2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

ОНЦЛОХ

Гэр бүл судлаач, профессор Т.Намжил: Гэр бүлийн харилцаанд үг их чухал. Бодлогогүй үг харилцааг сүйрүүлдэг

— Н.Дуламсүрэн   2020 оны 05 сарын 15

Гэр бүл судлаач, шинжлэх ухааны  доктор, профессор Т.Намжилтай ярилцлаа. Монгол гэр бүл судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг тэрээр их дээд сургуульд 40 шахам жил багшилж, “Монгол гэр бүл” цувралаар 15 бүтээл хэвлүүлсэн юм.

Сүүлийн үед гэр бүлийн асуудлыг нийгмийн халамжийн бодлоготой уялдуулах тухай ярьдаг боллоо. Тухайлбал өрх толгойлсон аавуудад тэтгэмж өгнө гэх мэт. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Дэлхийн улс орнууд юу гэж үзэж байна вэ гэвэл хүүхдэд заавал халамж хэрэгтэй. Гэр бүл  бол хүүхэд бас халамж үйлчилгээн дээр тогтоно гэж үзэж байна. Бусад улсуудын хувьд тэтгэмж өгдөг. Жишээ нь хүүхдийнх нь тоогоор тэтгэмж өгдөг улсууд байна. Хамгийн гол нь дэлхийн жишиг амьжиргааны доод түвшний иргэдээ яаж харж үзэх үү гэдэг рүү л чиглэдэг болохыг анхаарах хэрэгтэй

Таны хувьд өрх толгойлсон аавуудад мөнгө өгөхийг дэмждэг үү, эсвэл үгүй юу?

Энэ их хэцүү асуудал. Өрх толгойлсон аавуудад өгөх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийнх нь тоо, амьжиргааны түвшин, ажил хийдэг үү үгүй юу гээд анхаарч үзэх асуудал олон байна. Өөрөөр хэлбэл манайхан шиг бөөндөж биш, ялгаварлаж хандах хэрэгтэй. Өрх толгойлсон аав гэдэг нэг том нэр томъёо байна. Гэтэл дотроо олон янз шүү дээ

Гэр бүл дэх аавуудын оролцоог төрөөс дэмждэг хөгжингүй орнуудаас суралцмаар байна

Саяхан хэвлэгдсэн  “Гэр бүлийн хөгжлийн асуудал” цуврал бүтээлийнхээ эхний номонд гэр бүлийн асуудалд бодлогын үүднээс хандах ёстойг олон улсын жишээ баримтуудаар дурдсан байсан. Дэлхий дахинд гэр бүлийн талаар нарийн бодлого баримталсны хүчинд гэр бүлүүд нь сайхан амьдарч байгаа бодитой ямар жишээ байна вэ?

Ер нь монгол гэр бүлийг сайн сайхан авч явъя гэвэл гадаадын хандлагыг судлах хэрэгтэй. Жишээ нь Швед, Финлянд гэх мэт хөгжингүй орнууд гэр бүлийн, хүүхдийн, болон халамжийн асуудлууд дээр ямар бодлого баримталж байгааг судлахад буруудахгүй. Эдгээр улс орнууд чинь хөгжингүй социализмыг байгуулчихаад байна шүү дээ. Хүн ард нь ямар элбэг хангалуун амьдарч чадаж байна. Дээр нь жендерийн тэгш байдал гэдгийг жинхэнэ утгаар нь эдгээр улсын иргэдээс харж болно. Би өөрөө газар дээр нь очиж үзээгүй ч сүүлийн хоёр жил энэ талаар судалж байна. Скандинавын улсуудад яагаад гэр бүл нь тогтвортой, сайн сайхан яваад байна вэ гэдгийг судлаад үзэхэд манайх шиг зүгээр нэг мөнгө тараагаад байгаа зүйл алга. Ерөөсөө эдийн засгийн аргаар гэр бүлээ хөгжүүлэх бодлого барьсан. НҮБ-аас баримтлах “Гэр бүлийн бодлого”-доо аливаа улс орон хөгжлийнхөө тэргүүн зэрэгт гэр бүлийн бодлогыг тавих ёстой гэж заасан байдаг. Манайх энэ тал дээр тааруухан байгааг хэлэх хэрэгтэй. 

Харин хөгжингүй орнууд энэ шаардлагыг яг таг биелүүлдэг. Тэдгээр орнууд үндэсний нийт бүтээгдэхүүний орлогынхоо гурваас доошгүй хувийг гэр бүлээ хөгжүүлэхэд зарцуулдаг. Дээр нь амьжиргааны доод түвшинд амьдарч байгаа иргэдээ маш сайн харж үзэж, халамжилж чадаж байна. Ингээд ирэнгүүт гэр бүлүүд нь хангалуун амьдралтай болоод ирж байгаа юм. Мөн гэр бүл дэх аавуудын оролцоог эдгээр улсууд маш сайн анхаарч дэмжин бодлого явуулдаг. Жишээ нь аавуудын долоо хоног гэж хийж байна. Хүүхэдтэй болсон эцэг хүнд долоо хоног байтугай олон хоногоор ажлаас нь цалинтай чөлөө өгч байна. Ийм эрэгтэй хүн гэртээ очоод юу хийх нь тодорхой шүү дээ, эхнэр, хүүхдээ халамжилна. Хүүхдээ хүмүүжүүлэхэд оролцоно. Ийм арга хэмжээ авсны үр дүнд аавууд гэр орондоо тогтвортой, гэр бүлийн уур амьсгал их тааламжтай болоод ирдэг. Эмэгтэй хүн жирэмсэн болвол хэдэн жилээр нь чөлөө олгодог мөртлөө тэр хооронд ажлын байр нь баталгаатай байх жишээтэй. Манайд бол ийм зүйл алга байна шүү дээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гэр бүлийн санхүү, тэр дундаа цалин хангамж, банкны зээлтэй холбоотой асуудлыг маш сайн шийдэж өгч байна. Дээр нь эмэгтэйчүүдийн асуудал, тэр дундаа төрөлттэй холбоотой эрүүл мэндийн асуудлыг шийдэж чадсан. Үүний яруу тод жишээ нь манайхтай хөрш зэргэлдээ Буриадын Бүгд Найрамдах улс. Манай урд хөрш БНХАУ байна. Эмэгтэйчүүдийн хууль болон Гэрээр хүүхэд асрах хуулиудыг баталлаа. Гэтэл манайх яаж байна. Эндээс ямар дүгнэлт хийж байна вэ гэвэл манай улс гэр бүлийн хөгжлийг эдийн засгийн хөгжилтэйгээ уялдуулж, холбож өгөх хэрэгтэй байна.

Сүүлийн жилүүдэд Монгол эрчүүдийн нийгэмд болон гэр бүлийнхээ амьдралд эзлэх байр суурь дордсон гэж их ярих боллоо. Гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар байр суурьтай оролцох ёстой юм бэ?

1990-ээд оноос эхэлж Монгол эрчүүд архичин, ажилгүй, арчаагүй гэдэг ойлголт бий болсон. Нэг хэсэг энэ муу ажилгүй, архичин юм чинь би суухгүй гэдэг яриа эмэгтэйчүүдийн дунд газар авч байлаа. Тэгвэл өнөөгийн эрчүүд өөр болсон байна. Амьдрал ахуйгаа авч явдаг, ухаалаг, чадварлаг залуус олон байгаа. Ялангуяа гэрлэх насны залуус өөрчлөгдөж байна. Хэнтэй хэзээ гэрлэхээ төлөвлөдөг, ханиа ямар шалгуураар сонгохоо ул суурьтай боддог болжээ. Гэтэл тэрний хажуугаар аав болсон мөртлөө хүүхдээ тэвэрч үзээгүй шахуу аавууд нэг бус байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хандлага их өөр болж. Гэрийн гадаахийг эр, доторхийг эм гэдэг хуучирсан ойлголт байхгүй болж, эрчүүд гэр бүлийнхээ дотоод асуудалд эмэгтэйчүүдтэйгээ адилхан оролцож байна. Эсрэгээрээ эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боллоо. Манайхны нэг хуучирсан ойлголт байдаг. Энэ муу миний хүүг авч суучихаад төмс ногоо арилгуулаад, гэрийн хар бор ажил хийлгээд гэж хэлдэг хадмууд олон байсан. Тэгвэл цаг үе өөр болж байна. Бие биенийхээ дутууг нөхөөд, харилцан биенээ хүндлээд эвтэй найртай амьдрах хэрэгтэй л гэж хэлье

Эхнэр, нөхрүүд гэр бүлийн уур амьсгалаа тааламжтай болгохын тулд нэн тэргүүнд яг юуг хийх ёстой юм бэ?

Гэр бүлийн харилцаанд үг их чухал. Бодлогогүй үг харилцааг сүйрүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Харилцааны суурь бол сэтгэл. Техник хөгжсөн энэ цаг үед хүн хоорондын харилцаа маш чухал шүү. Хамгийн гол нь сэтгэл. Сайхан сэтгэлтэй л явах хэрэгтэй. Тэгж байж эрүүл харилцаа оршино. Одоогийн залуучуудад энэ талаар хэлмээр л санагддаг. Хэлэхгүй бол яаж хүний үг сонсохгүйгээр хол явах юм бэ. Дунд сургуулийн хүүхдүүдийн харилцааг би судалж үзсэн. “Ална шүү” гэдэг үгийг дунд сургуулийн ахлах ангийнхан их хэрэглэж байна. Үүнийг хүүхэд хаанаас сурсан байх вэ гээд аав ээж, гэр бүлийнх нь харилцааг судлаад үзэхээр аав ээжүүд өөрсдөө энэ байтугай үгийг хэлж байна. Томчуудын харилцаа ингэж сөрөг тал руугаа орчихоод байхад хүүхдэд яаж нөлөөлөх нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс үг буюу харилцаан дээрээ л анхаарах хэрэгтэй. Харилцааны суурь бол сэтгэл гэдгийг дахин хэлье. Сөрөг үг хэллэгээс болж гэр бүлийн хүчирхийлэл их гарч байгаа шүү дээ. Нэг сайхан урам хайрласан үгийг хадмууд, хосууд бие биедээ хэлээд явж яагаад болдоггүй юм бэ

Гэр бүлээс гадуурх харилцаа ихсэхэд Солонгос кино их нөлөөлж байна

Гэр бүл салалт аюулын харанга дэлдэх болсон тухай судлаачид сануулж хэлдэг боллоо. Та энэ асуудалд мэдээж сэтгэл зовж явдаг байх?

Салж огт болохгүй биш, болно л доо. Сайн сайхан амьдарч чадахгүй, ойлголцохгүйгээсээ болоод салдаг. Гэхдээ ингэж хэлснээрээ салаад бай гэж байгаа юм биш шүү. Дэлхий дахинд хаа ч ялгаагүй салалт байдаг. Гол нь салалтыг өсгөмөөргүй л байна. Дахин хэлэхэд сэтгэл хэрэгтэй. Сэтгэл гаргаж хоорондоо сайн ойлголцдог байх хэрэгтэй. Тэгэхгүй нөхөр нь архи ууж ирээд, эхнэр нь үглээд “Чи яах гэж архи ууж байгаа юм. Юунаас болж уусан юм” гээд хэрэлдээд, хоорондоо ойлголцохгүй байвал гэр бүл салалтаар л өндөрлөнө шүү дээ. Монгол эр хүн хэзээ ч ийм асуултад хариулдаггүй л байхгүй юу. Тиймээс хоорондоо ухаалгаар ойлголцох хэрэгтэй гэж л зөвлөе. Дахин хэлэхэд салалт гадаадад ч, манайд ч ялгаагүй байна. Үүнийг өсгөмөөргүй байна.

Манай орны хувьд салалт нийслэл хотод илүү өндөр, хөдөө суманд бага байдаг гэж үнэн үү?

Нийгмийн хөгжил дэвшлээс шалтгаалаад хот суурин, хүн ам олноор төвлөрсөн, шилжилт хөдөлгөөн их явагддаг газар салалт илүү өндөр хувьтай байдаг нь үнэн шүү. Халдварт өвчин хүртэл тийм байдаг шүү дээ. Энэ бол мэдээжийн ойлгомжтой асуудал

Салалтаас гадна гэр бүлээс гадуурх харилцаа газар авлаа. Ялангуяа залуусын дунд түгээмэл болж. Энэ байх ёстой үзэгдэл үү?

Тийм ээ. Залуусын дунд их ажиглагдаж байна. Бидэнд судалгаа бий. Мянган оюутнаас санал авахад дийлэнх нь гэрлэхээс өмнө дотно харьцаанд ороход буруу байхгүй гэж хариулж байна. Үүнийг сургалт, сурталчилгааны туслалцаатайгаар л өөрчлөх боломжтой. Солонгос кино их нөлөөлж байна. Эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ нээлттэй, илэн далангүй ойлголцож чаддаггүй нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсэхэд их нөлөөлж байна. Тиймээс хоорондоо сайн ойлголцох хэрэгтэй

 Гэр бүлийн шинэ хууль батлагдсаны дараа салалт, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг сөрөг үзэгдэлд эерэг өөрчлөлт гарах болов уу?

Хуулиа баталчихаад та нар өөрсдөө мэдтүгэй гээд орхичихож болохгүй л дээ. Хойноос нь анхаарал тавьж, ард түмэндээ сайн сурталчилж, жигдрүүлэх хэрэгтэй. Ингэж чадах юм бол үр дүн гарах л ёстой. Монголын хууль гурав хоног гэдэг шиг орхичихож болохгүй л дээ. Янз бүрийн асуудал үүсч байгаа эх сурвалжуудыг төр засгаас сайн анхаарах хэрэгтэй

Гэр бүлийн харилцааг гадаадын судлаачид алган дээр тавьсан шилэн бөмбөлөгтэй зүйрлэжээ. Унагаах юм бол хялбархан хагарч орхидог шилэн бөмбөлөг гэсэн үг. Ийм эмзэг зүйл дээр тогтож байдаг гэр бүлийн харилцаагаа яаж нандигнан хайрлах ёстой талаар манай уншигчдад сургамжтай үг хэлээд ярилцлагаа өндөрлөх үү?

Манайхан бол шилэн бөмбөлөг гэхээсээ сармагчинтай илүү зүйрлэсэн байдаг юм. Сармагчин гэж ямар амьтан билээ. Нүд гүйцэхийн аргагүй хурдтай, үргэлж янз бүрийн зүйл санаж сэдэж, дэггүйтэж байдаг амьтан шүү дээ. Хүний сэтгэл яг сармагчин шиг байнга хувирч байдаг амьтан юм л даа. Гэтэл сэтгэл гэдэг чинь миний түрүүн хэлснээр харилцаатайгаа холбоотой зүйл. Үүнийг л их сайн анзаардаг байх хэрэгтэй. 

Өөрийнхөө сэтгэлийг хүн өөрөөсөө л мэдэрнэ. Би ямар зан араншинтай хүн бэ гэж өөрийгөө дүгнэж чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө ойлгоогүй байж хүнийг ойлгоно гэж байхгүй. Өөрийнхөөрөө зүтгээд байвал хүнтэй амжилттай харилцааг бий болгож чадахгүй. Тиймээс өөрийнхөө зан араншин, бүх сул болон давуу талаа сайтар судалж үзсэний үндсэн дээр гэр бүлтэйгээ харилц гэж зөвлөе. Би айлын хэд дэх хүүхэд билээ. Хүнтэй харилцахдаа ямар алдаа гаргадаг вэ. Согтохоороо яадаг вэ. Би худлаа хэлдэг бил үү. Шуналтай юу гээд өөрийгөө эхлээд судалж байж дараа нь хүнтэй харилцах хэрэгтэй юм. 

Бусдыг хүндэтгэ. Бие биенээ хүндэтгэж яв. Тэгвэл таныг хүндэтгэнэ. Дээр нь бусдад их тус болох хэрэгтэй. Монголчуудын эртнээс улбаатай нэг сайхан зан бол энэ шүү дээ. Бие биенээ дэмжээд аваад явдаг. Ядуу гэр бүлүүдээ чинээлэг гэр бүлүүд нь дэмждэг байж яагаад болохгүй гэж. Хариу нэхээгүй тус хийх хэрэгтэй шүү гэж л хэлье. Ийм байх юм бол Монгол гэр бүлүүд дорхноо сэргэнэ дээ. Тиймээс нийгмийн доод давхаргынхны амьдралыг сайжруулахад төр засаг гэлтгүй чинээлэг давхаргын иргэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тэр чинээлэг давхаргаа харин төр засаг нь бодлогоор дэмждэг байгаасай.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Цас орж шуурч байгаатай холбоотойгоор цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 27

0-5 насны хүүхдийн дараах багц үзлэг шинжилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 0-5 насны багцын... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 26

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   12 цагийн өмнө