2024/03/29. Баасан гараг Дугаар: #2962

СЭТГЭЛИЙН ДАРХЛАА

Б.Ууганцэцэг: Стресстэй эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хийлгэхдээ илүү уурладаг

— Ч. Баяржаргал   2021 оны 09 сарын 14

 "Сэтгэлийн дархлаа" энэ удаад "Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл зүй, эцэг эхчүүд хэрхэн харилцаж, хичээлийг нь үр дүнтэй хийлгэх"  талаар  “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн Гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй цөөн хором ярилцлаа.

Бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн онцлог, аливаа мэдээллийг хүлээж авах, суралцах байдал нь ямар байдаг вэ? 

Юуны өмнө эцэг, эхчүүд хүүхдийн нас зүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Сургуулийн өмнөх насны хүүхэд, сургуулийн насны хүүхдүүдийн хооронд хүмүүжлийн арга барилын ялгаа мэдээж гарна. Тиймээс хүүхдийнхээ насны онцлогийн тухай мэдэж байх хэрэгтэй. 

Бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэлийг тооцох чадамж сул, хэлсэн үгийг хурдан мартдаг, хөдөлгөөн ихтэй, эерэг, сөрөг, сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг учир аав ээжийнхээ тэвчээрийг барах тохиолдол бий. 

Тиймээс аав ээжүүд маань энэ онцлогуудыг мэдэж, ойлгож хүлээн авах нь чухал юм. 

Бага ангидаа хүүхэд ямар чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ? Суурь боловсролын тал дээр юуг чухалчилж үзэх вэ?

Сурч сурахын эхлэл нь сууж сурах явдал юм. Тиймээс хүүхдийг зөв суулгаж сургах нь хамгийн чухал. Сууж сурснаар анхаарал төвлөрөх болон тухайн зүйлээ ойлгож тогтоох боломжтой болдог. Хүүхдээ ширээн дээр суулгаж хичээл, даалгаврыг хийлгэхдээ дуу чимээ, анхаарал сарниах зүйлс, утаснаас хол байлгах нь зүйтэй.

Хүүхдийнхээ хичээлийг хийлгэх гэдэг эцэг эхчүүдийн хувьд хэцүүхэн даалгавар болдог. Ер нь хүүхдийнхээ хичээлийг хийлгэхэд сэтгэл зүйн талаас юуг анхаарах хэрэгтэй вэ? 

Хүүхдийн насны онцлогыг мэддэг байхаас гадна тухайн цаг үе орчны байдлыг мэдэрч хүүхэдтэйгээ харилцах нь зөв. Дээрх онцлогийг мэдээгүйгээс эцэг эхийн тэвчээр алдагдах байдал түгээмэл гардаг.

Сургуулийн бага насныханд даалгаврыг хийлгэхдээ тодорхой цаг гаргаж, дунд нь заавал 10 минутыг завсарлага авч байх нь чухал. 

Хүүхдийг тасралтгүй 2 цаг суулгаж даалгавар хийлгэнэ гэж тулгадаг жишээг ээж аав нар нэлээдгүй хэлдэг. Энэ нь буруу юм. Хүүхдийн сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтийг заавал харгалзан үзэх хэрэгтэй.

Хүүхдээ зодохгүй байя гэж хэчнээн хичээсэн ч заримдаа ганц тонших, чангахан шиг загнахгүй бол үнэндээ болохгүй байна гэж ярих эцэх эхчүүдийн яриаг нэлээдгүй сонссон. Эцэг эхчүүдийн өөрсдийн сэтгэл зүйн байдал хэр нөлөөтэй вэ? 

Хүүхдэдээ хүмүүжлийн буруу аргыг хэрэглэсэн буюу загнаж хатуурхаж тоншоод авсан үеэ та нэг эрэгцүүлээд бодоорой. Энэ үед та өөрөө тайван бус, уцаар цухал ихтэй байсан байдаг. Хүүхдийн буруугаас болж буруу арга хэрэглэдэг бус, та өөрөө тайван тогтортой байдлаа хадгалж стрессээ зөв тайлах хэрэгтэй гэсэн үг юм. Тиймээс томчууд өөрийн бухимдлаа зөв тайлж, уурласан үедээ аль болох өөрөө хурдан тайвшрах аргуудыг мэдэх нь чухал юм шүү.

Цар тахал, хөр хорионы нөхцөл байдал нэлээдгүй удаан үргэлжилж байна. Энэ хугацаанд хүүхдүүд цахимаар хичээллэж байгаа нь сурах чадварт хэрхэн нөлөөлж байгаа бол? Ямар нэг судалгаа бий юу? 

Судалгааг боловсролын яам түүний харьяа газрууд хийж байгаа гэж найдаж байна. Миний хувьд судалгааг үзэж хараагүй явна. Сошиал орчинд эцэг эхчүүд, хүүхдүүд бие болон сэтгэл зүйн хувьд их ядарч туйлдах, хичээлдээ дургүй болох, юм хүлээн авах тэнхээгүй байх, анхаарал төвлөрөхгүй байна гэсэн сэтгэгдлийг хэлж байгааг нэлээдгүй харсан. Тиймээс ийм байдал сурах үйл явцад мэдээж саад болох нь тодорхой. Өдрийн аль нэг тогтмол цагт зурагт үзэхгүй, утас харахгүй байх боломжийг олгох хэрэгтэй.

Танхимаар орох, цахим хэлбэрээр хичээл орохын ялгаа, хүүхдийн хүлээн авах байдлын талаар? Анхаарах зүйлсийн талаар та зөвлөгөө өгөөч? 

Мэдээж цахим сургалтын сайн болон сул талууд бий. Анги танхимдаа суугаад багшийн хэлсэн зүйлийг цаг хугацаа орон зайн ялгаагүйгээр авахаас өөр л дөө. Цахим сургалтыг илүү амьд, өнгө, дуу, дүрс, авиаг тухайн хүүхдийн насны онцлогт илүү тохируулсан байх нь зүйтэй гэж бодож байна. Мөн даалгаврыг ойлгомжтой товч байдлаар хэлэх, даалгаврыг нь сануулдаг байх, холбоос хийдэг байх нь чухал.

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаарх эцэг эхчүүдийн мэдээлэл сайжирсан боловч бодит байдал дээр хэрэгжүүлэх арга эв нь нэг л таарахгүй байх шиг харагддаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ? 

Та хүүхдэдээ ямар сайн сайхныг хүсдэг вэ гэдгээ ойлгож тодорхойлж бичээрэй. Тийм сайн сайхныг хүсэж байгаа үрээ хатуу үгээр загнаж зэмлэх, тоншоод авах нь хэр зэрэг зөв бэ? Энэ асуултаас л эерэг хүмүүжлийн арга эхлэдэг.

Ихэнх цагаа гэртээ хүүхдээ харж, хичээлийг нь хийлгэж өнгөрүүлж буй аав, ээжүүдийн хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх вэ?

Ээжүүд ялангуяа цаг наргүй байх нь буруу юм шүү. Хааяа ч гэсэн өөртөө амрах, амсхийх боломж гаргаж байгаарай. Энэ боломжийг гэр бүлийн бусад гишүүд бие биендээ олгож, харилцан нэгнээ ойлгох нь чухал. Та өөрөө тайван стрессгүй байснаар үр хүүхдэдээ эерэгээр нөлөөлөх боломжтой. Манай аавууд хүүхэд хүмүүжлийн арга дээр аль болох идэвхтэй, оролцоотой байж эхнэрээ өөртөө цаг гаргахад нь тусгайлан цаг гаргаарай гэж зөвлөе.

Хуваалцах



Тод тусгал

Холбоотой

Амархан ядарч, толгой өвдөн, нойр хямрах нь АРХАГ ЯДАРГАА-нд орсны шинж тэмдэг

Зонхилон тохиолдох сэтгэций эмгэгийн тархалтын судалгаа (СЭМҮТ 2019)-г 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэсжээ. Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 22

Тогтворгүй, хэт хөдөлгөөнтэй, бусадтай нийцэж найзалж чаддаггүй хүүхэд ADHD-тэй байж болзошгүй

ADHD сэтгэцийн эмгэгийн шалтгаан, илрэх шинж тэмдэг, оношилгоо, үр дүнтэй эмчилгээний аргууд, эрт илрүүлэхийн ач холбогдлын талаар "Mindfit" сэтгэл зүйн төвийн Хүүхдийн сэтгэл зүйч Д.Золжаргалтай ярилцлаа.ADHD нь ямар төрлийн өвчин... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   2024 оны 03 сарын 19

Санал болгох

Улсын хэмжээнд 1.3 сая хүн эрт илрүүлэх үзлэгт хамрагдаад байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 сарын 21-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.351.546 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 40 хувийг эзэлж байна.Үзлэгт... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   8 цагийн өмнө

И-Монголиад эмийн жор, шинжилгээний хариу зэрэг мэдээллийг бүрэн шилжүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн... Дэлгэрэнгүй

— Ч.Баяржаргал   10 цагийн өмнө