт хүн амын дунд түгээмэл тохиолдолж байх шиг байна? 

Халдвар тархахаас өмнө нийт хүн амын 17 хувь нь нойрны асуудалтай байсан. Харин цар тахал, хөл хорионы улмаас дэлхий даяар нойрны асуудалтай хүмүүсийн хувь 38 болж өссөн. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байна.

Цар тахал, хөл хориотой холбоотой сэтгэл зүйн асуудалд өртөж, нойрны асуудал үүсэж байгаа ба нойрны үргэлжлэх хугацаа багасах, нойр ханахгүй байх,  нойр хүрэхгүй байх, шөнөдөө хэд хэдэн удаа сэрж нойр хулжих эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байна.

Нойрны асуудал үүсгэхэд нөлөөлж буй зүйлс: 

- Хөл хорио тогтоосны улмаас нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал, гэнэтийн шийдвэрүүд

- Амьдралын хэв маяг өөрчлөгдөж, хэвийн амьдралын горим алдагдах, биологийн процесст өөрчлөлт орсонтой холбоотой

- Хөдөлгөөний дутагдалд орох. Гэртээ ихэнх цагийг өнгөрүүлж хэвтэх суух зэрэг байнгын нэг байрлалд байх нь нойргүйдэх шалтгаан болдог. Идэвхтэй хөдөлгөөн багассанаар цусны эргэлт удааширч, тархины хүчилтөрөгч багасаж, цусан хангамж мууддаг.

- Архины хэрэглээ нэмэгдэх.  Италид хийгдсэн судалгаагаар архи, согтууруулах ундааны хэрэглээ хэвийн үеэс хоёр дахин ихэссэн байсан ба үүнээс үүдэн согтууруулах үйлчилгээний хэрэглээ ихсэх нь нойрны хямрал үүсэх гол шалтгаан болж байна.

- Санхүү, эдийн засгийн хямрал, ажлын байргүй болох, өдөр тутмын хэрэглээ нэмэгдэх зэргээс үүдэлтэй стресст орох

- Утас, телевизор, компьютер гэх мэт дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор тархинд хэт их ачаалал үүсэн нойрны хямралууд илэрч байна.

Манай улсад коронавирусийн халдвартай холбоотой сэтгэл зүйн ямар судалгаанууд хийгдсэн бэ? 

Монгол улсад коронавирусийн анхны зөөвөрлөгдсөн тохиолдол  2020 оны 03 сарын 09-нд бүртгэгдсэн. Үүнээс хойш халдвартай нь батлагдсан 196 хүнд "Эрүүл мэндийн хөгжлийн төв"- өөс судалгаа хийсэн.  2020 оны 03 сараас 8 дугаар сарыг дуустал халдвар авч эдгэрсэн хүмүүст хийсэн судалгаанаас 64 хувь 15-30 насны хүмүүс байсан бөгөөд залуу насны хүмүүст сэтгэл гутрах, нойрны хямрал элбэг тохиолдож байгаа нь тогтоогдсон.

Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүсийн дунд тохиолдож буй сэтгэцийн эмгэгүүдийг бүсчилж үзвэл,

  • Европын улс орны хүмүүсийн 57 хувь нь нойргүйдэлтэй, 40 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй
  • Америк болон азийн орнуудад  сэтгэл түгших эмгэг 21 хувьтай, сэтгэл гутрах, нойрны эмгэг нь 10 хувьтай гэсэн ялгаатай тоо гарч ирсэн.

Халдварын тархалт үргэлжлэх хугацаа удаан, олон бүс нутгийг хамрах тусам сэтгэцийн өөрчлөлт, асуудал үүсэх байдал улам ихсэх хандлагатай байна.

Ер нь хэвийн, эрүүл нойр гэж ямар байхыг хэлэх вэ?

Нойр гэдэг нь хүний биеийн зориудын хөдөлгөөний булчин болон мэдрэхүйн эрхтэн дарангуйлагдаж, төв мэдрэлийн тогтолцооны жам ёсны бүтэн саатлыг хэлнэ. Нойр хүний биеийн физиологийн амин чухал хэрэгцээг хангаж байдаг. Энэхүү хэрэгцээ нь насны урвуу хамааралтай байдаг ба нярай хүүхдэд хамгийн их, өндөр насанд хамгийн бага нойртой байдаг. Хүний биеийн дотор эрхтний болон мэдрэлийн тогтолцооны өвчнөөс хамгаалдаг. Биеийн өдөр тутам гүйцэтгэх ажлыг хэвийн явуулах шаардлагатай эрчмээр хангадаг. Хүн нүдээ аниад 10 минутын дотор унтаж чадаж байвал эрүүл хэвийн нойртой гэж үзнэ. 

Нойрны асуудлаа шийдэхгүй үргэлжлээд байвал эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ? 

Бие болон сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх шалтгааны улмаас нойрсох болон унтаж амрах боломжгүй болохыг нойргүйдэл гэнэ. 

Нойргүйдлийн улмаас ядарч сульдах, толгой өвдөх, тайван бус болох, анхаарал сулрах, уур уцаартай болох, мартамхай болох шинж тэмдгүүд илэрнэ.  

Даралт ихсэх, бусад архаг хууч өвчин сэдрэх, ходоодны шарх, чихрийн шижин өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд хүргэнэ. Бие махбодын хувьд  арьс загатнах, тууралт гарах, арьсны эмгэгүүд ч үүсч болзошгүй.

Харин сэтгэл гутрал нь олон янзаар илэрдэг. Сэтгэл санаа тавгүй болох, сэтгэлээр унах, гутрах нь хүн болгонд үүсч болдог сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн нэг хэсэг юм. Энэхүү байдал нь 14 долоо хоногоос дээш хугацаанд үргэжилвэл "сэтгэл гутрах эмгэг" болно. Энэ эмгэгийн үед уур уцаартай, тайван бус, гутранги үзэл бодол, ганцаардах, өөрийгөө буруутгах, нойргүйдэх шинж тэмдэг гарна.

Жирэмсэн ээжүүд нойргүйдэх нь ковидтой хэр холбоотой вэ? 

Жирэмсний үед дааврын өөрчлөлт явагддаг учраас нойрны асуудал гарч болно. Ковид-19 халдвартай шууд холбоотой биш ч хавсарч нойргүйдэж байж болох юм. Ялангуяа жирэмсний сүүлийн саруудад нойр багасах, гүн нойрсож чадахгүй байх асуудлууд элбэг тохиолддог.  Энэ нь хэсэгхэн зуурын өөрчлөлт учраас төрсний дараа хэвийн байдалдаа ордог.  Жирэмсэн ээжүүд маань хооллолтдоо анхаарах хэрэгтэй. Болж өгвөл оройн цагаар махан төрлийн хоол идэхгүй байх. Ураг томрохын хэрээр ходоод шахагдаж унтахад төвөгтэй болдог.  Оройдоо хөлөө халуун бүлээн усанд дүрэх, элдэв зүйлд санаа зовохгүй байх,  дэлгэцийн хэрэглээгээ багасгах нь унтахад эерэг нөлөөтэй. Нойргүйдэлтэй яваад байвал сэтгэл зүй тайван бус болж,  урагт тэжээл очих нь багасах дам нөлөөтэй учраас дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. Шаардлагатай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Нойрны асуудалтай тулгарсан хүмүүс хэрхэн даван туулах вэ? 

  • Нэн түрүүнд өглөө босоод ажилдаа явдаг байсан шигээ урьд нь хийдэг байсан зүйлс, амьдралын хэв маягаа гэртээ хэрэгжүүлэх
  • Өдөрт доод тал нь 30 минут дасгал хөдөлгөөн хийх, лифтэнд суухгүйгээр шатаар явахыг хичээгээрэй
  • Архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах
  • Тархины эсийг сэргээх кафейн агуулсан хүнс, цайг өдөр болон орой уухгүй байхыг хичээх
  • Цар тахлын үеийн мэдээ мэдээллийг эрүүл мэндийн албан ёсны эс сурвалжаас авах
  • Дэлгэцийн хэрэглээг багасгах
  • Хөл хориог өөртөө зөвөөр ашиглах буюу шинэ дадал бий болгох, хоббигоо хөгжүүлэх, өөртөө цаг гаргах, шинэ зүйлс турших зэргээр аль болох идэвхтэй байх нь үр дүнтэй.
  • Хөнгөн зэргийн нойргүйдэл илэрч буй хүмүүс  утсаар болон цахимаар мэргэжлийн хүнээс  эрүүл мэндийн зөвлөгөө авах.

Гүн нойрсох буюу чанартай нойр авахад туслах хоол хүнс юу вэ?

Юуны өмнө нойр сэргээдэг хоол хүнс буюу кофе, хар шоколад, кафейны агууламжтай хүнс, алкохол оройн цагаар хэрэглэхгүй байх. Харин ногоон ургамал жимс, эслэг ихтэй хүнс, байцаа, банана, зарим ургамлын гаралтай цай зэрэг нойр хүргэхэд нөлөөлдөг хүнсийг хэрэглэж болно.

Үүнээс гадна сөрөг стресс үүсгэж буй зүйлсээ цаг тухайд нь шийдвэрлэх буюу стрессээ тайлах, авч буй мэдээлэлдээ цензуртэй хандах, аливаа сөрөг мэдээллийг даван туулах чадвартай байх нь нойрны асуудалд өртөхөөс сэргийлнэ.

Нойрны асуудалтай бол хэдий хэр хугацаанд хэвийн байдалдаа эргэн орох вэ?

Нойрны асуудал удаан хугацааны дараа арилдаг.  Гэхдээ тухайн хүний нойрны асуудал ямар цаг үед ямар байдлаас үүссэнээс шалтгаалаад хэвийн байдалдаа эргэн орох хугацаа нь өөр өөр. Дунджаар 1-3 сарын дараа хэвийн байдалдаа ордог. Хамгийн чухал зүйл нь таагүй мэдрэмжүүдээ гадагшуулж, хүмүүстэй харилцах, ярилцах, гэр бүлийнхэн, үр хүүхдүүдтэйгээ тоглох, өөрийн дуртай сонирхолтой зүйлсээ хийх хэрэгтэй.

Үүнээс гадна халдвар хамгааллын дэглэм баримтлах тал дээр өөртөө хэт эмзэгээр хүлээж авахгүйгээр тайван, энгийнээр хандах нь зүйтэй. Хэт их төсөөлөн бодож, сүржин хандах нь сөрөг стресс үүсгэдэг. 

 

 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   11 цагийн өмнө

Холбоотой

“Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” 2-р улирлын оролцогчдын бүртгэл эхэллээ

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд боловсрол олгох зорилготой “Сэтгэцийг эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” нөлөөллийн аяны 2-р улирлын оролцогчдын бүртгэл нээлттэйгээр... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   өчигдөр

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ЕБС-ийн сэтгэл зүйчдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжиж байна

Австралийн Элчин сайдын яам, Австралийн Сайн дурын сангийн дэмжлэгтэйгээр "Шинэ Эхлэл" ТББ-иас өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх “Гэрэлт-Эргэлт” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 04 сарын 12

Санал болгох

Өнөөдөр цахилгаан хязгаарлах БАЙРШЛУУД

Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх 4 дүгээр сарын хуваарийг зарласан. Өнөөдөр буюу 4 сарын 18-ны өдөр ХУД, СХД, БЗД, БХД, Төв аймгийн дараах хороо хэсгүүдэд 9-19 цагийн хооронд... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   19 цагийн өмнө

Эмийн лабораторийн эрхлэгч эмийн сан ажиллуулж, өөрөө өөрийнхөө эмэнд шинжилгээ хийж, дүгнэлт бичиж байна

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 2024.04.15-17-ны өдрүүдэд боллоо. Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   20 цагийн өмнө