2024/04/20. Бямба гараг Дугаар: #2984

ТОД ТУСГАЛ

Ж.Чинбүрэн: Амьдралын минь тоолох боломжгүй их цаг хугацаа хагалгааны өрөөнд өнгөрсөн

— Б.Батцэцэг   2021 оны 10 сарын 21

Тусгал.мн мэргэжлийн цахим сонин, "Тод тусгал" ярилцлагынхаа Гахай жилийн отгон зочинг уншигчидтайгаа уулзуулж байна. Энэ удаагийн зочин бол Монгол улсын хүний гавьяат эмч, доктор, профессор, Францийн мэс заслын академийн хүндэт гишүүн, зөвлөх зэргийн эмч Ж.Чинбүрэн. 

Энэ хүний талаар элдэв олон тодорхойлолт, магтаал, хөдөлмөр, боловсролын түүх нурших нь илүүц биз. Учир нь мянга мянган монгол гэр бүлийг элэг бүтэн авч үлдэхийн тулд чаддаг бүхнээ хийж, сурах ёстой бүхнийг сурчээ гэж би хувьдаа үнэлэн хүндэлдэг.

Түүнийг "Жинхэнэ эмч" хэмээн ард түмэн хүндэлж, "элэгний Чинбүрэн" хэмээн нэрийджээ. Үнэхээр ч тийм. Элэгний хорт хавдрын тусламж эмчилгээг элэг шилжүүлэн суулгах хагалгаа ХСҮТ -д нутагштал нь нэвтрүүлэхэд залуу насаа зориулсан түүнд ярих зүйл их аж. Түүнээс сурах зүйл ч залуу үеийнхэнд дэндүү олон. 

Америкт пиццаны газарт аяга таваг угааж, архинд дурлан хальтарч үзсэн удаатай Чинбүрэнд гавьяатын нэр хүнд, мэдлэг чадвар, боловсрол туршлага ямар золиостой, хэр үнэтэй олдов? Эмч хүний мөн чанар, ёс зүй гэж юу вэ? Улс төрд орох шийдвэр хэрхэн гаргасан? талаар түүнтэй ярилцлаа. Дашрамд хэлэхэд Тод тусгал ярилцлагын урилгыг Ж.Чинбүрэн эмчид өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн тавьсан бөгөөд хувьт хулгана жилийн босгон дээр уулзсандаа баяртай байна. 

Амьдралын минь тоолох боломжгүй их цаг хугацаа хагалгааны өрөөний дөрвөн ханан дунд л өнгөрсөн

Монголчууд өнгөрсөн хугацаанд Чинбүрэн эмчийг сайн таньдаг болж, хүндлэн хайралж ч байна. Би ч тантай цөөнгүй ярилцаж эрүүл мэндийн боловсрол, хавдрын тусламж үйлчилгээ, ололт амжилтын талаар ярилцаж байлаа. Өнөөдөр харин таны үзэл бодол, туулсан зам, амьдралын зарчмыг, нууц биш бол хувийн амьдралаас тань сонирхох бодолтой байна?

Хүний амьдарч болох хугацаагаар бодвол би амьдарлынхаа гуравны хоёртой нь тэнцэх хугацаагаа өнгөрүүлчихсэн байна. Монгол хүний дундаж наслалт эрэгтэй 65, эмэгтэй нь 75 байна. Би 50 нас дөхөж явна л даа. Эргээд бодоход миний амьдралд азтай тохиолдлууд их байсан. Тэр азтай явдлууд маань эмч болгоход чиглэсэн байсан нь их сонирхолтой. Энэ тухайгаа л ярья. Тэгж байж Чинбүрэн гэж хэн бэ гэдэг таны асуултад хариулж дөхөх байх. Өөрөөр хэлбэл би танд амьдралынхаа болсон явдлуудаас л ярьж өгөх хэрэг гарах нь. Нэгэнт би таны урилгыг хүлээж авсан учраас.

Энэ бол миний амьд явах аз түшсэн хэрэг байжээ гэж би их хайрладаг түүх. Үүний дараагийн аз завшаантай тохиол тэр үед тусгай сургууль гэж нэрлэдэг байсан 23- р сургуульд элссэн явдал. Тухайн үеийн ЗХУ –ын гавьяат багш нар хичээл заадаг учраас тусгай гэдэг байж. Энэ сургуульд намайг оруулсан хүн бол манай аавын нэг нутгийн хуурай ах болох Шаагаа ах. Тэрээр аав ээж хоёрт маань хандан, та хоёр одоо УБ хотын  сэхээтэн болсон. Тийм учраас хүүхдүүдийнхээ боловсролд түлхүү анхаар гээд өдөржин, шөнөжин бүртгэлийн дугаарт зогсон байж намайг сургуульд оруулсан байдаг. 

ЗХУ -ын гавьяат багш нараар хичээл заалгаж боловсролын гараагаа чанартай эхлүүүлсэн нь миний амьдралын маш чухал “гараа” байсан. Сайхан түүх л дээ миний хувьд. Үнэхээр гайхалтай ч гэж болно. Орос хэл миний амьдралд маш их үүрэг гүйцэтгэсэн. 

Түүнээс хойш эмч болъё гэдэг сэдэл, санаа 12 настайд минь төрсөн. Дөрөвдүгээр ангид байсан үе. 

Эмч гэдэг мэргэжил бол оюутнаас шууд ажлын талбарт гардаггүй. Дадлагажих, мэргэших гээд олон үе шаттай. Эмч болчихоод ч өдөр бүхэн суралцаж, нэг өвчтөний тохиол бүрээс шинийг олж мэдэж, дараагийн хүнд түүнийхээ хэргийг гаргаж байдаг онцлогтой. Эмч бол маш урт хугацааны дараа хүлээн зөвшөөрөгдөж, ажлын үр дүн, хариуцлага нь дандаа хүний амь нас, эрүүл мэнд, амьдралаар хэмжигддэг мэргэжил.

Энэ бүх яриаг тань сонсохоор их дотортой хүн юм гэж бодогдлоо. Их бага гэлтгүй зүйл, дурсамж таныг их хөглөж, урагшлах хүч тань болж ирж. Үнэ цэнэ, учир холбогдол гэж ярих юм? 

Амьдрал, цаг хугацаа хүний үзэл бодлыг маш их өөрчилж байдаг.

Залуу үеийнхэндээ зориуд  хэлэхэд “Би тэгэхгүй, би тэгдэггүй” гэж аль болох ярихгүй байх хэрэгтэй санагддаг. 

Цаг хугацааны явцад, амьдралаа туулаад ирэх үед үзэл бодол, хандлага өөрийн эрхгүй өөрчлөгдөнө. 20, 30, 40 настайдаа та өөр өөр л байх болно. Боловсрол эзэмшихдээ, эмч болохдоо, гадаадад мэргэжил дээшлүүлэхдээ ч. Хайртай хүнээ алдах, шинэ хүнээ угтах гэх мэт зовлон жаргал чамайг ээлжилж дайраад өнгөрөхөд та нэг зүйл бодож, нэг зүйлд итгэсэн хэвээрээ үлдэх боломжгүй байдаг. Хүн үргэлж амьдарсан түүхээ эргэн харж, түүнээсээ суралцдаг. Учир явдлуудыг нь эргэцүүлдэг. Залуу явахад ер нь "галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй" амьдардаг. Бүхнийг “механикаар” болгох гэдэг. Гэтэл амьдрал арга, билгээс бүтдэг. Аргалах зүйл байлаа ч чадахгүйгээ тэнгэрт даатгаж өөрийгөө суллаж амраах нь зөв. Бүх зүлийг барж чадна гэвэл бас хэцүү. Дотортой байх гэдэг нь энгийн амьдрал дээр наанатай цаанатай байх гэсэн л санаа болов уу?

Таны залуу нас хэрхэн өнгөрсөн бол? Ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн эмч болох хүртлээ ямар замыг туулсан тань сонин байна? 

Туулсан амьдралаа эргээд харахад надад харамсах нэг ч зүйл байдаггүй. Амьдрал хүнийг дандаа хүмүүжүүлж, сургаж байдаг. Үүнийг л би “аз” гээд байгаа юм. Одоогийн залууст хэлбэл гайхах л байх. 

Хүний гэдсийг оёдог утсаа захаас аваад, савандаж угаагаад 72 цаг спиртэнд байлгаж байгаад оёж байлаа.

Тийм зүү утсаар оёсон шарх сорви яаж эдгэх юм, хагалгаанд орсон 10 хүний дөрөв нь эндэж байсан үед бидний үеийнхэн эмч болж байсан. Ийм хүнд үед охидыг минь төрүүлсэн ээж нь АНУ –д магистрт суралцахаар явж таарсан. Араас нь ой зургаан сартай охиноо аваад би очиж байв. Энэ бол миний хувьд дэлхийг таних маш том алхам байлаа. Америкт өнгөрүүлсэн амьдралаасаа товчхон ярих гэж байна л даа. Хэдий би 23- р сургуульд англи хэл үзэж байсан ч тэнд очиж л миний чих онгойж, хэл зүгширсэн.

Поверпойнт, эксел, оффис программ, имэйл бичих зэргийг тэнд л харж, 10 хуруугаар бичиж сурч байсан юм. Интернет бол маш ховор, хоёр гурван минут болж байж инернетэд холбогдох жишээний. Алсын Америкт л хөгжил ийм түвшинд байсан. Ажил хайлаа... 

Кола, ундаа зэргийн савыг түүгээд Wallmart дэлгүүрт тушаагаад таван доллар авдаг болж сардаа 100 орчим доллар олдог болсон. 

Хэл мэдэхгүй, туршлагагүй учраас ажилд авахгүй, тэгээд ч оюутны ар гэрийн хүнийг ажил хийлгэдэггүй байсан. Ингэж бидний үеийнхэн гадаадад гарч тэдгээр хүмүүсийн үүрсэн ачаа монголын эдийн засагт маш их дэм болж байсан гэж би одоо боддог.

Аажимдаа хэл сайжраад пиццаны газарт аяга сав угаагчаар орж, өдөрт дөрвөн цаг ажиллаж нэг цагийн ажлаа зургаан доллараар үнэлүүлдэг болж эхэлсэн. Монгол хүний, нүүдэлчин соёлын нэг давуу тал бол юманд маш хурдан дасан зохицох л доо. Удахгүй дэвшээд грилл дээр очоод, туслах тогооч хийх зэргээр өдөрт гурван ажил зэрэг хийдэг байсан. 

Хэлэхэд эвгүй ч бөгсөө холготол ажилладаг байснаа санаж байна. Ажлаас буугаад ирэхэд өгзөгний завсар улайгаад холгочихдог байсан.

Охидын минь ээж ингэж ажиллаж яах гэсэн юм бэ гэж уурлана. Би сайн эцэг байх гэж л хичээж байсан нь тэр л дээ.

Сургамжтай, залууст сэтгэлийн хүч өгөх түүх байна. Тэгээд пиццаны газрын аяга угаагч маань эмчийн замналдаа эргээд хэзээ хэрхэн орсон юм бол? 

2001 онд Щвейцарийн мэс заслын багийг ахлан Аберхард гээд эмч монголд ирж, тэгэхдээ залуу эмч нарыг нутагтаа сургах зорилготой байж. Тэд хэлтэй хүнийг л сургахаар явуулахгүй бол үр дүнгүй ажил болно гэдгийг хэлж байлаа. Америкт сурсан зүйлсийнхээ хэргийг гаргаж ПП программ дээр хавдрын нөхцөл байдлын илтгэл тавьсан. Үүний дараагаар Чинбүрэн, чамд Щвейцарт суралцах сонирхол байна уу гэж асуухад нь зөвшөөрснөөр мэс заслын эмчийн зургаан сарын сургалтад явж мэс засалч болох нүд маань нээгдсэн юм. Зургаан сар тэнд сурахдаа дурангийн хагалгаа анх бие даан хийж байсан. Энэ бүхэн мэс засалчийн маань хувьд нүдийг маань нээсэн гэж хэлж болно. Харин ХСҮТ –д орж, үлдсэн аз завшаан бол одоо манай эмнэлгийн Мэс заслын клиникийн удирдагч Я.Эрдэнэ-Очир эмчтэй холбоотой эгзэгтэй түүх байдаг. Би эмчийн чадвар, сэтгэлийг хэнээс өвлөв, суралцав гэвэл мэдээж олон хүнийг нэрлэж болох ч Щвейцарийн алдарт профессор Мишель Жилеагийн тухай энд ярих нь зөв болов уу?

Энэ хүн бол миний багш. Францийн мэс заслын академийн хүндэт гишүүн, жинхэнэ мэс засалч байхаар төрсөн хүн. 2004 онд монголд ирээд, нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байхдаа, өөр том хагалгаа хийдэг газарт намайг аваач гэж хэлээд ХСҮТ –д ирсэн байдаг. 

Элэгний 65 хувийг цус гаргахгүйгээр тайрах хагалгаа хийж бидний нүдийг орой дээр нь гаргасан. 

Өөр бас нэг хагалгаанд би цуг орсон түүхтэй бөгөөд ийм хоёр хагалгаа болон бусад ажлын ард гарсны дараа багш маань надад алдарт үгээ хэлсэн.

“Чинбүрэн би чамд заана, чи бусдад заагаарай” гэж. Энэ бол миний хувьд хууль. 

Энэ хүн одоо ч монголд жил бүр дөрвөн долоо хоногийн хугацаатай ирдэг. Ирээд амардаггүй. Эмнэлэгт хийдэг ажлаа бид нартай хийх үедээ хийгээд л буцна. Мишель Жилеа профессорын бидэнд заасан философи бол  эмчилгээний амжилт бол сайн хагалгаа дангаараа биш. Оношийг зөв тавьж, эмчилгээний тактик боловсруулах нь эмчилгээний 50 хувь гэдэг ухааныг заасан. Мөн багаар ажиллах чадвар туршлага, амьдралын ухаанд намайг хөтөлсөн хүн юм. Энэ хүн бол зөвхөн надад төдийгүй монголчуудад өгсөн бурхны том бэлэг байсан. Хэчнээн мөргөхөд ч багадахаар. 

Тэр үе бол 2007 он. Нийт хавдрын 40 хувийг элэгний хорт хавдар дангаараа эзэлдэг. Мэс заслын тасаг нь 25 хан ортой. Тэрнээс таван орон дээр л элэгний хавдрын хагалгаа хийх хүмүүсээ хүлээлгээд хийдэг байлаа.

Ажил төвтэй хүний хувийн амьдралд алдах, золиослох зүйл их байдаг уу?

Амьдралын маань тоолох боломжгүй их цаг эмнэлэгт, хагалгааны өрөөний дөрвөн ханан завсар л өнгөрсөн байдаг. Гэр бүл, хүүхдүүддээ зориулах ямар ч цаг надад байгаагүй. Залуудаа асар их ажилладаг байлаа.

Энэ бүхний золиос бол миний гэр бүл. Одоо гурван охин маань хэзээ ч эмч болохгүй гэж ярьдаг. Эмчийн ажлыг үзэн яддаг.  Золиос нь гурван охинтой байсан гэр бүлээ бүтэн байлгаж чадаагүй явдал. Архинд тэмүүлж амьдралаа үрсэн гашуун туршлага ч бий.

Та аав ээжээсээ ямар генийг тэгвэл өвлөсөн бол? 

Би аав ээжээрээ их бахархдаг. 

Аавынхаа хийсэн гавьяаг би ганцхан өгүүлбэрээр хэлж чадна. Аав маань монголын хөрсөнд ургаж буй бүх бэлчээрийн ургамлын үрийг цуглуулж чадсан. Нэг л ургамал алга болоход түүний үрийг гаргаж ирээд тарьчих үрийн фонд бий болгосон. 

Энэ бол миний аавын хийсэн том гавьяа гэж боддог. Миний аав ээж хоёроос бидэнд удамшсан нэг сайхан зүйл бол удирдах ажил хийж байсан ч өмч хувьчлал, хувийн өмчийн үзэл дэлгэрч байсан ч хувийн ашиг сонирхолын төлөө огт яваагүй зан чанар. Миний ээжийн нэрэмжит лабораторийг та хувьчлаад ав гээд санал ирж байхад хүртэл сургуульдаа үлдээж, монголын ноос ноолуурын салбарын ажлыг хөгжүүлэх ёстой. Энэ бол монголын ард түмэнд хэрэгтэй судалгааны төв болох нь зөв гээд аваагүй. Энэ бүхэн аав ээжээрээ бахархах сэтгэлийг төрүүлдэг.  

Хүнийг нэг нүдээр харах. Баяныг баян, ядууг ядуу гэж харахгүй байх чанар ялангуяа эмч хүнд хамгийн их байдаг байх?  

Асар их завгүй нийгэм байна л даа. Үйлчлүүлэгч нар маань хаалга онгойлгоод л үзүүлнэ гэж, түүндээ ч их бухимддаг. Дэлгүүрт ороод талх авах гэж байгаа юм шиг ханддаг. Бүх хүнд нэгэн зэрэг туслах боломжгүй. 

Миний ээж надад захидаг. Хамгийн ядарсан хүнд түрүүлж тусла гэж. Боломжтой нь аргаа олчихно гэдэг. 

Түүнийг би залуусд ч хэлдэг. Хамгийн их ядарч, зовсон хүмүүст нь туслах байгууллагын соёлыг хэвшүүлэх гэж хичээж байгаа. Дарга руу нь ярьж байгаад очиж үзүүлнэ гэдэг онцгүй явдал.

Зочин бүрээсээ би “Та аз жаргалыг юунаас хамгийн их мэдэрдэг, түүнийг юугаар хэмждэг вэ” гэж асуудаг? 

Бидний ажлын нэг давуу тал нь бусдад дандаа буян хийдэгт байгаа. Хүнд тусалсан хүнд дандаа баярласан сайхан сэтгэл ирнэ. 

Миний хувьд “хагалгаа эмчилгээ” л амьдралын минь утга учир байсан байгаа юм. 

Тантай зөндөө ярихад ч ийм сэдвээс өөр зүйлийг бараг ярьсангүй. Өөр ярих ч юм алга даа. Намайг хаана ч явсан та намайг, миний хайртай тэр хүнийг эмчилсэн, аварсан гэсэн хүмүүсийн талархал тасардаггүй. Энэ л миний хувьд гайхалтай урам байдаг. Би амьдралаа дэмий золиослоогүй юм байна гэдгээ мэдэрдэг. Өдөр бүхэн ийм сэтгэгдэл сонсож амьдралаа утга учиртай өнгөрөөж буйгаа мэдрэх сайхан.

Боловсрол, хүмүүжил, хандлага. Хүмүүжил бол боловсролоос дээр, хандлага зөв бол боловсрол хэрэггүй. Эсвэл боловсролтой хүнд хүмүүжил сонин биш гэх мэтээр хэлэлцдэг болж. Таны хувьд эдгээрийн аль нь эрхэм бэ?  Эдгээр нь нэг дор цогцлох боломж бий болов уу?  

Угаасаа нийгэм маань өөрөө дундаж давхаргыг дэмжсэн, боломж хүн бүрт тэгш байх ёстой юм. Өнөөдөр харамсалтай нь тийм биш байна. Тэглээ гээд бид боловсролгүй, ёс зүйгүй байж боломгүй байгаа юм. 

Миний хувьд хүний хамгийн чухал зан чанар бол хүнлэг чанар. Дан боловсрол хангалттай санагддаггүй. 

Өндөр боловсролтой хэрнээ их хүйтэн хүмүүс байдаг. Хүний төлөө ганц хуруугаа ч хөдөлгөж чаддаггүй. Харин хүнлэг чанартай хүн амьдрах боломжтой тийм сайхан нийгэм л байх ёстой. Нийгмийг чирч, авч яваа хүмүүс таны дурдсан бүх чадварыг өөртөө шингээсэн, төгөлдөржсөн хүмүүс байвал сайхан гэж харж байгаа.

Эмч хүний зүрх маш их сорвиор дүүрсэн байдаг

Эмч гэж хэн байх ёстой юм бэ?  Өвчин эмчлэгч байх нь мэдээж. Гэхдээ эмчлэхийн тулд болосврол, туршлага, чадвар хангалттай юу? 20,30,40 настай Чинбүрэн эмчийн хооронд ялгаа өөрчлөлт байна уу? Нэг хүнийг аварснаар гэр бүлийг, нийгмийн, улсыг авраад явдаг учраас л та бүхнийг нийтэд нь алтан гартнууд, цагаан халадтай баатрууд гэх мэтээр хүндэлдэг?

Дөнгөж АШУИС –ийг төгсөж байхад мэдээж маш их оргилсон их хүсэл мөрөөдөл л байдаг. Залуу байхад нэг өвчнийг эмчлэх гээд л муйхарладаг байж, дараа нь баг бүрдүүлж багаараа зүтгэлээ.

Эрүүл мэндийн системийн онцлог бол эмчийн зүтгэл, өвчтөний итгэл хоёрын торгон уулзвар юм гэж манай ахмад эмч их сайхан хэлсэн байдаг.

Утсан чинээ улаан амь гэдэг. Хүмүүсийн амьдралын баяр гунигийн хамгийн халуун цэг дээр амьдрахад амьдралын үнэ цэнэ гэдэг зүйлийг хамгийн ихээр ойлгож, харж байдаг юм болов уу гэсэн бодол төрж байна?

Залуу байхад аварч чадаагүй алдсан хүн бүхэн зүрхэнд маань асар том шарх болж үлддэг. Эмч хүний зүрх бол маш их сорвиор дүүрсэн байдаг. 

Хань ижил, хайртай хүмүүсээ алдаад сэтгэл зүрх нь гонсойж байгаа хүмүүсийг харна. Тусалж чадахгүй явуулсан хүмүүс маань ч сорви болж үлдэнэ...

Энэ бүх сорви дараагийн хүнд үүнийг мэдрүүлэхгүй байхсан гэж хичээнэ. Тэр ч утгаараа манай салбарт сурган хүмүүжүүлж, дараагийн үеэ бэлдэхдээ өөрийн алдаагаа давтуулахгүй байх нөхцөлийг хангаж өгөх ёстой байдаг. Хүний амь насыг аврахын тулд бурхны гар хөл болж байгаа хүмүүс бол эмч нар. Тэгэхдээ шинжлэх ухаанчаар, дэлхийн анагаах ухааны ололтыг монгол хүнд хүртээх боломж гагцхүү эмч нарт байдаг юм шиг. Марк Твений хэлсэн үг байдаг. “Бурхан айл болгоны хаалгыг шагайдаг. Харин айл болгоны аав нь гэртээ байдагггүй. Зарим нь хажуугийн пивоны мухлагт сууж байдаг" гэж үгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. 

Ямар ч ажил хийхдээ зүрх сэтгэл, бүхнээ зориулбал бурхан хаалга тогшоод л тусалдаг гэж итгэдэг.

Орчин үеийн хүмүүс сүсэг бишрэлийг мунхаглал гэж харах нь нь элбэгшсэн. Харин түүний оронд өчнөөн олон хүний амийг авардаг эмч нар, аюул ослоос хүмүүсийг аварсан онцгойгийн албан хаагчдыг шүтэх нь зөв гэх зэргээр түүнийгээ илэрхийлж харагддаг. Гэтэл таны яриа их сүсэг бишрэлтэй сонсогдоод байх юм? 

Ер нь төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Юу гэж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна л даа. Хүн ямар нэгэн итгэл үнэмшилтэй, хайрлах хүндлэх зүйлтэй байх ёстой л гэж боддог. Атист, шашингүй үзэлтэй хүн хэрцгий хатуу байх талтай. Сүсэг бишрэлтэй, наанадаж нутаг ус, аав ээжээ шүтэх сэтгэл чухал. Нас яваад ирэхээр өөрийн эрхгүй аливаа зүйлийн цаадах учир шалтгаан руу өнгийдөг болдог л доо. Ийм үзэл, хандлага бол сэтгэлзүйн эм, эмчилгээ юм. Стрессгүй, амар амгалан байхад сүсэг бишрэл хүнд тусалж байдаг. Өөртөө итгэлтэй болно. 

Зарим нэг хийж чадахгүй зүйлээ заавал дийлэх гээд бухимдаад л бачуураад байх биш, түүнийгээ өөрийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлдээ даатгачих хэрэгтэй. 

Бусдын эрүүл мэндийг хамгаалж, эмчлэхээс гадна эмч нарын эрүүл мэнд амь нас гэдэг хөндөх сэдэв мэт санагддаг. Одоо л гэхэд БНХАУ –д мянга гаруй эмч коронавирусийн халдвар авч, олноороо нас барж байгааг бид сонсож байна? 

Элэгний хагалгааг сурахын тулд би нилээдгүй хичээсэн гэж боддог. 

Гэр бүлийнхээ хамгийн сүүлчийн мөнгийг халааслаад дэлхийн том том хурлуудад оролцохоор явдаг байв. 

Сайн санаат хүмүүс ч дэмжсэн. Энэ бүхнээр юу хэлэх гэсэн бэ гэвэл эмч хүн бол байнга өөрийгөө хөгжүүлж байх ёстой гэж. Анагаахын шинэлэх ухаан асар хурдацтай хөгжиж байна. Жилээр биш бараг л өдрөөр.

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлыг та бүхэн өдөр бүр харж байна. Өглөө бүхэн л амжилттай оролдлого, эмчилгээний чанартай угтаж байгаа. Өвчин гараад хоёр сар ч хүрээгүй байхад вакцин, эм судалгааны шатнаасаа гарах гээд байж байна. Тийм учраас эмч энэ хөгжилтэй хөл нийлүүлэхгүй л бол эмч биш болно.

МАН -ын үзэл баримтлал эмч  хүний үзэл сурталтай нийцнэ гэж би үзсэн

УИХ –ын сонгуульд нэр дэвшихээр болсон тань маш олон хүнийг гайхшруулсан. Ийм шийдвэр яагаад гаргав? Та улс төрд ороод зэврэхгүй юу?  Та өнөөдрийг хүртэл улс төрч биш эмч хийсэн?

Та хавдрын мэс заслын эмч байсан, эмнэлгийнхээ дарга ч хийсэн. Энэ хоёр албан тушаалд ажиллахдаа эрх мэдэлтэй эмч юу хийж болдог, болдоггүйг гадарласан болов уу? 

ХСҮТ –ийн төсвийг сүүлийн гурван жил би барьж удирдлаа. Эмнэлгийн төсөв хэзээ ч хангалттай байдаггүй. Тийм бага төсвөөр ямар ажил хийж болохыг харуулах гэж хичээж ажилласан он жилүүд өнгөрсөн. Энэ хугацаанд ХСҮТ –ийн өргөтгөлийн 5000 мкв талбайг ашиглалтад орууллаа, туяа эмчилгээний шугаман хурдасгуур шинэ технологи суурилуулж ашиглаж байна, элэг шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулж хийж чадлаа, мөн эрүүл мэндийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж хавдрын эрт илрүүлгийн ажлыг эхлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэд бүтэц нь өөрөө зөв хөгжиж, ажиллаж буй эмч нарын урам зоригийг бий болговол бид их олон зүйлийг хийж болно гэдгийг анзаарсан. Сая хэлсэн зүйлсийг би ганцаараа хийчихээгүй. Багаараа, хамт олноороо зохион байгуулалтад орж хийсэн.

Таныг улс төрч болж, чадах чадахгүйд биш. Улс төр хийж болно, болохгүй гэж биш. Элэгний өвчтэй хүмүүсийг хэн эмчлэх юм, Чинбүрэнгийн гар, толгой, сэтгэл гурав хавдрын эмнэлэгт байх ёстой гэдэг өнцгөөс хүмүүс их харж байх шиг?


Би багийнхаа залуусаар бахархдаг. Бүгдээрээ хоёр хэлтэй. Англи, Солонгос, Япон, Орос, Турк хэлтэй. 

Багаа бүрдүүлэхдээ миний тавьсан шаардлагын нэгдүгээрт англи хэл байсан. Англи хэлгүй бол наашаа битгий ойрт, хэлтэй байж л бид баг болж чадна гэж хэлдэг. Хоёрдугаарт, хагас бүтэн сайнд ирж хүнээ үзэж, боолтыг хийж байна уу, үгүй юу? Цаг наргүй ажиллах боломжийг өөртөө өгөх. Гуравдугаарт. Уншсан зүйлийнхээ голыг ярих буюу аливаа зүйлийн мөн чанар, төв цэгийг олох явдал. Энэ гурав бол эмч байхын суурь шалгуурууд.

Энэ бүхэн бол нийгэмд тулгамдаад байгаа, ялангуяа элэг, нойр булчирхайн хавдрын эсрэг тэмцэх маш том хүч юм. 

Та яг юуг өөрчилж чадах бол?  Та ХСҮТ –дөө ажиллаж байвал магадгүй хэдэн хүнд үзлэг хийж, хэдэн хагалгаанд орж хэдэн хүний амь, амьдралын асуудалд оролцох бол. Гэтэл төрийн ордонд ороод, эрх мэдэлтэй болчихвол энэ тоо, үр дүн яаж өөрчлөгдөх бол?  

УИХ –ын гишүүн боллоо гэхэд хагалгаа хийж болохгүй гэсэн хууль байхгүй. Хүн үзэхийг ч хориглохгүй. Тийм учраас хамт олон дундаа орох үедээ орох нь ойлгомжтой. Нөгөө талаасаа гурван сая монголчуудыг эмчилдэг эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоог эрүүл болгох, тусламж үйлчилгээг нь жигд болгохын тулд хийх ажил маш их байгаа. 2016 -2020 оны хооронд засгийн газар чамлахааргүй олон ажлыг эхлүүлсэн. Тухайлбал даатгалын тогтолцоо. Эмч, өвчтөн, даатгалын байгууллага хоорондын л харилцаа. Энэ дунд улс төр огт орж болохгүй. Үүнийг тусдаа бие даасан төгс тогтолцоо болгоход анхаарах хэрэгтэй санагддаг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын асуудал бол оронд хэт их санхүүжилт явдаг байдал. Нэг тусламж үйлчилгээг үнэлсэн тогтолцоо руу шилжих нь чухал. Төр ямар ямар үйлчилгээг даах ёстой юм бэ гэж. Саяхны нэг жишээ. СХД –т өвдсөн хүүхдийг ХӨСҮТ –рүү зөөсөн. 

Хүүхдийн амь нас минут секундээр хэмжигдэж байхад хотын нэг захаас нөгөө зах руу зөөж байгаа юм. Гэтэл СХД –т тухайн түргэн тусламжийн бүхий нөхцөл бүрдсэн байх ёстой байдаг. 

Дүүрэг, аймаг бүхэнд яаралтай тусламжийн цогц менежмент нутагших ёстой. Үүнийг эмнэлгийн яаралтай тусламжийг төгөлдөржүүлэх гэж байгаа юм. Дараагийн асуудал бол нийгмийн эрүүл мэндийн асуудал орно.

Хүн нэр хүнд олоод ирэхээрээ л улс төр цээжинд багтаад эхлэх юм гэж ард түмэн ярьдаг. Үүнийг бөх, дуучнаар төлөөлүүлдэг. Таныг тэднээс хэрхэн ялгаж ойлгох ёстой юм бол? 

Ерөнхий сайдаас санал ирэхэд би өөрөөсөө асуусан. Энэ шийдвэрийг гаргахад амархан байгаагүй л дээ. Хийх зүйл минь тодорхой байх ёстой гэж бодсон. Тэр хийх зүйл бол ард түмний төлөө мэдээж байна. 

Чинбүрэн өөрийнхөө, гэр бүлийнхээ л төлөө явах шиг амархан зүйл алга. Хагалгаагаа хийгээд, хүнээ үзээд л... гэхдээ хүн өөрийгөө нөөж, нуух гээд байх шаардлагагүй гэж л үзэж байна. 

Маш олон хүнд шийдвэрийг би амьдралдаа гаргаж байсан. Тухайлбал Казакстанд би 2013 оноос хойш очиж хагалгаа хийж байна. Тэнд ажиллах хүртэл санал ирж байсан. Гэтэл элэг шилжүүлэн суулгах зорилго надад байсан учраас эндээ үлдсэн. Хүн ер нь өөрийн жижигхэн эрх ашгийн төлөө гэхээс илүү нийтэд хүртээлтэй том ашиг сонирхлын төлөө явах нь чухал л гэж харж байна. Тийм ураас тэнд эдлэх ямбанаас илүү ял нь чухал байгаа.

Яагаад заавал МАН –аас дэвшиж байгаа юм бол?  Намд харьяалагдахаар өнөөх л хуувилдаан, худал хуурмагт орооцолдоно гэж харддаг. Та тэр авлигал, том мөнгө, хэлэлцээ, тохирооноос нь хол байж чадах уу? 

Эмч хүний хувьд багийн ажил чухал байдаг. Ганц мод гал болохгүй гэдэг. Би элэгний өвчинтэй тэмцэхдээ ганцаараа тэмцээгүй. Багаараа орж, ХСҮТ –ийн хамт олон тэмцсэн. Багийн ажил бол маш чухал. Ганцаараа нэр дэвшээд л явах нь хувийн амбиц төдий юм болов уу гэж бодож байна. 

МАН бол хэт либерал нам биш, нийгэмд чиглэсэн үзэл баримтлалтай. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллах эмч  хүний үзэл сурталтай нийлдэг гэж би үзсэн. Тийм ч учраас би саналыг нь хүлээж авсан. 

Багт нь орохыг, нийгмийн сайн сайхны төлөө надаас гарах хүч, чадал хэрэгтэй гэж байгаа бол би яагаад заавал үгүй гэж хэлнэ гэж.  

Хүний хайрыг дааж, хүндлэлийг тээх зан чанарын талаар монгол хүн бүхний хайртай эмчээс заавал асуух ёстой байх?

Хүндэтгэл гэдэг маш их хариуцлага. Үүнийг даах нь ёс зүйтэй байдал. Ээж маань байнга сургадаг. Даруу бай гэж. Тэр хайр хүндлэлийг даах эсэхийг хичээлтээрээ л харуулна байх. Уран цэцэн үгээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Санаа зовох, ичих булчирхайтай байх бол хүмүүжил. Би чадах болов  уу гэж өөрөөсөө асуугаад түүндээ үнэнч хариулах нь хүний хамгийн зөв чанар юм болов уу.

Эмчид эрх мэдэл зохих болов уу? Эмчид, эмч нарт эрх мэдэл хэр хэрэгтэй эд юм бол? 

Хуваалцах



Тод тусгал

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж. Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь эхлүүлбэл ерөөсөө утгагүй... Түүний 60 насны хөдөлмөр маш том ирээдүйг онилж, маш тод жим гаргах атлаа тун чимээгүй өрнөж буйг дуулгаж ярилцлагаа эхлүүлье.

— Б.Батцэцэг   өчигдөр

Холбоотой

“Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулагч Ж.Галбадрах: Бусдад туслах сайхан сэтгэлээс аз жаргал үүддэгийг санаарай

”Эглийн эгэл их хүмүүн”. Гавьяа шагнал, гашуун нялуун үгсийн аль нь ч энэ хүнд эрхэм биш. "Шинэ Монгол" сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Гавьяат багш Ж.Галбадрах захирлыг магтаж эсвэл танилцуулж ярилцлагыг нь... Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   өчигдөр

Эмч ч гэсэн гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...

ХСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү: Эмч ч гэсэн хүн учраас гомдоно, дурлана, уйлна, хайрлана, амьдралын олон ачаа үүрч явааг иргэд ойлгох ёстой...Танд “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Дэлгэрэнгүй

— Б.Батцэцэг   2024 оны 03 сарын 31

Санал болгох

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөдвүгээр сарын 20-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурна.Ихэнх... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   11 цагийн өмнө

Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталлаа. “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   13 цагийн өмнө